-ХӨГЖЛИЙН БАНКНААС ХАМГИЙН ИХ ЗЭЭЛ АВСАН НЬ Л.ЭНХ-АМГАЛАН ГИШҮҮНИЙ ХУВЬ ЭЗЭМШДЭГ КОМПАНИУД АЖ-
“Нэгэн тосгонд байнга хулгай гардаг болжээ. Хулгайд эд зүйлээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараа тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайчийг барих ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог болохыг анзаарч…”. Энэ үлгэрт хулгайч өөрөө “Хулгайчийг бариарай” гэж иргэдийг уриалчихаад мөрөө буруулчихдаг байсан талаар өгүүлдэг. “Хөгжлийн банк”-ийг тойрсон элдэв мэдэгдэл, мэдээллийг харж байхад энэ үлгэр санаанд буух юм. Хэн нь “хулгайч” болохыг орчин үед хуулийн байгууллага аяндаа тогтоох буй за. Харин татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлэн төлөх “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад улстөрчид түлхүү оролцсон болох нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлаас харагдлаа.
Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан. УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан уг ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Бямбацогт нар багтсан. Ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаа, бондын зарцуулалттай танилцсан дүгнэлтээ танилцуулалгүй хэд, хэдэн удаа хойшлуулсан. Энэ нь “Нууц дүгнэлт гаргасан”, “Дүгнэлтээ нууцалсан” гэх мэт хардлагыг төрүүлж байсан. Тэгтэл ажлын хэсгийн ахлагч өнгөрсөн долоо хоногт өнөөх дүгнэлтээ танилцуулж шалгалтаар илэрсэн зөрчил гэх мэдээллийг олон нийтэд зарласныг бид өмнө нь мэдээлсэн. МАН-ынхны “Морин цаг”-т хийсэн Хөгжлийн банкны талаарх мэдээлэл сөрөг хүчний зүгээс сонгуулийн өмнөх том пиар болох шинжтэй. Харин АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд дүгнэлтэд гарын үсэг зурахгүй байгаа гэнэ лээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Үнэндээ хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгах бус Чингис бондын арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн төсөлд үнэлэлт өгч, холбогдох байнгын хороонд танилцуулах байсан. Гэтэл Хөгжлийн банкийг шалгаж буй мэт ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байна. Хөгжлийн банк улс төрөөс хараат бус байгууллага. Улс төрийн хүчин асуудлыг мушгин гуйвуулж байгаад харамсч байна” гэсэн байна.
МАН-ын гишүүдийн мэдээллийн дараа Хөгжлийн банк үнэхээр улс төрөөс хараат бус ажиллаж чадаж байгаа юм уу гэх хардлагыг төрүүлэхээр баримт цахим сайтуудаар тарлаа. Тодруулбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн ихэнх төсөл хөтөлбөрийн ард улстөрчид байгаа талаарх баримт хөвөрч байна. Хөгжлийн банкны шилэн данснаас бүх гүйлгээг иргэд олон нийт харж гайхаж байна. Бүр Хөгжлийн банкны олон хууль бус үйлдлийг илрүүлсэн гэх Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниуд хамгийн их санхүүжилт авсан нь анзаарагдав.
Өнөөх улс төрөөс хараат бус Хөгжлийн банк яаж ажиллаад байна вэ, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой гишүүд хаана, хэнд нөлөөлөөд байгаа хэрэг вэ.
Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан зарим компанийг гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулан хүргэе.
Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг компаниудад нийт 69 шахам тэрбум төгрөг олгожээ
УИХ-ын гишүүдийн 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эм Си Эс Монгол” ХХК-иас 58696 ширхэг хувьцаа эзэмшдэг. Тус компаниас 3.19 хувийн ногдол ашиг эзэмшдэг юм байна. Тэгвэл тус компанийн охин компани болох “Эм Си Эс интернэшнл” ХХК “Солонго” орон сууцны хорооллын гадна цахилгааны 110/35/10 кВ-ын “Цэвэрлэх” дэд станцын 10 кВ талын өргөтгөл, хоёр ком 10 кВ-ын хуваарилах байгууламж, 10 кВ-ын кабель шугам 19.5 км, 10/0.4 кВ-ын 2×630 кВА-ын 12 ХТП-ний зураг төсөл, барилга угсралтын ажилд Хөгжлийн банкнаас таван тэрбум 795 сая төгрөгийн санхүүжилт авчээ.
Мөн Тавантолгой-Гашуунсухайтын авто замын төсөл (“Энержи Ресурс” ХХК-аас зам шилжүүлэн авсны нөхөн төлбөр)-ийн 170.595 сая төгрөгийг шилжүүлжээ. Энэ мөнгө “Говийн зам” ХХК-д шилжсэн байдаг.
АСЕМ-д зориулсан бүтээн байгуулалт болох “АСЕМ Вилла” цогцолбор хотхонд зориулж Хөгжлийн банкнаас 60 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Скай Резорт” ХХК-д олгожээ. Уг компани нь Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “Эм Си Эс Монгол”-ийн охин компани. 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр оролцогч орнуудын төр засгийн тэргүүнүүдийн байрлах Асем Вилла хотхоны цахилгаан хангамжийн ажлыг MCSI хийж гүйцэтгэж байгаа аж.
“Эм Си Эс интернэшнл” –ийн гүйцэтгэсэн Залаат, Бага тэнгэр, Их тэнгэрийн ам, Хан-Уул, Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор баригдсан 110/35/10 кВ дэд станц, 110 кВ ЦДАШ-ын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажилд хоёр тэрбум 722 сая төгрөгийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгосон байна.
Энэ мэт “Эм Си Эс” группийн охин компаниуд Хөгжлийн банкнаас 68 тэрбум 687 сая төгрөгийн санхүүжилт авсан баримт байна. Энэ нь өнөөг хүртэл Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн их мөнгөн дүн аж.
Ж.Энхбаяр нарын гишүүдийн хувь эзэмшдэг компаниудыг Хөгжлийн банк санхүүжүүлсэн байдал
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Нью прогресс” ХХК-аас 25 хувийн ногдол ашиг авдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн 28 сая 521 мянга 837 ширхэг хувьцааг эзэмшдэг. Тэгвэл тус компани Хөгжлийн банкнаас хоёр тэрбум 783 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах “Буянт-Ухаа” 2×40 МВА 110-10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажилдаа ийм хэмжээний санхүүжилт авсан байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, Ё.Отгонбаяр нарын хувьцаа эзэмшдэг “Говь” ХХК 18 тэрбум болон 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Эхнийх нь “Голомт банкаар дамжуулан олгож буй таван салбарын төсөл” бол дараагийнх нь 888 төслөөс хоёр тэрбумаас дээш төгрөгийн санхүүжилттэй сүлжмэл, нэхмэл, оёмол, самнасан ноолуур ноосны төслийн хөрөнгө оруулалт аж.
Ж.Энхбаяр гишүүн 3515199.80 төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр “Дархан нэхий” ХХК-иас хувьцаа эзэмшдэг. “Дархан нэхий” ХХК нь Хөгжлийн банкнаас Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.
Тэдгээрээс гадна Б.Гарамгайбаатар гишүүний хувь эзэмшдэг “Монроуд” ХХК-ийн гурван төсөлд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгожээ.
Ашиг сонирхлын зөрчил биш гэх үү
Бизнес эрхлэгч, компаниуд Хөгжлийн банкнаас санхүүжилт авах нь хууль бус үйлдэл огт биш. Гэхдээ тэдгээр компаниас хувь эзэмшдэг улстөрчид Хөгжлийн банкны ямарваа нэгэн үйл ажиллагаанд оролцох нь хууль бус. Үүнийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Уг хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилготой.
Хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах учиртай. Гэтэл өөрийнх нь хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас их хэмжээний санхжүүжилт авсан байгааг ашиг сонирхлын зөрчил биш гэх үү. Ашиг сонирхлын зөрчил гаргахыг орчин цагт “Хулгайч хулгайчаа барих” гэчихэж болох талтай.