АНУ–аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт өнгөрсөн сарын 5-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьснаар үүрэгт ажлаа албан ёсоор эхлээд байгаа билээ. Тэрээр Төрийн департаментын олон нийттэй харилцах товчоонд ахлах зөвлөх, Зүүн Ази, Номхон далайн товчооны олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд захирал, Белград, Тайпэй дахь Америкийн хүрээлэн, Мумбай, Бээжин, Шанхай болон Брюссельд ажиллаж байв. Хатагтай З.Галт хамгийн сүүлд БНХАУ–ын Гуанжоу муж дахь АНУ–ын Ерөнхий консулын газарт тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 133 америк, 300 гаруй хятад ажилтнаас бүрдсэн багийг удирдаж байсан байна. Ирээд удаагүй байгаа ч монголчууд аль хэдийнэ тэдний хэллэгээр хатагтай Гаалт хэмээн дуудалгүй өөрсдийнхөөрөө Галт гэж дуудан өөриймсөх болсон билээ. Элчин сайд Женифер Зимдал Галт уржигдар Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй анх удаа нүүр тулан уулзаж, ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.
–Та элчин сайдын албаа хүлээн аваад удаагүй байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар, ямар чиглэлд ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Би Элчин сайдынхаа хувьд хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр хичээн ажиллах болно. Ингэхдээ олон зорилго тавьж ажиллаж байгаагаа үндсэн гурван бүлэгт хуваан үзэж болох юм. Нэгдүгээрт, эдийн засгийн харилцааг улам бүр нэмэгдүүлэхээр зорьж ажиллана. Үүний тулд Монгол Улсын Засгийн газартай ойр ажиллаж, хөрөнгө оруулалтыг сайжруулахад АНУ-ын компаниудтай тулж ажиллах юм. Мөн манай хоёр улсын хооронд жил гаруйн өмнө байгуулагдсан Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг ханган ажиллуулахад анхаарах болно. Энэ гэрээгээ хэрэгжүүлж эхэлснээр Монголд хөрөнгө оруулах Америкийн компаниудад зөв ойлголт, дохио болж очно гэж бодож байна. Би АНУ-ын компаниудыг Монголд хөрөнгө оруулахад нь уриалж ажиллах бодолтой байна. Ялангуяа хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Мянганы сорилын сангийн дараагийн гэрээг хэрэгжүүлж эхлүүлэхэд өөрийн зүгээс анхааран ажиллана. Монголын Засгийн газар, МСС нь хамтран компакт гэрээгээ боловсруулах шатанд явж байна. Чухам аль, аль салбарт хөрөнгө оруулах хэрэгцээтэй байгаа талаар төлөвлөгөөгөө гаргаж, бидэнд тавихыг хүлээж байна.
Хоёрдугаарт, Монгол Улсын ардчилсан тогтолцоог улам бүр бэхжүүлэхэд, олон улсын тавцанд монголчуудын үзүүлж буй ардчилсан үзэл санааг түгээхэд дэмжин ажиллах болно. Батлан хамгаалах чиглэлд хамтран ажиллаж ирсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллана. Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бодитой үр дүнтэй ажиллаж ирсэн. Бид ч үүнийг нь өндрөөр үнэлдэг. Мөн Зүүн хойд Азидаа томоохонд тооцогддог энхийг сахиулах үйл ажиллагааны сургалт “Хааны эрэлд”-ийг Монгол Улс сүүлийн жилүүдэд амжилттай зохион байгуулж ирлээ. Мөн Монголын ардчиллыг улам бүр бэхжүүлэх дараагийн шинэ үеийн залуусыг, лидерүүдийг бий болгож төлөвшүүлэх тал дээр би анхааран ажиллахыг хүсч байгаа.
Мэдээж гурав дахь чиглэл маань хоёр орны иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх явдал. Ирэх жил Энхтайвны корпус Монголд үйл ажиллагаагаа эхэлсний 25 жилийн ой болох юм.
Манай Энхтайвны корпусын үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд томд тооцогддог. Одоогийн байдлаар Монголын аймаг бүрт манай 137 сайн дурын ажилтан англи хэл зааж, эрүүл мэнд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж байна. АНУ-д суралцаж, аялахаар виз хүсэгчдийн тоо жил бүр өсч байдаг. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд л энэ үзүүлэлт 17 хувиар өссөн.
–Монгол Улсын байнга төвийг сахиулах бодлого дээр ямар бодолтой байна вэ?
-Би байнга төвийг сахиулах бодлогын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нартай ярилцсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ бодлогыг тодорхойлох болсон шалтгаан, зорилгынхоо талаар надад дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд талархаж байна. Энэ бодлоготой холбоотой хуулийн төсөл УИХ дээр явж байгаа гэж ойлгож байгаа. Бид энэ чиглэлд цаашид харилцан ярилцаж, ойлголцохдоо нээлттэй байх болно.
–Та Монголд ирээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Манай хоёр орны бизнесийн түвшний харилцааг ямар байна гэж харав. Ил тод байдлын гэрээний хэрэгжилт бизнесийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
-Өнгөрсөн долоо хоногт болсон Америкийн бизнесийн тэнхимийн уулзалтад оролцож үг хэлэхдээ би “Өнөөдөр Монголд тулгараад буй бизнес, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бид тийм ч гэнэн бодолтой байгаа юм биш ээ” гэж хэлж байлаа. Гэхдээ би энд ирсэн хоёр сар гаруйн хугацаанд гэхэд АНУ-ын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхэлж байгаа хоёр ч компанийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Энэ нь Монголд байгаа нөхцөл байдлыг зөв үнэлж, нүдээ сайн нээгээд харвал боломжууд зөндөө байгаа гэдгийг харуулж байгаа юм. Манай яамны худалдаа, эдийн засгийн хэлтсийнхэн өдөр бүр АНУ руу холбогдож, бизнесийнхэнд Монголын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулж хамтран ажиллахад нь тусалдаг.
–Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улс бизнест нээлттэй орон гэдгийг хэлсэн. Энэ мессэжийг АНУ–ын компаниуд дуулсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Түрүүнд би намайг ирснээс хойш АНУ-ын хоёр компани нээлтээ хийсэн гэдгийг хэллээ. Америкийн худалдааны танхимаас “Америкийн өдрүүд” үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад тэнд оролцох хүсэлтэй америк компаниудын тоо нэмэгдэж, сонирхлоо олноор илэрхийлж байгаа нь анзаарагдсан гэдгийг хэлмээр байна.
–Саяхан Улаанбаатар хотын захирагч Э.Бат–Үүл БНАСАУ–д ажлын айлчлал хийсэн. Мөн урьд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очиж байсан. Монгол Улс БНАСАУ–тай ойр харилцаатай байдагт АНУ хэрхэн ханддаг вэ?
-Бусад ямар ч орны адил Монгол Улс өөрийн хөршүүдийнхээ хүрээлэлд оршин тогтнодог. Монгол Улс зэргэлдээ хөршүүдээсээ гадна бусад хөршүүдтэйгээ ч ойр дотно байдагт бид баяртай байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэхэд миний мэдэхээр сүүлийн цөөхөн хэдэн сарын хугацаанд БНХАУ-д гэхэд хоёр ч удаа айлчилсан. Ингэж хөрш орнуудтайгаа харилцан ойлголцолтой, эерэг дулаан уур амьсгалтай байх нь чухал юм.
–Монголчуудын хууль тогтоомжийн байдлын талаар та юу хэлэх вэ. АНУ–ын иргэн Жастин Каплаг баривчилж, шүүхээр ял ногдуулсан тухайд америкчууд ямар бодолтой явдаг вэ?
-Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах явдал бидний анхаарах нэн тэргүүний асуудал гэж боддог. Монголд хөрөнгө оруулах нь хэтэрхий эрсдэлтэй гэж ярих хөрөнгө оруулагчид байдаг. Би Америкийн бизнесийн танхимынханд Монгол Улсын хилээр гадаадын иргэнийг гарахад нь тавьдаг хориг арга хэмжээн дээр анхаарч ажиллахыг хүсч саналаа тавьсан. Гадаадын иргэнийг хилээр буцаж гарахыг нь хориглож байсан явдлууд бий.
–Энд ирэхээс өмнөх Монголын тухай таны төсөөлөл бодит байдлаас нэлээд өөр байсан талаар та нэгэн уулзалт дээр дурдаж байсан. Чухам юу ингэтэл өөр байсан юм бэ?
– Би АНУ-ын Колорадогоос гаралтай хүн. Монголд ирээд сайхан санагдсан зүйл нь би яг төрөлх нутагтаа байгаа юм шиг санагдаж байгаа. Жилийн бараг 300 гаруй хоног нарлаг байдаг нь адилхан санагдаж байна. Харин Монголын тухай ирэхээсээ өмнө огт бодож төсөөлж байгаагүй. Ирээд харин надад гүн сэтгэгдэл төрүүлсэн хоёр зүйл байгаа юм. Монголын нийгэм, монгол хүмүүс ерөнхийдөө маш өөдрөг юм. Төр засгийн албан тушаалтнууд, хувийн хэвшлийнхэн ч тэр, та нарын үеийн сайхан залуус ч тэр. Энэ нь Монгол орны гэрэлтэй сайхан ирээдүйд, манай хоёр орны хамтын ажиллагаанд ч сайнаар нөлөөлнө гэдэгт би эргэлзэхгүй байна.
Өөр нэг зүйл нь Монгол Улс АНУ-тай хамтран ажиллах эрмэлзэл зорилго дүүрэн байгаа нь надад мэдрэгдсэн. Маш халуун дулаанаар угтан авч, хамтран ажиллахдаа бэлэн байгаа нь миний ажлыг ч ихээр хөнгөвчилнө гэсэн үг л дээ.
–Монголчууд бүс нутагтаа ардчилсан цөөхөн орны нэг гэж онцолдог. Сүүлийн үед монголчууд бид ардчилал маань буруу замаар яваад байна гэж шүүмжлэн ярих боллоо. Мьянмарын ардчиллын удирдагч Ан Сан Су Чи Монголд ирэхдээ “Дүр эсгэсэн ардчилал илүү аюултай” гэж хэлж байсныг иш татаж шүүмжлэх хүмүүс ч их болсон. Та бол ардчиллын орон гэгддэг АНУ–аас ирсэн. Гаднаас нь манай улсыг харахад юу гэж бодогдож байна вэ?
-Америкчууд өөрсдийгөө илүү төгс төгөлдөр ард түмэн байх сан гэж ярилцдаг. Энэ нь илүү сайн сайханд тэмүүлсэн сэтгэл байхаас гадна нөгөө талдаа дутуу байна шүү гэсэн агуулгыг хадгалдаг. Ийм Америкийг бий болгохоор тухайн үед манай шилдэг хүмүүс эрслэн босож, улсаа үндэслэж байсан шиг Монголын залуу лидерүүд одоогоос 25 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийсэн. Маш зоригтой, чухал шийдвэрийг нь АНУ-ын зүгээс бишрэн хүндэтгэж, дэмжин хүлээж авсан. Өнгөрсөн 25 жилийн турш бид Монгол Улсыг дэмжин ажиллаж ирсэн шигээ цаашид ч ардчиллыг хөгжүүлэн өргөжүүлэхэд хөхиүлэн дэмжиж ажиллана. Манай улс ардчиллын 239 жилийн туршлагатай хэдий ч одоо ч засч сайжруулах зүйлс зөндөө. Ардчиллыг тогтоож бэхжүүлнэ гэдэг үнэндээ маш хүнд хөдөлмөр. Тун замбараагүй, тогтворгүй зүйлийг бэхжүүлнэ гэдэг их зүтгэл, хөдөлмөрийг шаарддаг. Танайхан сонгууль дөхөөд ирэхээр бүх зүйл замбараагүй болдог талаар ярьж байсан л даа. Манайд ч ялгаагүй. Ирэх жил сонгууль болно. Бас л нэг тийм бужигнаантай, хөл толгой нь мэдэгдэхгүй юм болдог. Ардчилал ийм л байдаг. Ийм замаар явдаг. Та асуултдаа ардчиллыг дүр эсгэсэн болж байна гэж шүүмжилдэг гэлээ. Тэгэхээр хүмүүс шүүмжилж чадаж байна гэдэг чинь, засгийн газраа, төрийн удирдлагуудаа шүүмжилж байна гэдэг чинь ардчилал байгаагийн эхний баталгаа шүү дээ. Америкчууд ч ардчиллаа өдөр бүр, хоногийн 24 цагт шүүмжилж байдаг юм. Үүнийг бид ардчиллаа улам бүр сайжруулах боломж гэж хардаг даа.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН