Төр,
нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100
жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар гишүүд
санал нэгтэйгээр дэмжив. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн “Юмжаагийн
Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим
арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, энэ оны 7 дугаар сарын
2-нд УИХ-д өргөн барьсан. Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн
Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан
түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь
мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу
үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх зорилгоор уг тогтоолын төслийг
боловсруулсан аж. Тогтоолын хүрээнд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах,
түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд
орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ. Гишүүд
Монголын нийгмийн хөгжлийн хагас зуун жилийн түүх энэ хүний ажил, амьдралтай
салшгүй холбоотой тул түүхэн үнэнийг бодитоор нь үнэлж цэгнэх, алдаа оноог
дэнсэлж нягтлах, залуу хойч үедээ сургамж болгох үүднээс Ю.Цэдэнбал агсны нэр
төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, мэндэлсний нь 100 жилийн ойг өргөн
дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж байв. Гэхдээ эхлээд УИХ-аар
Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгасны дараа 100 жилийн ойг тэмдэглэх
асуудлыг Засгийн газар шийдэж, зохион байгуулах нь зөв гэж зарим гишүүд байр
суурь илэрхийлж байв. Мөн уг асуудалд улс төрийн өнгө аясгүйгээр хандах ёстой
гэдгийг онцолсон. Үүнээс гадна нэр төрийг сэргээгээд зогсохгүй үр хүүхдэд нь
тусламж өгөх, эрх баригчид, намын удирдлагууд нийт ард иргэдээсээ уучлал гуйх
ёстой гэлээ. Ингээд асуулт асууж, санал хэлсэний дараа хуралдаанд оролцсон 18
гишүүн 100 хувийн саналаар уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж
хэлэлцүүлэхийг дэмжив.