Энэ намар “Авто худалдааны цогцолбор”
ашиглалтад орсон ч авто худалдаачид тус төв рүү нүүхгүй гэж жагсаал цуглаан
хийж байсан. Маргааш ч мөн жагсахаар болсон байна. Өглөө 10.00 цагт нийслэлд
авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан Авто худалдааны
цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980
тоот захирамжийг эсэргүүцэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал
цуглаан зохион байгуулах юм байна. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг
эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн
эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа аж. Учир нь авто худалдаа эрхэлдэг 8000
иргэний зөвхөн нэг өрх нь л гэхэд 10-30 сая төгрөгийн арилжааны банкны зээлтэй.
Хамгийн багаар тооцоолон гаргасан энэхүү дүнг нэгтгэвэл 800,000,000,000
төгрөгийн нэгдсэн дүн гарчээ. Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр
зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа
эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид,
авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна
хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа
эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд хүртэл оролцох юм
байна.