Монгол Улс Антарктидад өөрийн гэсэн бааз байгуулан, судалгааны ажил эхлүүлэх гэж байгаа талаар Антарктид судлаач, Болгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Л.Дүгэржав өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголчууд 2015 оны зургадугаар сард Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж оржээ. Үүнээс өмнө Монгол Улсын судлаачид хуучнаар ЗХУ болон бусад улсын бүрэлдэхүүнд ордог, бие даасан судалгаа хийх эрхгүй байсан аж. Харин одоо Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж орсноор өөрийн гэсэн судалгааны баазтай, сэдэвтэй, тодорхой ажил хийх боломжтой болж байгаа юм байна. Түүнчлэн Антарктидад аялах квот Монголд жилдээ 1-2 л олддог байсан бол тус тоо нэмэгдэж байгаа аж. Антарктид судлалын Монголын баазын төсвийг 250 мянга орчим ам.доллар гэж тооцсон байна. Одоогоор 90 сая төгрөгт багтааж Испанийн баазын хуучин контейнерүүдийг худалдаж авч, тээвэрлэх ажил хийж байгаа гэнэ. 25 м2 талбай, таван хүн амьдрах орон зайг Антарктидад бий болгох зорилго тавиад ажиллаж байгаагаа Л.Дүгэржав сонирхуулж байлаа.
Тэрээр “Цэвэр усны нөөцийн 80 хувь энд мөс хэлбэрээр байдаг. Өнөөдөр цаг дулаарч, дулаарал явагдаж байна. Тэгвэл энэ цаг уурыг хөргөдөг, хамгийн том хөргөгч нь Антарктид. Энэ ч утгаараа олон улсын хийж буй судалгааны ажилд монголчууд ч оролцох ёстой. 1972 онд н.Цэрэндэлэг гуай анх ЗХУ-ын Антарктид судлалын багт орж явсан байдаг. Мөн 1982 онд н.Чулуунбат, 2007 онд н.Батболд нар явсан. 2008-2013 он хүртэл миний бие таван удаа явсан. Энэ үеэр Шар айраг хамтлагийн Г.Ганхүү аялагч, жуулчны журмаар очиж байсан. Үүнээс хойш н.Ганбаатар, н.Пүрэвдагва нар явсан. Антарктид судалгааны багийн найм дахь хүнээр энэ удаад н.Батмөнх доктор явах гэж байна. Антрактидын гэрээнд нэгдсэн 54 улс бий. Хамгийн сүүлд Казахстан нэгдэж орсон. Эдгээр улсаас 29 бааз Антарктидад байдаг. Яг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 19-20 орчим л болов уу. ОХУ гурван том баазтай, АНУ, Чили, Аргентин, Бразил, Европын холбоо, Япон гэх мэт тогтмол үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй бааз бий. Антарктид бол ертөнцийн хязгаар гэдэг утгаараа тэнд очих, аялах сонирхолтой хүн багагүй бий. Зөвхөн Япон улсаас л гэхэд Антарктидад аялах хүсэлтэй 600 мянган хүн бүртгүүлсэн тооцоо байдаг. Гэхдээ Антарктидад жилдээ 20 мянга орчим жуулчин онгоцоор эрэгт нь хүрдэг. Өөрөөр хэлбэл, хүссэн хүн бүр тэнд очоод байж чадахгүй. Жилдээ 20 мянган жуулчин л хүлээж авдаг” хэмээн ярив.