Автомашинтай иргэдийн хувьд өвлийн улирал ихээхэн хүндрэл дагуулдаг. Машинаа гадаа хонуулахаас эхлээд авто замын халтиргаа гулгаа гэх мэт асуудлууд жолоо барьдаг бүх хүний шүдний өвчин болдог билээ. Тиймээс жолоо барьдаг хэн бүхэнд зориулж өвлийн улиралд машинаа хэрхэн жолоодох, хөдөө замд ямар нэгэн байдлаар саатвал хэрхэх талаар бяцхаан зөвлөгөө өгье. Ер нь гулгаа, халтиргаатай замд тээврийн хэрэгсэл жолоодох нь тухайн жолоочоос ихээхэн ур чадвар, анхаарал болгоомж шаардана. Нэн түрүүн машины дугуй өвлийнх байх ёстой. Дугуйн хийг өвлийн хэмнэлд нийцүүл. Хийн даралтын талаарх мэдээлэл жолооч талын багананд байрладаг. Гэрэл болон урд шилээ байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Үзэгдэх орчин муу байвал аваар осолд өртөх эрсдэл өндөр болно. Нэгэнт хөдөлгөөнд оролцож эхэлсэн бол энгийн хурдаа тохируулж, урд явж буй машинаас ядаж гурав дахин хол зай барьж явууштай. Гулгахаас сэргийлж зөөлөн тоормослох хэрэгтэй. Тоормосоо огцом гишгэвэл машин шарваж осолд өртөх аюул дагуулна. Том оврын автомашиныг гүйцэж түрүүлэхээс татгалзаж байхад илүүдэхгүй. Учир нь тэдгээр машины жолооч нарын үзэгдэх орчин харьцангуй хязгаарлагдмал байдаг. Цаг агаарын нөхцөл хүнд байвал аваарын гэрлээ асааж явахыг зөвлөе. Бусад жолооч нар таныг харж байх хэрэгтэй шүү дээ. Харин хөдөө хээр ямар нэгэн байдлаар саатвал доорх зөвлөгөөг дагаарай. Машинаа 15-20 минут тутамд асааж байх хэрэгтэй. Цонхоо бага зэрэг онгойлгож, харин яндангийн ойролцоох цасыг байнга цэвэрлэж байх ёстой. Энэ нь таныг угаартахаас сэргийлнэ. Биеийн дулаанаа хадгалах хэрэгтэй тул үе үе хөдөлгөөн хийгээрэй. Архи согтууруулах ундаа уухаас татгалз. Харин архиар гар нүүрээ арчиж болно. Автомашинд зорчигчид бүгд зэрэг унтаж хэрхэвч болохгүй. Нэг нь заавал сэрүүн байх хэрэгтэй. За тэгээд аврах багийнхан олоход харьцангуй боломжийн газар саатсан бол машинаасаа гарч явах гээд хэрэггүй гэдгийг сануулъя. Бас шөнийн цагаар кабины дотор гэрлийг асаах нь холоос харагдахад нэн тустай шүү.
Я.БАЯРБААТАР