Туркийн Анталия хотод энэ сарын 15-16-нд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр барууны орнуудын удирдагчид уулзсан юм.
Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг хагас жилээр буюу ирэх оны долдугаар сар хүртэл сунгахаар энэхүү уулзалтын үеэр тохиролцсон хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.
Туркэд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд Сирийн сөрөг хүчнийг дэмжихэд бэлэн буйгаа илэрхийлсэн.
Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Путинтэй хамтран ажиллахад бэлэн гэсэн юм. ОХУ болон барууны эрх баригчид Сирийн иргэний дайныг зогсоох, босогчидтой хамтран тэмцэхийн тулд Украины хямралаас үүдэн муудсан харилцаагаа сэргээх анхны шинж тэмдэг байсан гэж барууны хэвлэлүүд онцолж байв. Гэвч энэ нь хориг арга хэмжээг цуцлахад нөлөөлсөнгүй.
“Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон богино хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон болон Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус уулзан дээрх асуудлыг хэлэлцсэн байна.