Өвлийн улиралд бид хүссэнээрээ гоёж, гангарч чаддаггүй. Учир нь дулаахан өвөлжих нь чухал. Энэ нь наад зах нь эрүүл мэндийн асуудалд хамаатай юм. Гэхдээ энэ ойлголтыг зөвхөн та л няцааж чадна. Яагаад гэвэл өвлийн улиралд хувцсаа тохируулаад донжийг нь олоод өмсчих юм бол таны загварын чиг хандлага тодорхойлогдох бүрэн боломжтой. Ямартай ч энэ өвөл ямар загварын гутал, хувцас моданд орж байгааг сонирхохоор нэлээд хэдэн дэлгүүрээр орлоо. “Баянзүрх”, “Sunday”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдээр ч орсон юм. Тус төвүүдийн гутал, гадуур хувцасны лангуунууд үйлчлүүлэгч ихтэй байлаа.
Тимберланд загварын гутал
Харин гутлын тухайд арай өргөн сонголттой. Гэхдээ илүү эрэлттэй байгаа загвар бол тимберланд, колумбиа фермийн гутлууд. Охид, хөвгүүд гэлтгүй урт загварын куртка дээрээ богино түрийтэй ботинк өмсөхөөр сонголт хийдэг байна. Дээрх төвүүдэд дуураймал загварын гутлууд байх бөгөөд 50 мянган төгрөгөөс дээш үнэтэй юм байна. Дунджаар эрэгтэй гутал 50-220 мянган төгрөгийн үнэтэй бол эмэгтэй гутал 35-180 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин томоохон их дэлгүүрүүдээс тимберланд, колумбиа зэрэг трэнд болж буй брэндүүдийн оргиналийг худалдаж авах боломжтой. Ингэхдээ 320 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Мөн сайн чанарын арьсан гутал үйлдвэрлэгдсэн улс, фермээсээ шалтгаалаад дунджаар 450 мянган төгрөгийн үнэтэй байна. Бүсгүйчүүдийн хувьд зөвхөн богино түрийтэй гэлтгүй өсгийтэй, өндөрлөгөөтэй урт, богино түрийтэй гутал мөн моданд орж байгаа гэнэ. Гол нь илгэн материалтай. Ийм төрлийн гутал 40-80 мянган төгрөгийн үнэтэй.
Хэзээ ч моданаас гарахгүй годон
Цаа бугын арьсаар хийсэн үслэг гутал хөлд хамгийн дулаахан гэж ярих нь бий. Ямартай ч энэ өвөл цаа бугын үсээр хийсээр годон гутал моданаас гарахгүй нь. Аль хэдийнэ хэрэглэгчид нь өмсөөд эхэлчихэж. Оросын Сибирийн цаа бугын годон гутал том хүнийх нь 550-650 мянган төгрөгийн үнэтэй аж. Хүүхдийн годон гутал 200-250 мянган төгрөгийн үнэтэй. Ер нь дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй годон гутлууд дунджаар 500 мянган төгрөгийн үнэтэй. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэдэг “Хөөндий” брэндийн адууны арьсан гутал том хүнийх нь 350 мянган төгрөгийн үнэтэй бол хүүхдийнх нь 80-170 мянган төгрөг гэж байна. Бойтогон загварын UGG гутлууд бас трэнд болно. Гэхдээ шагайгаар мөчидхөн татсан түрийтэй загварын бойтогон гутал илүү эрэлттэй байх болно. Оргиналь UGG 280 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин урдаас оруулж ирж буй дуураймал бойтогнууд 25-60 мянган төгрөгийн үнэтэй.
Сул загварын сөдөн куртка
Энэ өвлийн залуусын сонголт сул загварын сөдөн куртка. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй. Хамгийн гол нь өвдөгнөөс доогуур татах урттай байх нь чухал. Түүнчлэн хөлийн шагайгаар татсан урт загварын куртка ч эрэлттэй байгаа талаар худалдагч нар ярьж байсан. Загвар хийцийн тухайд эрэгтэй, эмэгтэй аль нь өмсч болохоор. Ямар нэг бүс, товчгүй хэрнээ бие хэт барихгүй, сул, томдсон загвартай байвал залуусын сэтгэлд нийцэх юм байна. Хавж оёсон хөвөнтэй, өдөн куртканууд хувцас загварт эргэн иржээ. Малгайтай, малгайгүй, хиймэл захтай, туулайн үсэн захтай гээд материалынхаа чанараас хамаараад 45-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь урт богино куртка дунджаар 70 мянган төгрөгийн үнэтэй байсан. Ихэвчлэн Солонгос болон Хятадаас оруулж ирсэн куртка. Харин “Улаанбаатар их дэлгүүр”, “Улсын их дэлгүүр”, “Москва” зэрэг их дэлгүүрүүдэд үнийн хувьд ч чанарын хувьд ч харьцангуй өөр. Брэндээсээ хамаараад 300 мянган төгрөгнөөс дээш үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Малгай ороолтны сонголт хамгаас чухал
Өвлийн улиралд өөрийн донж маягаа тодорхойлох арга бол малгай ороолт. Аль болох тод өнгийн загварлаг малгай ороолт сонговол таны өмссөн гадуур хувцсыг илүү тодотгох болно. Яагаад гэвэл хүмүүс өвөл ихэвчлэн бараан өнгийн гадуур хувцас сонгодог. Яагаад гэвэл олон зүйл давхарлан өмсөх үед туранхай харагдана гэж үздэг. Тиймээс ядаж малгай ороолт тань тод, өнгөлөг байх ёстой. Энэ жил улбар шар, шар ногоон болоод үзмэн ягаан өнгө ороолт малгайнд давамгайлна. Худалдан авагчдын сонголтоос харж байхад дотоодын үйлдвэрийн ноолууран болон хонины ноосоор хийсэн малгай ороолтыг илүүд чухалчилдаг болж. Ийм төрлийн материалаар хийсэн малгай ороолт хосоороо дунджаар 80 мянган төгрөг бол дан малгай нь 40 мянган төгрөгийн үнэтэй байна.