Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Урлаг, спортынхны амжилтын үндэс нь мөнгө шүү

Манай чөлөөт бөхийн тамирчид сүүлийн үед хийморьтой сайхан байна аа. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд АНУ-ын Лас Вегас хотноо болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дэлхийн хошой аваргатай, түүн дээр гурван мөнгө, нэг хүрэл медальтай ирцгээсэн билээ. Үүнийг чөлөөт бөхийн түүхэн дэх амжилтын цоо шинэ хуудсыг эхлүүлсэн бахдам үйл явдал хэмээн тодорхойлж байгаа юм. Лас Вегасын дэвжээнээ 120 гаруй орны 450 гаруй тамирчин хүчээ сориход Монголын эмэгтэй баг гуравт, эрэгтэй баг дөрөвт орсон нь яах аргагүй ойрын жилүүдэд дуулдаагүй том амжилт. Эндээс манай тамирчид ирэх оны дэлхийн цомд өрсөлдөхөөр болж, Бразилийн олимпод найман бөх барилдах эрхээ авсан. Тэдний энэ хичээл зүтгэлийг “Чөлөөт бөхийн алтан үе эргэж ирлээ” гэж онцлон тэмдэглэж буй. Цаашид үүнээс ч их амжилт гаргана гэдэгт итгэл хүлээлгэж, найдлага тавьж байгаа. Гэвч чөлөөтийнхөн ийм мундаг амжилтынхаа үндсийг буруу тайлбарлаад байх юм даа.

Чөлөөт бөхийнхөн АНУ-аас өвөртөлж ирсэн амжилтынхаа үүцийг “Буянт-Ухаа” дээрээс ард түмэнтэйгээ хуваалцахдаа л “Эрэгтэй тамирчдын гаргасан амжилт Монголын чөлөөт бөхийн холбоотой ямар ч хамааралгүй” гэж мэдэгдэнэ лээ. “Тус холбооны удирдлагад байдаг Асашёорюү Д.Дагвадорж, түүний ах УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат нар бидний энэ бүх амжилтад хүрсэн явдалд огт хамаагүй. Зөвхөн бидний хичээл зүтгэлийн гавьяа. Мөнгө төгрөгтэй хүмүүсийн гавьяа гэж юу байдаг юм. Хүч чадлаараа энэ амжилтад хүрлээ” гэсэн агуулгатай ярилцлагыг ч дасгалжуулагч нь хүртэл хэвлэлд өгсөн байсан. Уг нь эдний ингэж цойлсон нь дээрх үндэсний томоохон бизнесмэнүүдийн гавьяа баймаар юм. Монголын чөлөөт бөхийн холбоог “Гацуурт” компанийн эзэн Л.Чинбат даргалдаг байв. Гэвч чөлөөтийнхний увайгүй мэдэгдлээс болж тэрбээр энэ холбоог орхиход хүрсэн тухайгаа зарласан. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгчээр томоохон ивээн тэтгэгчээ алдсан тамирчдын өмнөөс харамсмаар. Бас тэдэнд гомдмоор шүү.

Сайн дасгалжуулагч сайн бөх төрүүлдэг байх л даа. Учир нь сайн дасгалжуулагч гэдэг бол сайн туршлага байдаг. Тэр хүн өөрийн туулж ирсэн, мэдэж хуримтлуулснаа шинэ залуу бөхчүүдэд зааж зөвлөдөг нь ойлгомжтой. Тамирчны сэтгэл санааны байдлаас авахуулаад бие бялдраа хэрхэн хөгжүүлж, ямар мэхийг хэдийд яаж хийх гэхчилэн сургаж байж сайн бөх төрүүлэх биз. Тамирчдын хэлдгээр мундаг бөх болохын тулд материал чухлын хувьд чухал. Тэгвэл сайн материал Монголд зөндөө. Манай эрчүүд бүгд л сайхан зодоглочихдог. Гагцхүү уйгагүй удаан хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн нь бөх хэмээх нэр хүртдэг.

Сайн материал, сайн туршлага нийлээд амжилтад хүрдэг юм байна. Харин хаана амжилт гаргах вэ гэдэг асуулт эндээс ургана. Чадварлаг туршлага, материал хоёр хуруу дарам цөөхөн хүн амтай суманд таарсан бол тэндээ л амжилт гаргана. Сумаасаа цааш аймаг руу явж чадахгүй. Хэрэв энэ хоёр Улаанбаатарт учирвал Хөх хот ч орж дийлэхгүй. Учир нь тэдэнд мөнгө байхгүй бол хичнээн том мөрөөдөл тээгээд ч тэрэндээ хүрэхгүй. Гуравхан сая хүн амтай Монгол Улсыг дэлхийн том гүрнүүдтэй эрэмбэлүүлж чадсан тамирчдын амжилтын үндэс нь мөнгө юм. Хэрэв санхүүжүүлэгчгүй бол манай спортынхон гэлтгүй урлагийнхныг ч бас дэлхийд хэн ч мэдэхгүй. Даанч тэд дандаа мөнгийг гомдоох юм. “Би” баатар болцгоож, спонсороо үгүйсгэдэг. Үнэндээ мөнгөгүй бол тэдний авьяас билиг зах зээл дээр хаана хүрээд зогсох нь ойлгомжтой. Хэнд ч танигдахгүй, хэнд ч үнэлэгдэхгүй шүү дээ. Ер нь тэгээд ч мөнгөгүй бол хичнээн гайхамшигтай авьяас, чадал байгаад тодорч гарч ирж байсан тохиолдол бий бил үү.

Чөлөөт бөхийнхөн ад үзээд байдаг бизнесмэнүүдийн ачаар өдий зэрэгтэй явж байгаа нь тэдэнд зарцуулсан мөнгөн дүнгээс шууд харагдана. Өнөө жил чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй багт нийтдээ 700 сая төгрөг зориулжээ. Энд тамирчдад сар бүр өгдөг цалин, хувцас хунар, хоол хүнс цөм багтана. Хэрэв тэд спонсоргүй бол гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцож чадах нь юу л бол. Онгоцны тийз, очоод байрлах зочид буудал, бэлтгэлийн зардал зэргийн мөнгийг хэн төлөх болж байна вэ.

Тамирчдын амжилт хямдхан олдоогүй гэдэг. Нэг тамирчныг гаргаж ирэхэд хүч, хөлс гаргасан энэ олон ивээн тэтгэгчид, ард түмэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, тэд. “Миний ач гавьяа” гэж цээжээ дэлдэж байхын оронд ард түмний нэг хэсэг болсон бизнес эрхлэгчдийн хөрөнгөөр мандан бадарснаа мэддэг байх хэрэгтэй. Тиймээс төр засаг тамирчдын гавьяа шагналыг өндрөөр байлахдаа тэднийг үргэлж дэмждэг бизнесийнхнийг ч урамшуулдаг баймаарсан даа. Эсвэл “Улсын мөнгөөр дэлхийн тавцанд өрсөлдөж, амжилт гаргасан” гэж тамирчид боддог бол тэдэнд зарцуулдаг мөнгө түмэн олны татвар юм.

Тамирчдын гаргасан амжилт бол өөрийнх нь болоод өрөөл бусдын хөрөнгө хүч байдаг. Гэвч үүнийг мэддэггүй нь монголчуудын увайгүй зан гэлтэй. Тамирчид гэлтгүй урлагынхан ч амжилтынхаа үндэс болсон мөнгийг тоодоггүй мэт ярьцгаахыг яана. Тэгсэн атлаа цаагуураа өөрийнх эь амжилтыг хэн нэгэн хугасалж, шагнуулчихна гэхээс их л санаа нь зовдог бололтой харагддаг. Үнэндээ манай урлаг, спортынхны амжилтын үндэс нь мөнгө шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *