Categories
мэдээ нийгэм

Саажилттай хүүхдүүд цуглуулгаараа үзэсгэлэн гаргаж байна

“Өгөх нь авахаасаа илүү” уриатай Үндэсний өгөх өдөр маргааш болно. Энэ өдөрт зориулсан “Энэ бол би” Миний дуртай зүйлсийн үзэсгэлэн Занабазарын музейд өнөөдөр дэлгэгдлээ. Тус үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын саажилттай хүүхдүүд өөрсдийн цуглуулсан зүйлсээрээ оролцож байгаа бөгөөд үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Одонтуяа орон, орны хүүхэлдэйн цуглуулгаа дэлгэжээ.

Саажилтын улмаас гараараа зурах боломжгүй зөвхөн амаараа, хөлөөрөө зурсан уран зургууд, олон жил хичээж цуглуулсан машины болон түлхүүрийн оосруудын цуглуулга үзэсгэлэнд тавигджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай саажилттай хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргаж байна. Эдгээр хүүхдүүд надад хүсэлт тавьсны дагуу хамтдаа үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Энэ бол миний хоёр дахь удаагийн үзэсгэлэн. 2007 онд анхны үзэсгэлэнгээ гаргаад хандив цуглуулаад тархины саажилттай хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгч байсан. Энэ удаад хандив цуглуулаад тоног төхөөрөмж авч өгөх зорилго тавьсан. Оюутан байхаасаа эхэлж цуглуулсан 400 гаруй хүүхэлдэйн цуглуулгатай. Монголд хүүхдэд үзүүлэх юм их ховор байдаг юм байна. Хүүхдүүд эцэг, эхтэйгээ ирж их сонирхож байна” гэлээ.

Хүүхдүүд өөрсдийнхөө цуглуулгыг хүмүүст үзүүлж байгаад хандив цуглуулья гэдэг санааг гаргасан байна. Тус үзэсгэлэн Өндөр гэгээн Занабазарын музейд ирэх сарын 9 хүртэл гарах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *