ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨНДӨР НАСТАН Б.БАНЗРАГЧ
Монгол Улс 1930–1940 онд 20-иос дээш насны эрчүүдийнхээ 20 хувийг улс төрийн хилс хэргээр баривчлан яллаж, 15 хувийг буудан егүүтгэж “Дэлхийн рекорд” яргалал үйлдсэн. Тэгээд ч зогссонгүй 40000 өрхийнхөө бүх мал, эд хөрөнгө, гэр орныг нь хүртэл хурааж, ар гэрийнхнийг нь гудамжинд хөөж гаргасан. Бэлэвсэрсэн эхнэр, өнчирсөн хүүхдүүдийг нь эсэргүүнийхэн гэж адалж, ихэнхийг ажил, боловсролгүй болгож амьдралаар нь хохироосон. Ийнхүү хураасан хөрөнгөөрөө 1939 оноос эхлэн барилга барьж эхэлсэн билээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд ардчиллын ач буянаар цагаатгагдсан ч эцгээ төрд хилсээр цаазлуулсны, бүх насаараа бэлэвсэрч өнчирсний, хөрөнгөө хураалгаж хоосорсны хохирлоо хэнээс нэхэх вэ? Хамгийн бага тэтгэвэртэй, нэн ядуу, орон гэргүй болж, сэтгэл санаагаар хохирсны хохирлыг хэн ч барагдуулсангүй. Уг нь аль ч оронд нөхөн төлбөргүй цагаатгал гэж байдаггүй. 2000 оноос хойш эдийн засгийн хамгийн их өсөлттэй жилүүдэд ажиллаж байсан Ж.Бямбадорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулна, ар гэрт нь байр өгдөг болгоно” гэж 15 жилийн турш хэлмэгдэгсдийг хуурч горьдоов. 2012 онд Л.Цог хэлмэгдэгсдийн ар гэрт 70 сая төгрөг өгнө, төслийг нь энэ намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн нь бас л хоосон үг байв.
Харин одоо хохирогчдын өргөдлийн үндсэн дээр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны шинэ дарга О.Баасанхүү санаачилга гаргаж,1930-1940 онд төрд эцгээ хилсээр цаазлуулсан хохирогсдод сар бүр дор хаяж 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн хавар боловсруулсан. Энэ оны есдүгээр сарын 10-ны Хэлмэгдэгсдийн өдрөөр УИХ-ын гишүүн Л.Цог, З.Энхболд, Д.Арвин нар УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Гагцхүү энэ төслөө дахин удаагаад байлгүй хурдхан шиг батлуулаад мөнгийг нь 2016 оны улсын нэгдсэн төсөвт суулгуулчих юмсан. 80, 90 нас гарсан өндөр настнууд өвчин эмгэгтэй болоод дуусч байна.