Categories
мэдээ улс-төр

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг дагалдаж 202 хуульд өөрчлөлт оруулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав илтгэлдээ, өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудаас гадна Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хууль зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа нь эрх зүйн хэм хэмжэний давхардал, хийдэл, зөрчил бий болгохоос гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, хүний эрхийг журмаар хязгаарлах зэргээр Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж тодорхой хуульчлах зорилгоор Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ онцлов.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж, энэхүү ажиллагааны явцад хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Уг хуулийн төслөөр зөрчлийг гэмт хэргээс зааглан тодорхойлж, эдүгээ манай улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтнаас харьяалан шийдвэрлэх зөрчлийг тодорхойлон эрх хэмжээг нь зааглаж өгсөн. Иймд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг шинээр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар бус, салбарын хуулиар зохицуулагдаж байсан прокурор, тагнуулын болон онцгой байдлын асуудал эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг тусгаж өгсөн гэдгийг сайд илтгэлдээ дурдсан юм. Хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор 6 цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд харин согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол 7 хоног хүртэл хугацаагаар прокурорын хяналтын дор саатуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хуулийн төсөлтэй уялдуулан зөрчилд шийтгэл хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа нийт 202 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хууль хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Харин уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Тус байнгын хороо эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар Хууль зүйн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авлаа. Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, захиргааны журмаар авч буй арга хэмжээнүүд нэг стандартын бус, өөр өөр хуулиар зохицуулагдаж, эрх бүхий албан тушаалтнууд янз бүрийн шийдвэр гаргаж иргэдийг хохироож байгааг засах нь энэ хуулийн шинэчлэлийн гол зарчим. Иймээс зөрчил шалгахтай холбоотой хүний эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл, хэрэгжүүлэх журмыг нарийвчлан тогтоож, хяналтаас гадуур хүний эрхийг хязгаарлахыг хориглохоор зааж өгсөн. Мөн улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй байхаар зохицууллаа. Шүүхийн үйл ажиллагаа явагдах процессыг хөнгөвчилж өгч байгаа, гэхдээ ачаалал нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг хэллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан нар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 202 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжлээ. Иймээс уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *