Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна.
Энэ дагуу цаг алдалгүй тус аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг хуралдуулах зэрэг яаралтай арга хэмжээ авчээ.
Мөн Мал эмнэлэг, үржлийн газраас шаардлагатай 111,0 мянган тун шүлхийгээс сэргийлэх хос цэнэт вакцин, 100 хос халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, 30 килограмм ариутгал, халдваргүйтгэлийн бодисоор хангасан байна. Энэ сарын 15-ны байдлаар урьдчилан сэргийлэх тарилгад 20 өрхийн 34711 мал буюу нийт малын 42,1 хувийг хамруулжээ.