Монгол Улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Хэвлэлийн хурлын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Миний урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахам Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айчлал Монгол Улсад ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойн үеэр тохиж байна. ХБНГУ Монгол Улсын ардчилсан хувьсгалыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд үргэлж талархаж явдгаа илэрхийлмээр байна” хэмээн онцдлон тэмдэглэв.
Тэрбээр, Энэ долоо хоногт Монгол, Германы харилцааг өргөжүүлэх олон үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Монгол, Германы эдийн засгийн хорооны хуралдаан амжилттай болсон. Мөн Ашигт, малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дөрөвдүгээр хуралдаан болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Монгол, Германы Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалт болно.
Дөнгөж сая би эрхэм Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Энэ айлчлалын үеэр хоёр улсын Шинжлэх ухааны байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Мөн Германы талаас Монгол Улсын хувийн аж ахуйн нэгжүүдтэй зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ бол чухал хэлэлцээ болж байна. Тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах талаар хоёр улсын аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулж байгаа. Энэ бол маш чухал гэрээ.
Эрхэм Ерөнхийлөгч Иоахим Гаук Монголын Ерөнхий сайд болон бизнес эрхлэгчидтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Мөн Монгол Улсын анхны нийслэл Хархоринд зочлохоор төлөвлөсөн. Тус газарт хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор археологийн судалгаа, шинжилгээ явуулдаг. Мөн Монгол, Германы хамтарсан технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
Эрхэм Ерөнхийлөгчийг Монгол Улсад тавтай морилохыг урьж байна. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, Миний бие Монголд айлчлал хийж байгаадаа туйлын байртай байна. Сайхан сэтгэл гаргаж, зочломтгой хүлээж авсанд талархаж байна. Өнөө өглөө Монгол Улсын Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Уулзалт амжилттай болж өнгөрсөн.
Намайг 2012 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч болсны дараа миний анхны төрийн зочин бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан юм. Энэ оны гуравдугаар сард 2 дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах сайхан завшаан тохиосон. Үүний хариуд би Монгол Улсад өнөөдөр төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үр дүнд хоёр улсын найрамдалт харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна. Монгол, Герман улс найрамдалт харилцаанаас гадна үндэсний үнэт зүйлсээр холбогдсон ард түмэн гэж бодож байна. Тухайлбал, энэ жил хоёр Герман нэгдсэний 25 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улс тайван замаар ардчилсан нийгэмд шилжсэний 25 жилийн ой тохиож байгааг дурьдаж болно.
Монгол Улсад ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмрийг Герман улс ихээхэн өндрөөр үнэлдэг. Эрхэм Ерөнхийлөгч манай улсад маш өндөр нэр хүндтэй.
Монгол, Герман улс олон талт хамтын ажиллагаатай. Тэр дундаа соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг дурьдаж болно. Мөн харилцан айлчлал хийх, аялах хүмүүсийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн жил Монгол, Германы технологийн дээд сургууль байгуулагдсан. Энэ сургууль Монгол Улсад зайлшгүй шаардлагатай байгаа залуу мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Өнөөдөр би энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцана.
Манай хамтын ажиллагааны өөр чухал салбар бол соёлын салбар. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хамтарсан археологийн баг олон жил үйл ажиллагаа явууллаа. Маргааш миний бие Монголын хуучин нийслэл Хархоринд зочилж, археологчидтай уулзах болно.
Хоёр орны ард түмний ирээдүйг баталгаажуулахын тулд шинжлэх ухааны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь маш чухал. Тиймээс хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан. Зарим салбарт бид хамтын ажиллагаагаа өргжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд нийт худалдааны эргэлтийг өсгөх боломж их бий. Үүнийг хоёр улсын холбогдох албаны хүмүүс санаачилга гарган, судлах хэрэгтэй.
Намайг дагалдаж Германы томоохон бизнес эрхлэгчид явж байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид хуралдаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, гаргалгааг гаргана гэдэгт найдаж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чиглэлээр зарим гэрээнд гарын үсэг зурахаар ХБНГУ-ын Холбооны эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Матиас Махниг хүрэлцэн ирсэн.
Хоёр улсын төрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын оролцоог цохон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна. Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчин, Германы зэвсэгт хүчний баг хамтран ажиллаж байна.
Төгсгөлд нь хэлэхэд Герман улс Монгол Улсыг ихээхэн хүндэтгэж байгаагаа илэрхийлмээр байна. Монгол Улс хоёр хүчирхэг орны дунд байгаа хэрнээ нийгмийн өөр замналыг сонгосон. Тиймээс Монгол Улсыг хүндэтгэхгүй байхын аргагүй. Монголчууд эрх чөлөө, ардчилсан нийгмийг дээдэлж, тууштай хөгжиж байгаа нь биднээс өндөр үнэлгээ авсан юм. Монгол Улсын цаашдын замналд Герман улс үргэлж дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.
Хоёр орны Ерөнхийлөгч мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явуулаад 25 жил болж байна. Хоёр Герман нэгдээд мөн 25 жил боллоо. Тэгэхээр эрхэмсэг Ерөнхийлөгч Иоахим Гаук та манай хоёр улсад 25 жил хөгжиж буй ардчиллын үнэт зүйлсийг хэрхэн харж байна вэ?
-ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук: Социалист нийгмээр хөгжиж байсан орнууд ардчилалд шилжихдээ маш олон ээдрээтэй асуудлыг даван туулж байсан. Монгол улс 25 жилийн хугацаанд ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэж, ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж ирснийг өндрөөр үнэлдэг гэдгээ онцгойлон тэмдэглэмээр байна. Хөгжлийн шатанд авлигал, албан тушаалаа урвуулан ашиглах гэх хэрэг гардаг. Харин Монгол Улс энэ бүхнийг эсэргүүцэн, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж чадсан гэж дүгнэж байна. Шүүх, эрх мэдлийн салбарт итгэлцэл бий болгож, олон нийтийн улс төрийн оролцоо өндөр байгаагаас гадна хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хэрэгжүүлж чадсан. Одоо бусад орнуудад ардчилсан нийгмийг хөгжүүлэх туршлагаасаа хуваалцах хэмжээнд хүрсэн байна. Тиймээс би Монгол Улсыг ардчилсан нийгмийг илүү сайн хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улс түүхий эдийн асар их нөөцтэй. Танай хоёр хөрш ч мөн түүхий эдийн хэрэгцээ ихтэй. Тэр утгаараа гуравдагч хөрш оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гуравдагч орноос Монголд хөрөнгө оруулалт орж ирэх нь сайн гэж бид үздэг. Энэ бол манай үндэсний эрх ашигтай нийцсэн алхам юм гэдгийг тэмдэглэн хэлэх нь зөв. Герман улсаас аливаа хөрөнгө оруулалт авахад болгоомжлох зүйл байхгүй. Харин илүү их хөрөнгө оруулалт орж ирвэл сайн. Гуравдагч орноос хөрөнгө оруулалт орж ирэх нь хөрш улсуудаас хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг ч нэмэгдүүлнэ. Эрхэм Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон уулзалт болж байна. Манай хоёр орны хооронд хүний нөөц хангалттай бий. Өөрөөр хэлбэл, Германд боловсрол эзэмшсэн Монгол хүн олон. Энэ бол хоёр улс амжилттай хамтран ажиллах нэг түлхэц.