Categories
мэдээ улс-төр

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ.

Холбооны Ерөнхийлөгчийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав. Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, хоёр Герман Улс нэгдсэний 25 жилийн ой тохиож буй энэ онд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Одоо түүнийг угтан авах албан ёсны ажиллагаа Чингисийн талбайд болох гэж байна.

Төрийн айлчлалын үеэр Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Холбооны Ерөнхийлөгчид бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалынхаа хүрээнд Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Хархорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы Хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочлох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *