Categories
мэдээ нийгэм

Ажилгүй иргэдийн тоо эрс өсчээ

Үндэсний статистикийн хорооноос 2015 оны эхний есөн сарын байдлаар Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаар мэдээлэл хийлээ. 2015 оны ес дүгээр сарын эцэст 43.6 мянга болсны 24.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 31.1 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 мян.хүн буюу 8.3 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.7 мян. хүн буюу 2.2 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.4 хувь буюу 17.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 9 сард ажилгүй 87.0 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 17.6 мян. иргэн ажилд зуучлагдан орж, 75.3 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 14.1 мян.хүн буюу 19.4 хувиар өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 2.5 мян.хүн буюу 12.6 хувиар буурчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд өмнөх оны мөн үеийнхээс 13.6 мян.хүн буюу 22.1 хувиар өсчээ.

Төрөлт ихэсчээ

Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сард 60 мянга 514 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 60 мянга 849 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 796 буюу 1.3 хувь, хүүхдийн тоо 825 буюу 1.3 хувиар буурсан байна. Энэ оны 9 дүгээр сард 6642 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6 мянга 652 болж, амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 147 буюу 2.2 хувиар, хүүхдийн тоо 187 буюу 2.7 хувиар буурчээ. Нялхсын эндэгдэл энэ оны 9 дүгээр сард 102 болж, өмнөх сарынхаас 10 хүүхэд буюу 10.9 хувиар, 5 хүртэлх насандаа 123 хүүхэд эндэж, өмнөх сарынхаас 13 хүүхэд буюу 11.8 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг нэмэгджээ

Улсын хэмжээнд 2015 оны эхний 9 сард 20 мянга 976 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1203 хэрэг буюу 6.1 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1212), аж ахуйн эсрэг (244), гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн (230) хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Энэ оны 9 дүгээр сард 2367 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 112 хэрэг буюу 4.5 хувиар буурчээ. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 10 мянга 428 хэргийн 6296 буюу 60.4 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 3.1 пункт, нийслэлийн хэмжээнд 2.0 пунктээр өссөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 63 буюу 8.3 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 245 буюу 9.5 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 241 буюу 12.7 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 601 буюу 12.1 хувиар буурчээ.

Импорт буурсан үзүүлэлттэй байна

Энэ оны 9 дугээр сард экспорт 289.3 сая ам.доллар, импорт 309.9 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 149.4 сая ам.доллар буюу 34.1 хувиар, импорт 28.1 сая ам.доллар буюу 8.3 хувиар буурсан байна. Харин гадаад худалдааны тэнцэл 2015 оны 9 дүгээр сард 20.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 480.3 сая ам.доллар буюу 11.9 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 552.4 сая ам.долл, нэхмэл бүтээгдэхүүнийх 30.5 сая ам.доллар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 19.9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үнэт чулуу, металл, алтных 72.7 сая ам.долл, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 32.2 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 12.3 сая ам.доллараар өссөн байна. Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1165.9 сая ам.доллар буюу 29.0 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 371.7 сая ам.долл, авто, агаар, усан замын тээврийн эд ангийнх 218.9 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд ангийнх 195.4 сая ам доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 155.0 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт экспортын 87.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт, импортын 54.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *