Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алуурчныг өршөөнө гэж хөөрцөглөх хэрнээ авлигачдыг өршөөхгүй гэж зүхэхийн учир юу вэ?

УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гаригт Өршөөлийн хуулийг хэлэлцэхээр цуглацгаатал МАН-ынхан тав хоногийн завсарлага авчихлаа. Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэргүүдийг өршөөх заалтыг сөрөг хүчнийхэн эсэргүүцэцгээгээд сүйд. Ард түмнийг хохироох аймаар заалт, эгэл түмнийг минь ингэж доромжилж болохгүй гэцгээгээд өндөр дуугаар ярьж өгч байна. Өнгөц харахад үнэхээр эх оронч ч юм шиг, сонгогч олноо элэг зүрхнээсээ хайрладаг ч юм шиг. Эрхэм улстөрчдийн хэт сэтгэлийн хөөрөлд автсан энэ хандлагыг эрүүл саруулаар сэтгээд үзэхээр, бодит байдалд буулгаад харахаар авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөчихөд яадаг юм гэж адармаар оргиод болдоггүй.

Монголын улс төрийг барьцаанаас гаргая гэсэн л санаа шүү дээ. Албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэсэн эх оронч мэдэгдлийн цаана улс төрийн өрсөлдөгчөө намнах гэсэн хонзогнолоос өөр ямар ч эрхэм нандин, чин үнэн санаа байхгүйг бултаараа мэдэж байгаа. Хонзогнолоо ил шулуун хэлж чадахгүй, ард түмний төлөө гэсэн үгээр бамбай хийгээд байгаа нь л хамгийн муухай нь. Ийм эвгүй санаархлаа таны, миний, та бидний нэрийг барьж цайруулаад яваа нь ичмээр, увайгүй харагдаад байх юм.

Монголын гурав дахь Ерөнхийлөгчийг оройжин ноцолдож байгаад гутлыг нь өмсүүлэлгүй, оймстой хөлийг нь гозгонуулаад авч явсан. Ард түмэн харж л байсан. Тэглээ гээд өмөөрч босоод сүйд болоогүй. Арай ч дээ та нар, төр барьж байсан хүнээ ингэж ч мууг нь үзэж улайран авч явахдаа яахав дээ энэ тэр гэж шүүмжилж, лоозон барьж жагсаагүй. Тэгвэл энэ хүнийг, түүн шиг албан тушаал, авлигын гэсэн хэргээр буруутгагдсан нөхдийг өршөөлөө гээд ард түмэн босох уу. Өмнө нь яагаа ч үгүй шигээ ажлаа хийгээд, амьдралаа төвхнүүлээд цаашаа алхана. Н.Энхбаярыг өршөөчихвөл ард түмэн босоод сүйд болно гэж яриад байгаа нь үнэндээ ямар ч утгагүй логик. Дахиад хэлэхэд “ард түмэн сүйд болно” гэж яриад байгаа нөхөд зүгээр л улс төрийн өрсөлдөгчөө дарж авах гэсэн далд хонзогнолоо ард түмний нэр барьж далдалж байгаа хэрэг. Яг нарийндаа цагаан захтнуудыг өршөөлөө гээд хэн ч босч тэмцэж айлгахгүй. Н.Энхбаярыг өршөөнө гэхээр сүнс нь зайлчих гээд байхын оронд зүгээр л өршөөчихвөл яасан юм бэ. Далд, ил элдэв хонзонгоо мартаад зүгээр өршөөчихөд болохгүй юм юу байна. Ингэж өршөөж байж, хэн нэг нь ийм зоримог алхам хийж байж улс төрийн хонзон дуусна.

Эцсийн дүндээ улс төрийн хонзонгийн гол хохирогч нь МАН-ын нэрийг нь бариад байгаа ард түмэн л байдаг. Наад захын жишээ Таван толгойн төмөр зам байна. Таван толгойг хөдөлгөхгүй, төмөр зам бариулахгүй өчнөөн жил болж байгаагийн гол шалтгаан нь ердөө л улс төр. Улстөрчдийн далд тэмцэл. Төр барьж байгаа хүмүүсийн биенээ үгүйсгэж, юу ч үгүй, хэн ч биш болгох гэсэн хонзогнол. Өөр юу ч биш. Үр дүнд нь өнөөдөр монгол нүүрсний үнэ шалдаа буучихсан. Овоо хэдэн доллар чирээд ирдэг байсан нүүрсний компаниуд бултаараа хаалгаа барьчихаад сууж байна. Энэ компаниудад ажилладаг хүмүүс, тэдний ар гэрийнхэн өнөөдөр байрныхаа зээлийг төлж чадахгүй, амьжиргаагаа арайхийн залгуулж суугаа. Төсөвт нүүрснээс орж ирэх мөнгө сох дутчихаар төсвийн ажилтнууд цалингаа авч чадахгүйгээс эхлээд өчнөөн асуудал ургаад ирж байна. Харамсалтай нь хохирогч нь өөр зуураа өсөрхөн хонзогнох улстөрчид биш ард түмэн гэдгийг энэ мэт наад захын жишээгээр нотолчихож болно. Тэгэхээр Өршөөлийн хуульд орох гэж буй энэ өөрчлөлтийг баталж байж л улс төрийн ийм балагтай хонзогнолд цэг тавина. Тэгэхгүй бол ирэх жилүүдэд ч ялсан нь ялагдсанаа арчсаар байх болно.

Авлига, албан тушаалын хэрэгтэн гэж буруутгагдаад байгаа хэсэг бол цагаан захтнууд. Нийгмийн боловсрол мэдлэгтэй хэсэг. Тэд хүн хүчирхийлж, хүний аминд хүрч, жирийн иргэдийн эд хөрөнгөнд санаатайгаар халдаагүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэг яг нарийндаа гэмт хэрэг биш гэж адрах энэ мэт шалтгаан хангалттай бий. Төрийн юмыг хулгайлж хөрөнгөжих нь гэмт хэрэг биш гэх гээд байна л даа. Яахаараа гэмт хэрэг биш гэж хэмээн хөмсгөө гурвалжлуулах хэсэг мэдээж байгаа. Нэг жишээ хэлье. Төрийн өмчид халдсаных нь төлөө амь нас, эрх чөлөөг нь хохироодог жишээ хаана байгааг анзааръя. Хуучин социалист дэглэмтэй байсан, одоо ч тэр жамаараа яваа орнуудын нэр л дуулддаг. Авлигачид, албан тушаалтны гэмт хэрэгтнийг өршөөхгүй гээд хурал хаясан МАН-ын алхмыг хуучнаа санагалзсан хандлагын хүчтэй илрэл гээд дүгнэчихэд болохгүй юмгүй. Жамбалдоржийн хар хуулийн сүнсийг дуудах гээд байна уу, энэ хатуу хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь үү гэж болгоомжлохоос аргагүй хандлага МАН-аас харагдаад байна. Социалист өмч хөрөнгөнд халдсан этгээдийг цаазалсугай гэдэг хатуу, хэцүү ял Жамбалдоржийн гэх хуулиас улбаатайг уншигчид андахгүй.

Яг нарийндаа төрийн өмч гэж бараг байхгүй. Бараг ч гэж дээ, ер нь байхгүй. Төр гэж юу вэ, төрийн эрхийг хэн барьдаг вэ гэсэн асуултын хариу нь их товчхон. Төрийн эрхийг сонгуульд ялсан хэсэг нөхөд нийлээд барьдаг, тэгээд дараагийн сонгуулиар гарч ирсэн ямар нэгэн хүчинд эрхээ шилжүүлдэг. Ийм л эд. Ялсан хүчин нь төрийн гээд байгаа хөрөнгөний эзэн болдог. Ялагдахаараа өнөө айхтар хөрөнгө нь өөр нэгний мэдэлд шилждэг. Ямар нэгэн өмч эзэнтэй байх ёстой. Гэтэл төрийн өмчид цорын ганц эзэн гэж үгүй. Төрийн эрх барьсан хүчин нь тэр өмчийн эзэн болдог. Хэрхэн зарцуулахаа сонгуульд ялсан хүчний төр барьж байгаа хэд л мэддэг гэсэн үг. Эндээс төрийн өмч гэж байдаггүй, хэн нэг дарга, дарангуйлагч л энэ өмчийн эзэн гэсэн гаргалгааг төвөггүй хийчихэж болно. Тэгэхээр дараагийн сонгуулиар ялсан хүчин өмнө нь төрийн эрх атгаж байсан нөхөд рүү өмч идсэн, шамшигдуулсан гэж муухай харж, занаж хорсох нь утгагүй болчихож байгаа юм. Дахиад хэлье. Үнэн ийм байтал өөрийн хөрөнгө гэж андуураад төрийн өмчийг хулгайллаа гэж шүдээ хавираад байх нь яг үнэндээ муйхар тэнэг сэтгэлгээ.

Сүүлийн үед хүн алж хүрээ талсан нүгэлтнүүдийг өршөөхөө илүүд үзэж, цагаан захтнуудыг яагаад ч юм үзэж чадахаа больчихож. Үнэн хэрэгтээ Монголын төрийн албан хаагчдыг мохоох гэсэн, монгол төрийн түшээдийг хүчгүйдүүлэх гэсэн, урам зоригийг нь мохоох гэсэн, монгол төрийн төлөө гэсэн сэтгэлгүй болгох гэсэн явуулга их хийгдэж байна. Албан тушаалтан, цагаан захтнуудыг өршөөхгүй гэсэн үзэл санаа монгол төрийн түшээдийг мохоох гэсэн л арга, өөр ямар ч зорилго байхгүй.

Авлигачид, албан тушаалтныг өршөөхгүй гэсэн санаа нийгэмд шударга үнэний туйл, өөлөх юмгүй төгс сайхны хязгаар мэт харагдаж, үнэлэгдэж эхэлсэн нь сануулахаас аргагүй буруу хандлага. Үнэн хэрэгтээ цагаан захтнууд гэмт хэрэгтнүүд биш. Хүн алсан, хүч хэрэглэсэн, галдан шатаасан, танхайрсан хүмүүсийг гэмт хэрэгтэн гэдэг юм. Төрийн яг одоо өршөөх гээд байгаа энэ хүмүүсийн ар гэрийнхэн “Шорондоо тав хоноосой, нүднээс далд байгаасай” гэж залбирдаг. Гараад ирвэл ахиад л агсан согтуу тавьж, хүчирхийллээ эхлэх учраас тэр. Гэтэл цагаан захтныг өршөөлд хамруулах хачин дургүй байгаа МАН болон төрд байгаа хүмүүс эднийг өршөөхөө шударга байдал, өгөөмөр хандлага гэх нь хачин. Тэдний адлаад байгаа цагаан захтнууд шоронгоос гарч ирээд хүн алахгүй, хүрээ талахгүй. Ямар ч байсан олсон мөнгөөрөө ойр дотнын садан төрлийн хэдэн айлаа тэжээж тэтгээд, цөөн ч гэсэн монголчуудыг сайхан амьдралд хүргээд явна. Бодит байдал ийм атал төрийн өмч гэж хэний ч биш өмчийг бий болгоод, тэр өмчийг идсэн гэж улс төрийн хэн нэгэн дайснаа буруутгаж, хорьж, тамлаад байгаа нь буруугаас буруу, гажаас гаж сэтгэлгээ. Төрийн өмч идсэн албан тушаалтнаа Хятад, Орос цаазлаад байхад бид гэж ирээд хоолойгоо сааралтуулах улстөрчдийг нийгэм хачин гоёор хардаг. Үнэндээ төрийн өмч идсэн гэх хэргээр албан тушаалтнаа цаазлаад байгаа Хятадын шүүх чин шударгуудаа ингээгүй гэдгийг дэлхий мэднэ. Хятадын коммунист намын нэг фракц нөгөөгөө намнаж байгаа л хэрэг. Товчхондоо урд, хойд хөршид фракцуудын тэмцэл ийм аргаар хүчтэй өрнөж байна.

Орчин үеийн онолоор төр, нийгмийн өмч гэдэг эргэлзээтэй ойлголт гэж учир мэдэх улс яриад эхэлчихсэн. Тэгэхээр хэний ч биш өмчийг идсэн гэх хэрэг зохиож хүний эрх чөлөө, амь насанд халдах ёсгүй болж таарч байна. Бултах аргагүй нэг үнэн бий. Нийгэмд эвлэрлийг өршөөл л бий болгодог гэдэг үнэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *