Өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлттэй холбоотой асуудлын талаар болон О.Баасанхүү гишүүн түүнийг огцруулах төсөл өргөн барьсан асуудлын талаар мэдээлэл хийв. Тэрээр “О.Баасанхүү гишүүн бол өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут маргааш нь ийм асуудал болсон гэж тайлбарлаж байгаа. 2014 оны 12 дугаар сарын 08-ний өдөр иргэн П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр нар УИХ-ын тухай хуулийн 7,1,12 дугаар заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэдэг саналаа дэвшүүлсэн байгаа.
Ингээд 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн уг мэдээллийг хянаж үзээд маргаан хянан шийдвэрлүүлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан байгаа юм. Дараа нь 2015 оны гуравдугаар сарын 17-нд дээрх дөрвөн хүн дахиад Цэцийн гишүүний тогтоолыг зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлсэн. 2015 оны тавдугаар сарын 6-нд дээрх нэр бүхий иргэний гаргасан гомдлыг Үндсэн хуулийн цэцийн хурлаар шийдвэрлээд хэрэг үүсгэнэ гэж шийдсэн.
Ингээд 2015 оны тавдугаар сарын 21-нд УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас дунд суудлын хуралд УИХ-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Тэмүүжин гишүүийг томилсон байгаа юм. Зургаан сарын 30-нд энэ хүмүүсийн гаргасан мэдээлэлтэй холбогдуулаад ҮХЦ-ээс Ерөнхий сайдад энэ талаар тайлбар өгөөчээ гэсэн хүсэлт ирсэн. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдаас мэдээллийг нь хүргүүлсэн байгаа юм. Ингээд 2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр Дунд суудлын хуралдааныг 9 дүгээр сарын 9-нд хийнэ гээд албан ёсоор зарласан.
Өөрөөр хэлбэл Баасанхүү гишүүний хэлээд байгаа шиг нэг өдрийн өмнө өргөн барингуут маргааш нь болчихсон юм ерөөсөө биш. Энэ бол 2014 оны 12 дугаар сарын 8-наас 2015 оны 9 дүгээр сар хүртэл үргэлжилсэн Цэцийн маргаан байгаа юм” гэлээ.
“Хоёрдугаар асуудал нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад санал гаргаж ажлын хэсэг байгуулж Засгийн газрын 2015 оны 357 дугаар тогтоолд шалгалт явуулья Цэцэд мөнгө өгсөн юм шиг байна гэдэг асуудлыг ярьсан. Үүнийг О.Баасанхүү гишүү хэвлэл мэдээллийн хэрэгслээр Цэцэд авлига өгсөн байна гэдэг зүйл ярьсан. Энэ бол Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигтай холбоотой асуудал. 2015 оны зургадугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд санал авахаар Засгийн газарт ирүүлсэн. 2015 оны зургадугаар сарын 17-ны өдөр энэ зарлигийн төсөлд сайд нараас санал авах бичгийг хүргүүлсэн. Ингээд 2015 оны зургадугаар сарын 29-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд миний гарын үсэгтэй 30-ны өдөр саналыг хүргүүлсэн. 2015 оны наймдугаар сарын 28-ний өдөр Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ зарлиг дээр Ерөнхий сайд гарын үсэг зурдаг. Төсвийн асуудлыг мөн хавсаргасан байсан. 2015 оны есдүгээр сарын 2-ны өдөр сайд нараасаа санал аваад 2015 оны есдүгээр сарын 7-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ой 2017 оны нэгдүгээр сарын 23-нд болно. Арга хэмжээ нь хоёр жил дамжиж бэлтгэгдэнэ. Зарим арга хэмжээ нь 2015 ондоо, ихэнх арга хэмжээ нь 2016 онд санхүүжихээр байсан. Нийт дүнгээрээ 933 сая 960 мянган төгрөгний арга хэмжээг олон байгууллага хариуцаж хийхээр байгаа” гэлээ.
Түүнчлэн “Баасанхүү гишүүн МҮОНРТ, itoim.mn сайтад ярилцлагаа өгөхдөө би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад Цэцийн 25 жилийн ойд зориул гэж Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн гэж ярьж байгаа юм. Гэтэл есдүгээр сарын 6-ны өдөр амралтын өдөр байгаа. МУ-ын Их хурал нэг ч удаа ням гарагт хуулийн төсөл хүлээж авч байгаагүй. Гэтэл УИХ-ын хяналтын хуудсыг харахаад О.Баасанхүү 2015 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр өргөн барьсан байгаа юм. УИХ-ын гишүүн худлаа ярьж байна. Энэ гурван үйл явц хоорондоо холбоотой юм шиг харагдаад байгаа боловч тус тусдаа ажлаа хийж байгаа. О.Баасанхүү гишүүн ямар нэгэн зорилгоор хувь хүний нэр хүндийг гутаах зорилгоор өргөн барьсан. Эвсэл дотроо маш их зөрчил гарсан юм шиг байгаа юм. Би бол баримттай ярьж байна. Харин О.Баасанхүү ямар ч баримт гаргаж тавихгүй амаараа худлаа ярьж байна” гэв.
Мөн “Та О.Баасанхүү гишүүний гаргаж тавьсан огцруулах үндэслэлийн талаар ямар тайлбар хийх вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Нэгдүгээрт нь ёс зүйн асуудал тавьсан. Би ёс зүйн хариуцлагаа хүлээсэн. Монголын ард түмнээс уучлал гуйсан. Хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн байх юм бол хамгийн дээд тал нь гурван сарынхаа цалинг 20 хувиар хасуулдаг. Үүнтэй холбогдуулаад би төрийн өндөр албан тушаал хашиж байгаа учраас энэ албан тушаалаасаа огцорсон. Ийм хуулийн заалт байхгүй энэ саналыг гаргаж огцорч байсан. Өөрийнхөө тойргийн бүх сонгогчидтой уулзсан. Энэ байгаа асуудлаа ярьж хэлсэн. Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хүмүүийн тухай ярьсан байгаа. Өргөдлийн байнгын хороон дээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Үүнд хамаарагдаж байсан олон яамдын сайд нар, төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон. Тухайн албан тушаалтнуудтай хариуцлага тооцсон. Зарим нэг албан тушаалтнууд шүүхийн шийдвэрээр эргэж ажилдаа томилогдсон. ЗГХЭГ-тай холбоотой нэг ч асуудал байхгүй. Мөн ЗГ, УИХ-ыг холбож хийж байгаа ажлааа муу хийж байна гэдэг асуудал тавьсан байгаа. Харин Засгийн газар УИХ-тай харьцдаг харьцаагаа хуулийн дагуу ном журмаар нь хийж байгаа. Тийм учраас О.Баасанхүү гишүүний тавьж байгаа асуудлуудыг хүлээж авах үндэслэл байхгүй” гэлээ.