Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Түүний танилцуулснаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ийм байгаа аж. Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна гэв. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзжээ.
Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын (Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор) ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгуудын зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжихөөр байна. Оны эхний есөн сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85.0 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил аравдугаар сард хийгдэж дуусна.