Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн үйл ажиллагааг “Улаанбаатар смарт карт” ХХК дэмжин ажиллажээ. Уг компани Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийн сурталчилгааг 60 мянган автобусны картан дээр байршуулан хэвлүүлж, олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулсан байна. Мөн энэ өдөр цус сэлбэлтийн үндэсний төвд ирж цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй тараахаар болж, хүндэт болон эсийн доноруудад цэнэглэсэн картыг бэлэглэжээ. Хагас өдрийн байдлаар 120 гаруй хүн авлагагүй сайн дурын цусны донор болоод байгаа аж. Манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай.