БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
1984 оны наймдугаар сард Монголын удирдагч Цэдэнбалыг гэнэт бүх албан тушаалаас нь чөлөөлж Москвад үнэн хэрэгтээ гэрийн хорионд оруулсан юм. Энэ явдал Монголын ард түмэн байтугай тухайн цагийн нам төрийн бүх удирдлага, тэр байтугай Цэдэнбалын өөрийн нь хувьд л гэнэтийн явдал байсан болохоос үүнийг зохион байгуулагчдын хувьд жилийн турш бэлтгэгдсэн ажлын үр дүн байлаа.
Цэдэнбалыг чухам хэний санаачилгаар хэн зайлуулав хэмээн гуч гаруй жил маргалдаж энэ асуудлаар үй түмэн хардлага, эрэгцүүлэл, буруутгал, өширхөл, хараал зүхэл, гүтгэлэг, гуйвуулга гарчээ. Монголын талаас Моломжамц, Батмөнх, Намсрай, Содном нарыг голлон хардаж байсан бол хэргийн эзнээр Зөвлөлтийн талаас Горбачёв, КГБ-ийн удирдагч Чебриков, Кремлийн эмч Чазов, Монголд суух элчин сайд Павлов, КГБ-ын төлөөлөгч Радченко нарын нэр байнга дурдагдаж байв.
Нууц болон ил олон баримт нийтэд дэлгэгдэж, тодорхой гэрчүүд үгээ хэлж дууссан ерээд оны дунд үеэс л Цэдэнбалыг хэн ямар шалтгаанаар яагаад, хэрхэн зайлуулсан асуудал ойлгомжтой болсон юм. Шалтгаан нь зөвлөлтүүдийн өөрийнх нь тавьсан хүн шинэ нөхцөл байдалд таарахаа больсон учир тавиулаа татаж авахаас өөр аргагүй болсон, шалтаг нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр тойрсон хурц асуудал байжээ.
1968 онд Чехословакийн геологичид Булган аймгийн нутагт зэс молбидений асар том орд олон нөөцийг нь тогтоожээ. Энэ ордыг хэнтэй хамтарч хэрхэн ашиглах талаар янз бүрийн хувилбар яригдаж байв. Гэтэл 1973 онд дэлхийн зэсийн хамгийн том нөөц бүхий Чилид төрийн эргэлт гарч засгийн эрхэнд гараад улс орноо сүйтгэж өгсөн социалист ба коммунист намын зүүний эвслийн Засгийн газар унан цэргийн хунт тогтлоо. Дэлхий даяар зэсийн худалдааны эргэлтэд өөрчлөлт гарлаа гэсэн үг. Иймээс зөвлөлтүүд нэгэнт нээгдэн нөөц нь тогтоогдсон Эрдэнэтийн ордыг ашиглахаар гэнэт шийдэв. Орд ашиглах хувилбар нь зөвлөлтийн тогтсон хувилбар. Энэ нь үйлдвэрлэлээ дагасан хот, хотоо тойрсон нийгмийн асуудлыг бүгдийг нь хамруулдаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн өртгийн хагас нь үйлдвэрлэлд огт хамаагүй өөр зүйлд зарцуулагдана гэсэн үг. Угаасаа ч коммунист эдийн засаг нь хүний эдийн засгаас шал өөр бүтэц зорилготой, үр ашиг гэдэг талаас нь үзэх юм бол анти эдийн засаг юм. Эрдэнэтийн энэ бүтэц олон жилийн дараахь зах зээлийн эдийн засагт Монголд хадгалагдсаар өдгөө Эрдэнэт нь нийт зардлынхаа бараг гуравны нэгийг зэс үйлдвэрлэлтэй ямар ч холбоогүй нийгмийн асуудалд зарцуулдаг. Үйлдвэрлэлийн социалист загвар нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд авлига, хулгай дээрмийн том хаалга болон хөгжсөнд гайхах явдал огт үгүй.
Эрдэнэт үйлвэрийг хоттой нь босгоход нийтдээ нэг тэрбум шилжих рублийн зардалтай гэсэн тооцоо гарч хоёр тал тэнцүү хөрөнгө оруулах ба Монголын тал үүнийгээ Зөвлөлтөөс зээлж хожим үйлдвэрлэлээс гарах ашгаар эргүүлж төлөхөөр гэрээ хийв. 1967 оноос Монголд Зөвлөлтийн 100 мянган цэрэг байрласан ба улмаар 1971 онд Бухарестэд болсон ЭЗХТЗ –ийн дээд хэмжээний уулзалтаас бүх коммунист орнууд тэгш хөгжих онол гэхэд хэцүү, практик гэхэд хэцүү шийдвэрээс үндэслэн ЗХУ-нь Монголд таван жил тутамд гурван тэрбум шилжих рубль зээлүүлж байхаар тогтжээ. 1989 он хүртэл энэ зээлийн нийт хэмжээ 10 тэрбум шилжих рубльд хүрсэн юм. Харин энэ их мөнгөний ердөө долоон хувийг Эрдэнэт болон бусад уул уурхайн салбарт зарцуулсан бол 65 хувийг нь нүүдлийн мал аж ахуйг тордох хашаа саравч, худаг ус, хадлан бэлчээр, мал эмнэлэг, малзүй, тэжээлийн үйлдвэр зэрэгт зориулсан юм. Угаасаа хамтралжаад эдийн засгийн буруу тогтолцоотой болсон нүүдлийн мал аж ахуй хөгжих байтугай энэ их “тэжээлээр” уруудан доройтож малын тоо толгойг 23 саяд хүргэх таван жилийн төлөвлөгөө болгон ганц ч удаа биелээгүй ба хэдэн тэрбумаар тоологдох мал аж ахуй дахь хөрөнгө оруулалт зах зээлийн эдийн засагт шилжсэн даруйд хэнд ч хэрэггүй хог болон сарайн үлдэж улмаар ширгэн алга болсон. Харин нийт зээлийн ердөө тавхан хувиар боссон Эрдэнэт хэдийгээр буруу тогтолцоотой, үрэлгэн, үйлдвэрлэлтэй холбоогүй зүйлд асар их хөрөнгө цацдаг ч гэсэн монголчуудыг гучин жил тэжээлээ.
Эрдэнэтийг босгох явцад үзэл суртлын ажил коммунист маягаар хүчтэй явагдаж монгол хүний орлого үйлдвэр ашиглалтад орох үед гурав дахин нэмэгдэх тухай хэрээс хэтэртэл ухуулав. Үүнийг цалингаар хэмжин дундаж багшийн цалин 600 төгрөгөөс 1800 төгрөг болон үсрэх тухай нүдэнд харагдаж гарт баригдтал сурталчилж байв. Гэтэл үнэн хэрэгтээ сахил хүртээд шал дордов. Үйлдвэр 1980 онд ашиглалтад орсноос эхлээд Монголын тал өрөнд орж улсын төсвөөс жил болгон 30-40 сая төгрөг Эрдэнэт рүү нэмж оруулах болжээ. Нэг талаас эдийн засгийн буруу тогтолцоотой учир үйлдвэрийн өртөг хэт өндөр, нөгөө талаас зөвлөлтүүд зэсийг зориудаар дэлхийн хаана ч байхгүй маш хямдаар авдагт хамаг учир байлаа. Тэр үеийн Монголын аль ч үйлдвэрлэл үйлдвэрлэх тутмаа алдагдалд ордог сонин тогтолцоотой байсан нь үнэн ч Эрдэнэт шиг том үйлдвэрийн алдагдал энэ жишгээр явахаар сүйтгэл нь жижигхэн Монголд арай гэмээр том болж буй хэрэг юм. Хэдийгээр энэ өм цөм тонуул нүдэнд ил харагдах боловч бүгд айгаад энэ талаар ярихаас эмээж байсан цагт Төлөвлөгөөний комиссын дарга Содном тооцоог хийн дээш нь зориглон танилцуулжээ. Хичнээн аймхай, системдээ хүлэгдсэн, бэртэгчин ч гэсэн арай ч гомдмоор үзүүлэлт учир Төв хороонд эдийн засаг хариуцсан Мишигдорж, УТТ-д эдийн засаг хариуцсан Моломжамц нар Содномын тооцоог зөвшөөрөн дэмжив. Гадаад худалдаа хариуцсан Очирбат, Содномын орлогч Жасрай, Сайд нарын зөвлөлийн орлогч Пэлжээ нар үүнийг дэмжсээр Сайд нарын зөвлөлийн дарга Батмөнх хүртэл явж битүү дургүйцэл ил болж эхэллээ.
Оргилж эхэлсэн дургүйцлийг Сайд нарын зөвлөлийн орлогч Майдар үнэрлээд мэдэж орхилоо. Үнэндээ Цэдэнбал Майдарт их дургүй боловч эхнэрээсээ болоод түүнийг яаж ч чаддаггүй байв. Тэгээд ч ой санамж нь муудсан Цэдэнбал наяад оны үеэс Майдарт дургүйгээ ч мартчихсан хэрэг. Майдар нь дөчөөд оны сүүлчээр Төлөвлөгөөний комиссын орлогч байхдаа Филатоваг түр ажилд аван ажиллуулж байхдаа энэ хоёр их холбоотой болсон, үүнд нь ч Цэдэнбал их харддаг байжээ. Майдарын их хүсэл бол Сайд нарын зөвлөлийн дарга болох эрмэлзэл. Гэхдээ түүний мэдлэг мэргэжил, ойворгон зан зэрэг нь энэ горьдсон тушаалд нь хүргэдэггүй явсаар өдий хүрсэн. Харин ойр орчныхон нь гэнэт “Зөвлөлтийн эсрэг бослого” гаргах гэж байгаа нь түүнд томоохон бололцоо болон харагджээ.
Содномын “маш нууц” гэсэн хөмсөгтэй Моломжамцад өгсөн тооцоог Майдар олзлон аваад Филатовад аваачиж өгөв. Филатова машид баярлав. Тэрээр Монголын ихэнх удирдлагатай таардаггүй, тэдэнд дургүй. Ой санамж нь илтэд муудсан Цэдэнбал түүний заавраар хэлсэн болгоныг нь биелүүлдэг болсон энэ цагт Майдараар дамжуулан төрийг жинхэнээр нь эзэмших бололцоог ч хайж байсан. Ингээд Монгол Зөвлөлтийн эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын нарийн бичгийн дарга Балбарыг Москва руу томилон Семёнов, Петров нарын өөрийнх нь харгалзах Зөвлөлтийн албан тушаалтнууд руу явууллаа. Балбар нь Филатовагийн хүссэн зүйлийг төдөлгүй аваад ирэв. “Монголын эдийн засгийн удирдлагын шүүмжлэлийг бид буруушааж байна” гэсэн албан бичиг цохуулаад иржээ. Авгай тэр дор нь Майдар, Балбар нарыг Цэдэнбалтай өөртэй нь уулзуулж, Зөвлөлтийн талын цохолтыг уншуулан “нүдийг нь нээв”. Мөн мөнөөх бичиг сачгаа барьсаар Улаанбаатарт суух Зөвлөтийн элчин дээр орон “Содном болон түүний шадрууд, мөн Батмөнх, Моломжамц нарын үйл ажиллагаа нь Монгол Зөвлөлтийн найрамдалд харшилж, хамтын үйлдвэрийг унагах зорилготой, ингэснээр үнэн хэрэгтээ Хятадын бодлогыг далдуур дэмжиж байна” гэсэн дүгнэлтээ илтгэжээ. Майдар, Филатова нар энэ хэргийг тун удахгүй Улс төрийн товчоогоор авч хэлэлцэнэ гэсэн Цэдэнбалын амлалтыг авлаа. Филатовагийн Элчин сайдтай ярьсан болон Балбарын зөвлөлтүүдтэй уулзсан явдал нь “Монголын удирдлагын урагшгүй байдал нь шинэ юм биш. Энэ нь бидний зүгээс онцгой анхаарал тавьж тодорхой арга хэмжээ авахыг шаардсан байдал үүсгэлээ. Энэ талаар та бүхэн юу бодож байна? 1984.III.22” гэсэн бичгийн хэлбэрээр ЗХУКН-ын Улс төрийн товчоонд хүргэгджээ. Тодорхой хэлбэл энэ захидал Черненко, Громыко, Русаков нарын нэр дээр ирсэн юм.
Энэ үе буюу Брежневийн дараахь Зөвлөлтийн гадаад дотоод бодлогод нэлээд өөрчлөлт орох төлөв буй болоод байлаа. Зөвлөлтийн удирдлагад гарч ирсэн Андропов хэдийгээр ганцхан жил даргалсан боловч богино хугацаанд олон арга хэмжээ авчээ. Афганистан, Польш, Рейган гурваас болж ихэд туйлдсан Зөвлөлтийг сэргээхийн тулд юун түрүүн Хятадтай эргэж сайжрах арга чарга хайж байв. Андроповын дараа улс орныг толгойлох болсон Черненко үнэн хэрэгтээ амьсгаатай төдий үхдэл байсан учраас эрх мэдэл бодитоор бол Гадаад яамны сайд Громыко, Андроповын дэвшүүлсэн Горбачёв нарын гарт байлаа. Горбачёвын хувьд 1981 онд МАХН-ын XVIII их хуралд зочноор оролцохдоо Монголын дотоод байдал, Цэдэнбал, Филатова нарын байгаа царай, Зөвлөлтийн тусламж гэгчийн үнэн байдлыг нүдээр харж ихэд гутсан нэгэн. Гэхдээ Цэдэнбалыг хусах ажиллагаанд Горбачёв оролцоогүй юм. Оролцсон гэвэл ёс төдий. Бүх хэргийг Громыко биечлэн удирдсан.
Цэдэнбалыг зайлуулах хамгийн гол шалтгаан нь эхнэрийнхээ удирдлага дор Монголын дээд удирдлагыг бүгдийг нь шахам халан өөрчилж төрийн удирдлагыг нийтэд нь шинэчлэх гэсэн санаархал байлаа. Энэ бол Кремлийн зүгээс харахад тун аюултай тоглоом юм. Энэ нь Зөвлөлтийн асар их цэрэг байрласан хөрш орны дотоод байдлыг самууруулж улмаар Хятадтай харилцаж буй эмзэг харилцааг хааш нь ч эргүүлж болох ноцтой үр дүн дагуулж болох юм. Удирдлагыг халж өөрчилж чадвал яах вэ, хэрэв чадахгүй өөрсдөө унавал яах вэ? Громыко шиг хашир хөгшин бурхийн хувьд цаад үр дүн нь тодорхой биш ийм асуудал нь маш яаралтай алхам хийхгүй бол яаж ч эргэж болох аюултай байдал бөлгөө. Иймээс тодорхойгүй байдалд орсноос Цэдэнбалыг эхнэрийнх нь хамт бушуухан зайлуулбал үр дүн нь илүү найдвартай, баталгаатай, тодорхой байх болно. Ажилбарыг газар дээр нь гүйцэтгэхээр Биеийн тамирын хороон дарга асан Павловыг элчин сайдаар, генерал Радченког НАХЯ-ны зөвлөхөөр Улаанбаатар руу илгээжээ.
Зөвлөлтөд Брежневийн дараа шинэ удирдлага гарч ирэнгүүт 1983 оны зун Монголд амьдарч байсан хятад үндэстний олон хүмүүсийг Хятад руу хөөв. Хятадын талаас энэ алхамд ихэд зэвүүцэн эсэргүүцлийн нотыг Улаанбаатарт төдийгүй Москвад явуулсан юм. Үүнд Москва маш их цочирджээ. Олон улсын байдал Зөвлөлтийн хувьд тун таагүй эргэсэн энэ нөхцөлд зөвлөлтүүд Хятадтай харилцаагаа сайжруулахаар мэрийж арга чарга хайж байсан үе. Хятадууд зөвлөлтүүдэд цэргээ Афганистан, Вьетнам, Монголоос гаргасны дараа асуудлыг ярилцах санал тавьсан байна. Үнэндээ эдгээр гурван оронд буй зөвлөлтийн хүч Хятадыг бүсэлчихээд байсан хэрэг. Андроповын Улс төрийн товчоо асуудлыг хэлэлцээд Монголоос цэргээ гаргах бололцоог эрэлхийлж, хятадуудтай энэ талаар ярилцуулахаар Сайд нарын зөвлөлийн орлогч Архиповыг Бээжин рүү илгээжээ. Гэтэл үндэсний үзэл, Хятадын аюул гэсэн хоёр юмтай л сайн тэмцээд байвал Москвагаас үнэлэлт авдаг гэсэн ойлголт тархинд нь шингэсэн Цэдэнбал Зөвлөлтийн шинэ удирдлагад гэнэтийн бэлэг барьж үнэнчээ харуулахын тулд Монголд байнга амьдрах хятад үндэстний оршин суугчдыг хөөж гаргах шийдвэр гэнэт гарган Кремлийг шоконд оруулах нь тэр. Ой ухаан муудсан, хуучин дурсамжаасаа гарч чадахаа больсон ийм хүн Кремлийн шаардлага хангаж чадахаа болилоо гэсэн үндэслэлээр л түүнийг зайлуулах эцсийн шийдэлд хүрчээ.
Цэдэнбалыг зайлуулах операцын сүүл хэсэгт л Кремлийн шийдвэрийг Монголын удирдлагад дуулгасан. Энэ ажиллагаанд оролцсон нэг ч монгол хүн байгаагүй. Харин наадуул нь хэрхэн бэмбэгнэн айж, хулчийн зугтаж, арга үйлээ баран үстэй толгойгоо зулгааж байсан арчаагүй байдал нь өдгөө нэгэнт баримтаар ил болсон зүйл. Зөвлөлтүүдийн хүчтэй шахалт шаардлагаар л зарим нэг нь Цэдэнбалтай айн айн очиж уулзмар аядсан ч хараал занал сонсож зарим нь зодуулж байсан. Цэдэнбалыг авч хаях бодол тэдний хэнийх нь ч толгойд байгаагүй, эхнэрт нь нийтээр дургүйцдэг байсан авч тэрнийгээ хүнгүй газар өөрөө өөртөө шивнээд хэлчих зориг ч тэдэнд байгаагүй. Ер нь ч тэгээд энэхүү Кремлиэс удирдагддаг тоглоомын улсад “удирдлага” хэмээгчдэд нь ямар ч эрх мэдэл байгаагүй юм шүү дээ. Орон нутаг хариуцсан удирдагч нь Москвагаас томилогдон ирж дөчин жил ажилласан төлөөлөгч л байлаа. 1939 онд Ерөнхий сайд Амарыг зайлуулан Москвад цаазалсан, оронд нь өөрсдийн бэлдсэн Чойбалсанг тавьсан, харин залгамжлах хүнээр нь НКВД-ийн мэдээлэгч асан хорин гуравхан настай Цэдэнбалыг олж ирж тавьжээ. Гэндэн, Жигжиджав нарыг урьд нь Ерөнхий сайдаар томилж байсан авч нөөц залгамжлагчийг нь бодоогүй учраас тэд нь Москвагаас “урвахад” хэцүү байдалд орж байсан туршлагаасаа үндэслэн тэр эртнээс өөрийн хүнийг бэлтгэл нөөцөөр тооцоолон байрлуулжээ. Цэдэнбал нь НКВД, болон КГБ-ийн хүндэт үнэмлэхтэй ажилтан, ЗХУК(б)Намын гишүүн нэгэн.
Насан туршдаа Монгол орныг удирдах удирдамжаа Кремлиэс авдаг байлаа. Хааяа заримдаа бие даасан шийдвэр гаргахаараа дандаа буруутна. Монгол Улсыг ЗХУ-д нийлүүлэх өөрийнх нь гурван удаагийн санаачилга нь дэндүү боловсрол мэдлэггүйг нь илчилж Москвагаас буруушаагдаж байв. Ялтын гэрээгээр тусгаар улс байх нь тогтоогдоод, дэлхийн шинэ хуваагдалд нэгэнт батлагдсан орныг бусад оронд нийлүүлэх бололцоо Зөвлөлтийн хувьд хүсээд ч бүтэхгүй гэдгийг ойлгоогүй юм. “Зөвлөлтийн империализмын тухай шуугиан дэгдээж биднийг шившиглэх гээ юу?” гэж түүнийг зөвлөлтүүд аашилж байв. Ухаан санаа нь муудан эхнэрийнхээ хатгаасаар тухайн үеийн Монголын нийт удирдлагыг солих гэсэн санаачилга нь энэ удаа түүнийг хөөдсөн юм. Түүнээс биш түүний өвчин зовлон бол хоёр, гуравдугаар зэргийн асуудал. Цэдэнбалыг НКВД (КГБ-ийн тэр үеийн хуучин нэр) томилсон, түүнийг КГБ эгүүлэн татсан. 1984 оны наймдугаар сарын 20-нд КГБ-ийн дарга Чебриков Филатоваг өөр дээрээ дуудан авчирч уулзжээ. Филатова нөхрөө дагуулаад Улаанбаатар руу хувийн зардлаараа нисэх гэж байгаагаа хэлсэн байна. КГБ-ийн удирдагч түүнд “Цэдэнбал тийш нисээд ч тэндээ хүрэхгүй” гэж хэлжээ. Орос хэлээр: “Цеденбал недолетит до Улан- Батора”.
2015.9.17