Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Такэнори Шимизү: Танайх хууль тогтоомжоо тодорхой болговол хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Такэнори Шимизүтэй ярилцлаа.

-Японы Засгийн газар Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг
хүртэл 238 тэрбум иений тусламж үзүүлээд байна. Өнөөдрийн хувьд Хөшигтийн
хөндийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Хоёр орны эдийн
засгийн нөхцөл байдлын тал дээр ямар бодолтой яваа вэ?

-Монголын эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд Япон улсын
зүгээс хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд байна. Түүний нэг нь Хөшигтийн хөндийн
нисэх онгоцны буудал юм. Монгол Улсын хамгийн том нисэх онгоцны буудал
“Чингис хаан” буудал гэхэд тогтмол нислэг хийхэд 75 хувийн гүйцэтгэлтэй
байгаа. Үлдсэн 25 хувийнх нь нислэг хоцрох юм уу, ямар нэгэн шалтгаанаар
саатдаг. Хөшигтийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал барьснаар нислэгийн нөхцөл
байдал нэлээд сайжрах тооцоо бий.

Монгол Улсын эдийн засгийн томоохон түлхүүр нь уул уурхайн салбар. Гэтэл
Монголын өнөөдрийн нөхцөлд янз бүрийн шалтгаанаар уул уурхайн салбараа
хөдөлгөхгүй байна л даа. Ийм тохиолдолд Монголын эдийн засгийн салбарыг
сайжруулах нэг том салбар бол нисэхийн салбар гэж харж байгаа. Тиймээс аялал
жуулчлалыг хөгжүүлэхийн тулд шинэ нисэх онгоцны буудал томоохон дэмжлэг болно.

-Монголын эдийн засгийг авч явсан уул уурхайн салбар өнөөдөр зогсолтын
байдалтай байна. Олон улсын зах зээлд манай экспортын бараа
бүтээгдэхүүний үнэ уначихлаа. Бид эдийн засагтаа ямар арга хэмжээ авбал зүйтэй
бол?

-Таны хэлж байгаа үнэн. Монголын эдийн засагт тодорхой хэмжээнд нэмэр
болох зүйл бол мал аж ахуйн салбар юм шүү. Одоо харин мал аж ахуйн салбарын
бүтээгдэхүүнийг хэрхэн олон улсын зах зээлд экспортлох вэ гэдэгт тусгайлан
анхаарал хандуулах ёстой. Энэ талын бодлого хэрэгтэй байна. Мал аж ахуйн
салбарын шинэ технологиуд гэж бий. Тиймээс бүхий л нөөц боломжоо бүрэн ашиглаад
явбал манай хоёр орны эдийн засгийн харилцаа улам хөгжих учиртай. Монголын
эдийн засагт асар их гэрэл авч ирнэ дээ.

-Монгол Япон хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
байгуулагдсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр орны
эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Эдийн засгийн түншлэлийн гэрээг баталсан. Гэсэн хэдий ч Монгол Улс
дотоодын хууль тогтоомжоо шинэчилж чадаагүй байна. Энэ гэрээ одоохондоо хүчин
төгөлдөр болж чадаагүй байгаа. Монгол Улсын Их хурал намрын чуулганаараа үүнийг
хэрэгжүүлэх хуулийн төслөө батлах байх гэж найдаж байна. Хууль тогтоомж нь
батлагдсаны дараа Японы зүгээс төрөл бүрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтын
ажиллагаа явуулах маш сайхан нөхцөл бүрдэнэ. Энэ нь цаашдаа хоёр орны эдийн
засгийн тал дээр худалдаа, хөрөнгө оруулалтын талын асар их боломжуудыг нээж
өгнө. Эхлээд мал аж ахуйн салбартаа анхаараач ээ гэдгийг дахин хэлмээр байна.

Монголын бүтээгдэхүүн 11 хувийн гаалийн татвартай байгаа. Үүнийгээ
зохицуулж чадвал Монголын бүтээгдэхүүн Японы зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой
болно. Монголын хувьд Японд өрсөлдөх зах зээл нь бий. Монголоос Японд ихээхэн
хэмжээний ноолууран цамц гаргах боломжтой.

-Манай ноолууран бүтээгдэхүүн ихэвчлэн Европын орнууд руу гардаг. Тэр
бүр хүйтэрдэггүй Япон улсад ноолууран бүтээгдэхүүн гаргаад амжилт олох уу?

-Учир нь Япон улс 130 сая хүн амтай. Тэр утгаараа энэ чинь том зах зээл
байхгүй юу. Монголын мал аж ахуйн салбарт томоохон дэмжлэг болно. Эдийн засгийн
түншлэлийн гэрээ хэрэгжиж эхэлснээр Монголын төрөл бүрийн бүтээгдэхүүн гарах
боломжтой. Тэр дундаа эко гэж нэрлэгддэг байгалийн цэвэр бүтээгдэхүүн жимс,
ундаагаа Японы зах зээлд гаргах хангалттай өргөн боломж байна. Одоо харин танай
тал хуулиудаа цэгцлэх хэрэгтэй.

-Та Япон улс Монголд буцалтгүй тусламж үзүүлнэ гэхээсээ илүүтэйгээр
хөнгөлөлттэй зээлүүдийг цаашид олгоно гэж мэдэгдсэн. Энэ талаараа тайлбар
өгөхгүй юу?

-Монгол Улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 4000 ам.доллар хүрч байна.
ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ 2000 ам.доллараас давбал буцалтгүй тусламжийг
өгөх боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл Монгол Улс шинэ тутамд хөгжиж байгаа гэдэг
утгаараа гадны орнуудын болон олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй
зээлүүдийг ашиглаж улс орноо хөгжүүлэх ёстой. Тэр дундаа төрөл бүрийн аж
ахуйнуудыг хөгжүүлэх шаардлагатай. Тиймээс энэ бүгдээ хөнгөлөлттэй зээлээр
шийдэх нь Монгол Улсад ч хэрэгтэй. Байнга гараа дэлгэн тусламж хүсээд сууж
болохгүй.

Хамгийн сүүлд Япон улсын зүгээс Монгол Улсад үзүүлсэн хөнгөлөлттэй
зээлийн хүү 0.1 хувь байна. Түүнийгээ 40 жилийн хугацаанд төлж болно гэсэн.
Гэхдээ эхний 10 жилд үндсэн зээлээ төлөлгүйгээр хүү төлөөд явах юм. Энэ бол
дэлхийд хамгийн хямдхан, ашигтай хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Үүнийгээ Монгол
Улс бүрэн дүүрэн ашиглаад явбал өөрсдийнх нь эдийн засагт л хэрэгтэй байгаа юм.
Танай орны хувьд эдийн засгийн өгөөжтэй салбараа хөгжүүлэн, ашиглах ёстой гэж
бодож байна. Монголд ашигтай өөр зээл одоохондоо байхгүй.

-Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн нөхцөлд маш хүнд байгаа гэдгийг та
анзаарч л байгаа байх. Манай орны хувьд эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар
арга хэмжээ авах нь зүйтэй гэж харж байгаа вэ. Япон орны хувьд эдийн засаг нь
харьцангуй тогтвортой байдаг. Эдийн засгаа тогтворжуулах ямар боломж байгаа
бол?

-Би нэг л зүйлийг хэлмээр байна. Монгол Улс өөрт байгаа зүйлээ бүрэн
дүүрэн ашиглах хэрэгтэй. Үргэлж гаднаас зээл тусламж авдаг энэ байдлаасаа
татгалзах ёстой. Монголд хангалттай нөөц бий.

-Тухайлбал, ямар нөөц боломжууд гэж?

-Хэн хүнгүй мэдэж байгаа байгалийн асар их нөөц танай улсад байдаг. Мөн
мал аж ахуйн салбар бий. Нэгэнт Монголын тал нутагт бэлэн байгаа энэ бүхнээ
ашиглаад гадагшаа экспортлохгүйгээр Монгол Улсын хөгжил гэж байхгүй.

-Уул уурхайн салбараа хөдөлгөнө гэхээр ямар нэгэн байдлаар гацаанд
орчихоод байдаг…

-Монголын одоогийн нөхцөлд зарим хүмүүс хэтэрхий эх оронч болоод
байгалийн нөөцийг ашиглах асуудал таг зогсчихлоо. Улстөржилт нь их болчихлоо.
Ер нь бол сонгууль дөхөх тусам ийм эх орончид улам их болдог. Гэхдээ Монголд
байгаа нөөцийг монголчуудын төлөө бүрэн сайн ашиглах ёстой.

-Бүрэн сайн ашиглана гэдэг нь…

-Гадаадад экспортлох ёстой. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах
шаардлагатай. Тэгж гэмээнэ Монгол Улс хөгжлийн анхан шатны хөгжилд зарцуулах
мөнгөө бүрдүүлнэ.

-Япон улсын хувьд ноолуур, жимс гэх зэрэг бүтээгдэхүүнээс гадна ямар
зүйлсийг илүүтэйгээр сонирхож байгаа бол. Мах махан бүтээгдэхүүн экспортолно
гэвэл стандарт шаардлага гээд олон зүйл хаалт болчихдог л доо?

-Япон улсын хувьд зэс, нүүрс авах боломжтой. Учир нь Япон улсад зэс,
нүүрсний орд, нөөц гэж байдаггүй.

Тиймээс эдгээр байгалийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож байгаа. Монгол
Улсын хувьд БНХАУ, ОХУ гэсэн хоёр орны дунд оршдог тул тээврийн асуудал хүнд
байдаг. Ложистикийнхоо асуудлыг шийдэхгүй бол энэ бүхэн хүнд хэвээр байсаар
байх болно. Гэхдээ ноднин БНХАУ-ын Си Жиньпин дарга Монгол Улсад ирээд
“Нүүрснийхээ 30 хувийг гуравдагч орнууд руу экспортолж болно” гэдгийг хэлсэн
гэж ойлгож байгаа. Энэ нөхцөлийг Монголын тал сайн ашиглах ёстой.

Японы зах зээлд мах махан бүтээгдэхүүн гаргахад шаардлага өндөр байдаг.
Тиймээс Монголын малын бүтээгдэхүүнийг авах боломжгүй байгаа гэдгийг ойлгоорой.
Монголд малын шүлхий өвчнөөс эхлээд зарим өвчнүүд бий. Эхлээд малын
өвчлөлийнхөө асуудлыг шийдэхгүй бол ямар ч боломжгүй. Эдийн засгийн түншлэлийн
гэрээ хэрэгжвэл Монголын хөдөө аж ахуйн, мал аж ахуйн гээд экспортын бүхий л
салбарыг дэмжих янз бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжих боломжтой болно. Япон улсын
зүгээс хамгийн түрүүнд хоёр орны Эдийн засгийн түншлэлийн гэрээгээ хэрэгжүүлж
эхлэх ёстой гэж үзэж байгаа. Бидэнд технологи, туршлага, хөрөнгө байна. Эдийн
засгийн түншлэлийн гэрээ хэрэгжсэнээр хамтын ажиллагаа улам хурдан хөгжих
боломжтой.

-Монголын төр засаг өнөөдөр тийм ч тогтвортой биш байна. Японы
парламентын гишүүн болон Засгийн газрын гишүүн ямар нэгэн алдаа гаргасан бол
шууд ажлаа өгч байгаа харагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би л хувьдаа албан хаагчид иргэдийн төлөө хариуцлагатай ажиллах ёстой
гэдэг зарчим барьдаг. Төрийн албан хаагч бол өндөр хариуцлагатай албан хаагч
гэж боддог. Нэг зүйлд л их харамсч байна.

-Тэр нь юу юм бол?

-Монголд эрх баригч нам, сайдууд өөрчлөгдөх тутамд төрийн албан хаагч
солигддог ийм нэг жишиг байх юм. Эцсийн эцэст энэ холио солионы үр дүнд яаманд
ажлаа мэддэг мэргэжлийн хүн үлдсэнгүй. Мэдээж энэ нь Монголын эрх ашигт
нийцэхгүй. Мэргэжлийн албан хаагчид байхгүй болсноор гадаад орнуудтай хамтран
ажиллахад ихээхэн саад тотгор болж байна гэдгийг хэлмээр байна.

-Түрүүн та уул уурхайн салбар, томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй
гэсэн. Таван толгойн асуудал нам жим боллоо. Уг нь Таван толгойн ордыг ашиглах
консерциумд Японы “Сумитомо” компани багтсан байдаг. Энэ гацаанаас
гарах боломжийг та юу гэж харж байгаа вэ?

-Таван толгойн нүүрсний уурхайн асуудал хэтэрхий улстөржилт дунд явж
байна гэж үзэж байгаа. Тиймээс энэ байдлаас яг ямар байдлаар гарах вэ гэдгийг
би ч үнэндээ сайн мэдэхгүй байна. Улс орноо яаж хөгжүүлэх вэ, тэр дундаа Таван
толгойн нүүрсээ яаж ашиглах вэ гэдэг дээр монголчууд янз бүрийн санаа оноотой
байгаа нь харагддаг. Үүнийг зохицуулж чадах, гацаанаас нь гаргаж чадах хүн
хэрэгтэй байх. Би тэдний дунд биш гаднаас харж байгаа болохоор хэн, юу гэдэг нь
тодорхой харагдахгүй байна. Таван толгойн асуудал тийм ч амар биш байгаа
болохоор үнэндээ би санаа зовж л явна.

-Өнөөдрийн Монголын парламент, Засгийн газрын талаар ямар бодолтой яваа
бол. Төр тогтворгүй байна гээд байгаа?

-Олон хүн харамсал илэрхийлж байна. Миний хувьд гадаадын иргэн болохоор
Монголын дотоодын улс төрийн талаар яриад хэрэггүй байх.

-Япон улсын зүгээс манай орны 1000 залуу инженерийг бэлтгэхээр болсон.
Эхнээсээ зарим нь сурахаар явсан уу?

-Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд ямар салбарт тусгай анхаарал тавих ёстой
вэ гэвэл тэр нь технологийн салбар юм. Уурхайд төдийгүй шинэ тутамд хөгжиж буй
салбаруудыг хөгжүүлэхэд мэргэжлийн хүмүүстэй байх ёстой. Хөшигтийн хөндийд очиж
ажилтай танилцсан уу.

-Танилцсан…

-Тэнд олон монголчууд ажиллаж байгаа боловч мэргэжлийн хүмүүсийн орон
зайд нь солонгос хүмүүс ажиллаж байгаа биз. Учир нь тэр мэргэжлийн хүмүүс
Монголд дутмаг байгаа болоод тэр. Тиймээс Монгол Улсын хөгжлийн төлөө зайлшгүй
технологийн салбарын мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй. Тэр утгаараа 1000 инженерийг
бэлтгэхээр болсон юм.

-Мэдээж Япон Монголын харилцаанд хамгийн их хувь нэмэр оруулж яваа
хүмүүс бол сумо бөхийн тамирчид гэдэгтэй маргахгүй байх. Японы уламжлалт
түүхийг тээж яваа спортын төрлөөр хичээллэж байгаа манай тамирчдын тал дээр та
ямар бодолтой байдаг вэ?

-Японд сумо барилдаж байгаа залуус үнэхээр чадвартай гэдэгтэй маргахгүй.
Сумогийн дөрвөн аварга нь монгол хүн болсон болохоор япончууд дургүйцэж байгаа
гэсэн бодол монгол хүнд байна. Үнэн хэрэгтээ тийм биш. Сумогийн ертөнцөд
гаднаас ирээд янз бүрийн бэрхшээлийг даваад ёкозуна цол хүртсэн монголчуудыг
харин ч бид хүндэтгэж байдаг юм шүү. Сумогийн ертөнцөд хүчтэй байх ёстой гэсэн
зарчим үйлчилдэг. Монголын залуус үүнийг харуулж чадаж байгаа. Хакухо, Какүрюү,
Харумафүжи гээд залуус хүчтэй сайхан барилдаж байгаа болохоор япончууд харин ч
дуртай байдаг.

Бид хэзээ ч гадаадын бөх ирээд түрүүлчихлээ гэж ялгаварлаж байсангүй.
Цаашид ч тийм байдал гарахгүй.

-Улаанбаатар хотын бүтцийг цаашид хэрхэн хөгжүүлбэл энэ утаа, хот руу
төвлөрсөн их нүүдлээс салах бол. Япон орны хувьд газар нутаг тийм ч их биш
болохоор шийдлээ зөв гаргасан байдаг юм билээ?

-Улаанбаатар хотын ачаалал хэтэрч байна. Байгалийн давагдашгүй хүчин
зүйл болох ган, зудаас эхлээд нийслэл рүүгээ нүүх хүмүүсийн тоо багасахгүй
байгаа. Нэг хот руу нүүсэн энэ их нүүдлийг зогсоохын тулд орон нутагтаа амьдрах
нөхцөл боломжийг нээж, тусгайлан анхаарал хандуулахгүй бол Улаанбаатар хот улам
л хэцүү болно. Хөдөөнөөс хот руу нүүж байгаа энэ нүүдлийг хүчээр зогсоох
аргагүй. Монгол Улсын Засгийн газар орон нутагтаа амьдрах тэр боломжийг нь
бүрдүүлэхийн тулд сайн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *