Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид бие биедээ мэхийж хүндэлдэг хуультай болмоор байна

Саяхан Монгол
Улсын Ерөнхийлөгч Хятадыг чөлөөлөх дайны ялалтын парадад оролцсон. Уг парадын ёслолд
уригдсан улс орнуудын төрийн тэргүүн нарыг Хятадын дарга Си Жиньпин найрсгаар угтан
авч, өөд өөдөөсөө харилцан мэхийн ёсолцгоож байв. Энэ бол төрийн ёслол хүндэтгэлийн
протоколын дагуу явагдаж буй зүйл гэдэг нь тодорхой. Манай Ерөнхийлөгч Хятадын даргатай
бусад улс орнуудын удирдагч нарын адил гар барьж мэхийн хүндэтгэсэн. Тэгтэл тухайн
үйл явцын дараа “Элбэгдорж Хятадын даргын өмнө толгой бөхөлзлөө” гээд Монголын нийгэм
даяар шуугиан татаад явчихлаа. Сошиал ертөнцөөр бөөн шуугиан дэгдэж, эх захгүй маргаан
мэтгээн өрнөснийг бид мэдэж байгаа. Үүнээс улбаалаад монголчууд дорно дахины соёлтой,
дорнын голлох ард түмэн биш билүү гэх бодол сэрхийтэл төрсөн юм.

Монголчууд
дорнын соёл, сэтгэлгээний үндсэн гол элемент болох мэндлэх, хүндлэх, авгайлах ёсыг
сахиж, хадгалж ирсэн улс үндэстэн. Өнөөдөр дорнын соёлын чиг шугамыг барьж, амьдралынхаа
үндсэн философи, мөрдлөг болгож буй Япон, Солонгос, Хятад шиг ард түмэн юм. Бид
эзэн хаан, эрхэм дээд өвгөд, бичиг соёлын мэргэдээ мэхийн хүндэтгэхээс гадна сөхөрч,
сөгдөж, бохирч, шүтэж дээдэлж ирсэн билиг төгөлдөр хүмүүс билээ. Хааныхаа өмнө бохирон
сууж төрөө дээдлэх, хуулиа эрхэмлэх чанар бие сэтгэлд нь оршиж ирсэн. Гүн хүндэтгэлт
нэгэнтэй уулзаад салахдаа ар нуруугаа харуулдаггүй ёс байсныг бид мэднэ. Ар нуруугаа
харуулалгүй элгээ харуулж гарна гэдэг элгэмсэг дотно, энэрэн хайрлах сэтгэлийнх
нь илэрхийлэл. “Эрхэм тан дээр хүйтэн сэтгэл өвөрлөж ирээгүй юм шүү” гэж ёс жаягаараа,
бичигдээгүй хуулиараа, амьдралынхаа үндсэн философиор хэлж буйн дохио л доо. Мөн
дорнын соёлт улс үндэстний хувьд аливааг бэлгэшээн боддог, ёс төрийг эрхэмлэдэг,
үгийн утга, цаад гүн санааг нь мэдэрч байдгийн илэрхийлэл ч гэж хэлж болох юм.

“Болсон тариа
бөхөлздөг” гэсэн японы зүйр үг байдаг. Энэ нь тариан түрүү буюу толгой хүнд байдаг,
тийм хэрнээ уян хатан чанараа дотроо агуулж, хугарч нугараад унадаггүй гэсэн ойлголтыг
төрүүлнэ. Мөн солонгосын “Найгадаг мод хугардаггүй” гэсэн үг бий. “Болсон тариа
бөхөлздөг” гэдэгтээ агаар нэг. Модны хувьд нэмж тодотгоход, салхины эсрэг горзойгоод
зогсоод байвал нэг л өдөр үндсээрээ булга үсрээд унана гэсэн далд санаа яваад байгаа.
Дорно дахины цэцэн мэргэн сургаалуудаас тогтож уншаад, ухаарч бодмоглоход эрдэнийн
чулуу адил гэрэлтэж байдаг гайхмаар үг өгүүлбэр, тарни мэт шад мөрүүд зөндөө. Энэ
бүхэн нарийндаа бол уян хатан чанар, бие биеэ мэхийн хүндэтгэх, хүндлүүлэх харилцааны
соёлын үнэт сургаалууд билээ.

Гэвч ахмад
буурлуудаа дээдлэх, ач гавьяа, алдар замналыг нь хүндэтгэхээс аваад дорнын соёл,
сэтгэлгээний үндсэн элемент мэндлэх хүндлэх ёс Монголд үгүй болжээ. Бүр ул мөргүй
алга болж байна уу даа гэх бодол төрөх аж. Амьдарч буй нийгмээ, эргэн тойрноо эрүүл
саруул ухаанаар нэг харъя л даа. Ахмадаа дээдэлж, туулж өнгөрүүлсэн он жилүүдийнх
нь үүх түүхээр тэгтлээ бахархаж байгаа бил үү. Үр хүүхдээ энхрийлэн хүндэтгэж, хайрлан
энэрч байна уу. Нялх балчир үртэйгээ зэрлэг балмадаар харьцаж, гарынхаа зугаа болгож
байгаа жигшмээр хэрцгий хэрэг тасрахгүй байна. Дунд сургуулийн сурагчид самбарын
өмнө хичээлээ зааж байгаа багшийнхаа араас бүгд салаавч гаргаж, дунд хуруугаа гозойлгосон
зураг цахим ертөнцөд хоёрхон хоногийн өмнө тавигдсан байна лээ. Энэ чинь юу гэсэн
үг вэ. Эрдэмт багшаа хүндэтгэх, бичгийн мэргэдээ дээдлэх өнөө дорнын соёл минь хаачив.
Ул мөргүй алга боллоо гэсний нэгэн жишээ энэ л дээ.

Мөн залуу
үеэ хүндэтгэж, алдаа оноог нь дэнслээд хэлчих саруул ухаантай, аливаад буйртай нуруулаг
ханддаг, өнөө “найгадаг мод хугардаггүй” гэдэг шиг өвгөд үгүй болжээ. Нэг л их цэцэрхсэн,
гоморхсон, цээжээ дэлдэж эх оронч царайлсан, залуу үеэ ор тас үгүйсгэсэн “сахалтай
эмгэд” хаа сайгүй олширсон санагдана. Монголын нийгэм ийм хахирган хүйтэн, хүүхэд
хөгшидгүй уур бухимдлаар сагаж, муу муухайгийн үүр уурхай болсон нь ердөө л бидний
зан чанартай холбоотой. Бид юуг ч тэвчиж тэсвэрлэж, хичнээн дургүй хүрсэн ч мэндлэх
хүндлэх ёсоо алдаагүй дорнын соёлоо уландаа гишгэснийхээ горыг одоо амсаж байна.
Япон, Солонгост ажиллаж амьдарч, сурч байсан найз нөхөд ойр дотнын маань хүмүүс
Монголд ирээд, нийгмийн энэ их уур бухимдал нэгийгээ харааж зүхэж буйг үзэж сонсоод
хэлэх үггүй болдог. Монголоо хичнээн их санаж, сайн сайхан зүйл хийж бүтээхийн агуу
их хүсэл тээж ирсэн хүмүүсийн өөдөөс бид тэгж л нулимж угтдаг болжээ. Энэ байдлаараа
Монголын ард түмэн соёлт хүн төрөлхтний өөдөөс нулимж, энэ дэлхийн бөмбөрцөгт нүүрээ
хийх газаргүй зэрлэг бүдүүлэг омгийнхон болж хувирах нь.

Дорнын соёлын
голлох үндэстэн болох Японд “Өөрийгөө буруутгах соёл” гэж байдаг. Тухайн хүнд дургүй
байсан ч та инээж, бөхөлзөх хэрэгтэй. Чиний буруу байлаа ч өөрийгөө буруутгах ёстой
гэсэн бичигдээгүй хууль бий. Уг соёл, ёс жаягаа баримтлаагүй, манайхаар бол хар
амиа бодож толгой дээгүүр явсан нөхөд яалт ч үгүй нийгмээсээ шахагддаг гэсэн. Энэ
тухай япон судлаач Д.Төмөрбаатар нэгэнтээ бичиж байв. Гэтэл монголчууд бид ноён
зантай, бөхийж мэхийхийг мэддэггүй хүмүүс. Үүний үр дүнд яав. Хар яр хийж нохой
шиг хэрэлдэж хэмлэлдсэн нийгмийг бий болголоо. Өөр гэгээтэй юм алга “Капиталист
нийгэмд улс орон минь шилжиж байна. Монголчууд бид нэгийгээ хүндэтгэн бөхөлзөх хэрэгтэй
байна. Бид чинь бүгд гэдгэр зантай хүмүүс. Гуйлгачин нь хүртэл гэдрэг гэдийж байх
юм” гэж “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,
нэрт нийтлэлч Жамбалын Мягмарсүрэн аль тэртээ ерээд онд “Гэдгэр гуйлгачин” нийтлэлдээ
бичиж байсан.

Монголчууд
гэдгэр ноён зангаа орхиж нэгнийхээ өмнө мэхийн ёсолдог, хүндэтгэлтэй хандан мэндчилдэг
болох хэрэгтэй. Үндсэндээ дорнын соёлын гол зүйл болох үг өнгөрөөж сурах хэрэгтэй.
Үүний тулд харилцааны тухай хууль гаргамаар байна. Уг хуульд “Монголчууд уулзсан
хүнтэйгээ мэхийн ёслох учиртай”, “Албан газрын хүмүүс сайн байна уу гэж хэн нэгэндээ
хүндэтгэлтэй хэлж ажлаа эхлэх ёстой” гэх зэргээр зааж өгмөөр байна. Мөн дээрх хуулинд
“Тухайн албан газар орсон хүн харилцааны тухай хуулийг дагаж мөрдөлгүй, албаны хүмүүстэй
мэхийж ёслоогүй бол түүний асуултад хариулахгүй байж болно” гэдэг ч юм уу, эсвэл
“Ахмад настан, бичгийн мэргэд, төрийн түшээд гээд нэртэй төртэй хүмүүст тухайн хүн
45 градус бөхийж мэндчилнэ” гээд заачихад ч буруу нь юу байх билээ. Дорнын соёлтой
улс үндэстэн ингэж л мэндчилж, халуун дотно, найрсгаар жаргалтай аж төрж байна.
“Өрнө, дорнын үндэстэн угсаатны соёлын ялгаа олон зүйлээр илэрдгийн дотор мэндлэх,
хүндлэх ёс багтдаг. Өрнө дахины хүмүүс гол төлөв гар барьж мэндэлдэг. Дорно дахины
уламжлалт мэндчилгээ бол гар барьдаггүй. Хоёр гараа цээжиндээ аваад бөхийж мэндчилдэг.
Энэ бол дорно дахины ард түмний соёл, сэтгэлгээний үндсэн суурь юм. Өрнө дахины
мэндчилгээнд төвөөс зугтах хүч үйлчилдэг бол дорнын мэндчилгээнд төвд тэмүүлэх хүч
үйлчилдэг” гэж хятад судлаач доктор М.Чимэдцэеэ хэлсэн.

Монголчууд
хүний урд төрөл нь нохой байсан гэлцэх нь бий. Нохой байж байгаад хүн болсон гэж
ярьдаг. Өнөөгийн нийгэм цаг үеийг, монголчуудын аж амьдрал, соёл, зан харилцааг
харахад бид чинь хүн байж байгаад эргээд нохой болж байгаа юм биш биз дээ гэх бодлыг
төрүүлж байна. Хичнээн алдар суутай, бахдам гавьяатай, төрийн өндөр алба хашиж буй
хэн ч байсан нийгэм хүндэтгэхээ байж. Үгийг нь сонсч, үзэл бодлыг нь хүлээж авахаа
байж. Цахим ертөнцөөр нэгийгээ элдэв дээдээр зүхсэн, хараасан, хэмлэсэн хүмүүс л
байх юм.

“Гүррагчаа
баатрыг цагаа олж төржээ гэж би баярладаг. Хэрвээ өнөөдөр төрсөн бол монголчуудын
энэ атаа жөтөө тэр хүнийг сансрын хөлөгт суулгахгүй. Монгол Улс сансрын нисгэгчгүй
байх байсан” гэж төрийн тэргүүн “Сэтгэлгээний хувьсгал” нийтлэлдээ өгүүлсэн удаатай.
Бид ийм л нохой шиг нийгмийг бий болгочихлоо. Одоо үүнээсээ больж дорнын соёлын
язгуур нийгмээ байгуулах хэрэгтэй байна. Эрхэм төрийн түшээд харилцааны тухай хууль
даруйхан санаачлан батлаадахаач. Монголчууд дугаарын хязгаарлалтыг яаж даган мөрдөж,
замын хөдөлгөөний хуулийг дор бүрнээ сахиж байгаа шигээ харилцааны тухай хуулийг
хүндэтгэн хүлээн авах болов уу. Тэгэхгүй бол дорнын соёлоо уландаа гишгэж, нохой
шиг нийгэмдээ хэмлэлдэн амьдарсаар байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *