Categories
мэдээ нийгэм

МЗХ “аравт”-ын системийг нэвтрүүлжээ

Чингис хааны цэрэг эрсээ “аравт”-ын системт оруулан, ухаалгаар удирдан жолоодож байсан талаар түүхийн сурвалж бичгүүд дээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Тодруулбал дайчдаа арав арваар нь хуваарилан, нэг нь бусад есөн дайчдаа захирахаас гадна тэд нэг нэгэндээ тусалж, бусдынхаа төлөө хариуцлага хүлээдэг байсан. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос эцэг өвгөдийнхөө амжилт ололтын их замд хэрэгжүүлж байсан энэхүү уламжлалаа сэргээн өнөөгийн залуусыг хариуцлагаар нь нэгтгэн аравтын системийг дахин нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэн өнгөрсөн сарын 25-нл анхны аравтаа байгуулсан юм.

Үүний гол зорилго, ач холбогдол нь хүнийг хүний үнэ цэнэтэй болгож, нэг хүн бусад есөн хүндээ хариуцагддаг, бусдынхаа төлөө санаа тавьдаг, болохгүй байвал зөв болгох гэж зааж чиглүүлдэг гэх зэргээр залуусыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж үүрэг хариуцлагаа ухамсарладаг зөв иргэдийг бий болгох юм.

Аравтад нэгдэж буй залуус ямар ч үзэл бодолтой, ямар ч итгэл үнэмшилтэй, ертөнцийг харах өнцөг нь ямар ч байж болно. Гагцхүү хариуцлагаараа л нэгдэх нь чухал гэдгийг тодотгож байна. Зохион байгуулалтын хамгийн шилдэг тогтолцоо болох аравтыг өнөөгийн нийгэмд хэрэгжүүлснээр багийн ажиллагаа сайжрах, залуусыг нийгэмд байр сууриа олоход нь дэмжих, тэдний санал санаачлагыг түгээх, нийгэмд зөв үлгэр дууриалал үзүүлэх ач холбогдолтой гэж МЗХ-оос үзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *