“Moody’s” агентлаг “Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэлийг “Caa2” зэрэглэлээс “Ca” болгож бууруулсан гэнэ. Тус корпорацийн бэлэн мөнгөний нөөц болон хөрөнгийн урсгал ойрын хугацааны өр төлбөрөө барагдуулахад хангалтгүй гэж дүгнэсэн байна.
“Ca” зэрэглэл нь “Moody’s”-ийн үнэлгээний системийн доороосоо хоёр дахь үнэлгээнд тооцогддог. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд default буюу төлбөрийн чадваргүй болох магадлалтай аж. Нэг ёсондоо өр төлбөрөө нөхөн барагдуулах магадлал 35-аас 65 хувь гэж үздэг байна.
“Mongolian Mining Corporation” өнгөрсөн долоо хоногт оны эхний хагас жилийн тайлангаа танилцуулсан бөгөөд уг тайланд бэлэн мөнгөний нөөц нь өнгөрсөн оны сүүлийн хагасаас 183 сая ам.доллараар буурч, 70 сая ам.доллар болсон гэж мэдээлсэн юм. Бэлэн хөрөнгийн нөөц ийнхүү буурч байхад тус компанийн өр, зээлийн үлдэгдэл үүнээс бага хурдаар буюу 59 сая ам.доллараар хасагдаж, 814 сая ам.доллар болжээ. Ирэх зургаан сарын хугацаанд корпораци зээлийн үндсэн төлбөрт 30 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 32 сая ам.долларыг тус тус барагдуулах ёстой юм байна.
Түүнчлэн есдүгээр сард “QGX Holdings”-ийн өрийн бичгийн төлбөрт 69 сая ам.долларыг төлөх шаардлагатай боловч “QGX Holdings” төлбөрийн хугацааг дахин сунгах магадлалтай гэж “Moody’s” мэдээлжээ. Цаашид зардлаа нэмж бууруулах цөөн арга зам үлдсэн гэдгийг “Moody’s” онцолжээ.