-Монголын нийгэм ялзарсан байна-
Л.Гансүх нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд ямар мэдээлэл өгсөнийг бид мэдээлж байгаа. Тэрбээр энэ хэргийг зохиомол байсныг хэлээд зохиомол хэрэг үүсгэсэн гэрчүүд нь ирээгүйгн тодотголоо. Мөн цааш нь “Шинэчлэлийн Засгийн газар хоёр жил гурван сар ажиллахдаа гурван зорилт дэвшүүлсэнээ хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлье, хоёрдугаарт төрийн хүнд суртлыг арилгая, гуравдугаарт том том бүтээн байгуулалтыг дэмжье гэсэн. Төрийн хүнд суртал арилсан. Том том бүтээн байгуулалтын ажил эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Ард түмний ахуй амьдралыг дээшлүүлэхийн тулд ядаж зардлыг нь бууруулъя гэж ажилласан. Үүний тулд шатахууны үнийг тогтворжуулж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг нэг түвшинд барих хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Цементийг гэхэд дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Мөн найман хувийн хүүтэй зээл олгодог болж олон хүний зардлыг бууруулсан. Үүнээс гадна үр дүнгээ маш сайн өгсөн хөтөлбөр нь “Нүүрс”. 2012 оны арваннэгдүгээр сараас Засгийн газрын 11-11 төвд хүйтэрлээ, хэцүүдлээ гэх мэдээлэл их ирсэн. Энэ дагуу тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 80 мянгаар иргэдэд хүргэх боломж байгааг судалж, “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчиллийн ажлыг сэтгэл, зүтгэл гаргаж хийдэг. Сэтгэл, зүтгэл гаргаж өдөр шөнөгүй зүтгэх нь хүн нь ахлах зөвлөх Л.Гансүх байсан учраас түүнд хариуцуулсан. Гэхдээ бүх шийдвэрийг Л.Гансүх биш Засгийн газар гаргасан. “Нүүрс” хөтөлбөр хоёр жил амжилттай хэрэгжсэн. Хохирсон хүн, байгууллага нэг ч байхгүй. Багануурын нүүрсний уурхай ашигтай ажиллаж анх удаа ажилтнууддаа таван сарын цалинтай тэнцэх урамшуулал олгосон. Ард түмэн нэг машин нүүрсийг нэг сая төгрөгөөр авдаг байсан бол 500 мянга хүрэхгүй төгрөгөөр авч байсан. Гэтэл улс төрийн захиалгаар зохиомол хэрэг үүсгэчихсэн. Энэ бол цөөн хүний захиалга. Хэн, хэн захиалсныг та бүхэн бараг гадарлаж байгаа. Монголд зохиомол хэрэг үүсгэж, хилс хэрэгт ялладаг байдал уламжлал болох нь. Төрийн байгууллагынхан гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг гэмтэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг нь маш аюултай үзэгдэл. Ийм аюултай үзэгдэл Монголын нийгэмд бий боллоо. Ерөөсөө Монголын нийгэм хэдхэн хүний гарт оржээ. Нам дамнасан хэдхэн хүний гарт орчихсон байна. Би анхнаасаа МАНАН байгуулахын эсрэг байсан. Энэ нь ч зөв гэдэг нь одоо харагдаж байна” гэв.