Categories
мэдээ цаг-үе

М.Алтан-Өлзий: Шүүхийн өмнөх шатанд маргааны 80 гаруй хувийг эвлэрүүлэн шийдвэрлэсэн

Ази, Европ бо­лон дэл­хийн олон улс оронд эвлэрүүлэн зуучлах тогтолцоо сайн хөгжсөн байдаг. Харин манай улсад шинээр хөгжиж байгаа. Аливаа маргааныг шүүхээр шийдвэрлэхээс гадна шүүхийн бус журмаар шийдвэрлэдэг аргын нэг нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм. Иргэний эрх зүйн маргааны 50 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэгддэг гэсэн судалгаа байдаг. Харилцан тохиролцож шийд­вэрээ гарган маргаа­ныг дуусгана гэдэг бол маш том соёл, ухамсар, хүнд байх л ёстой ухааны хэмжүүр гэдэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж эхэлснээс хойш маргааны 80 гаруй хувь нь шийдэгдэж байгаа аж. Энэ талаар өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч М.Алтан-Өлзий­тэй ярилцлаа.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр дүнгээ өгч байна гэсэн мэдээллийг авлаа. Эвлэрүүлэн зуучлах эрх зүйн орчин манай улсад хэр бүрдсэн байдаг юм бэ. Энэ асуултаас яриагаа эхлэх үү?

-Японы засгийн газрын харьяа гадаад харилцааны хамтын ажиллагааны байгууллага болох JICA, Улсын дээд шүүх, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг өөрийн улсад бий болгох, хөгжүүлэх, мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагчдыг сургаж бэлтгэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажилласан. Үүний үр дүнд багагүй хугацааг ардаа орхисон байна. Өнөөдөр Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь манай улсад бодит биелэлээ олж, хууль эрх зүйн орчин бүрэн бүрдсэн гэж үзэж байна.

-Улсын хэмжээнд хич­нээн эвлэрүүлэн зуучлагч байдаг юм бэ. Үүнээс хэд нь шүүхэд ажилладаг юм бол?

-2011 оноос хойш “Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх, мэргэшүүлэх” сургалтад хамрагдсан, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд 505 эвлэрүүлэн зуучлагч бүртгэгдсэн байна. Нийт эвлэрүүлэн зуучлагчдын ойролцоогоор 10 хувь буюу 43 нь анхан шатны шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж байна. Хүмүүсийн хоорондох маргаан голчлон төрөл садан, найз нөхөд, танилын хүрээнд үүсдэг. Тэд төрөл бүрийн эрхийн харилцаанд оролцохдоо харилцан итгэлцлийн үндсэнд ямар нэг баримт бичиг үйлддэггүй. Гэтэл тохиролцоогоо зөрчиж итгэл алдсанаар үл ойлголцол бий болж эцэс төгсгөлгүй маргаан үүсч, эдийн засаг, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд дарамт болдог. Энэ нь эцэстээ бие биеийнхээ дээр гарах гэсэн тэмцэл болж хувирна. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм.

-Энэ оны хагас жилийн байдлаар маргааны 80 гаруй хувийг эвлэрүүлэн зуучилсан гэсэн статистик мэдээ гарсан байна. Энэ тухай баримт түшиглэн ярих боломж байна уу?

-2015 оны эхний хагас жилийн байдлаар шүүх Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд 7598 өргөдөл хүлээж авсан байна. Үүнээс 5100 гаруй өргөдөл амжилттай шийдвэрлэгдэж, маргаан бүхий талууд шүүхийн өмнөх шатанд эвлэрэн хэлэлцэж маргаанаа шийдвэрлэсэн. Энэ мэдээгээр бол маргааны 80 гаруй хувь нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байна гэсэн үг.

-Эвлэрүүлэн зуучлахын давуу тал нь чухам юу юм бэ. Бусдын нууцыг хэр хадгалдаг бол?

-Эвлэрүүлэн зуучлалаар маргааныг шийдвэрлэх үед талууд хэн хэндээ таатай нөхцөл сонгож, сэтгэлд нийцсэн шийдвэрт хүрдэг. Тухайн шийдвэр нь биелэх магадлал өндөр. Цаг хугацаа алдахгүй, эдийн засгийн хувьд зардал багатай, маргаанаа хурдан шуурхай шийдвэрлэх боломжтой. Харин шүүхийн маргаан нотлох баримт шаардана, хуульд заасан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна, анхан, давж заалдах, хяналтын гээд шүүхийн гурван үе шатыг дамжина. Шүүхийн шат болгонд улсын тэмдэгтийн хураамж төлнө. Дараа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар дуусдаг. Гэтэл эвлэрүүлэн зуучлалаар талууд маргаантай асуудлаар түргэн шуурхай тохиролцоонд хүрч чадвал Эвлэрлийн гэрээ байгуулаад л дуусгавар болох боломжтой. Ямар ч маргаанд улсын тэмдэгтийн хураамж төлж байгаа нь шүүхэд төлж буй улсын тэмдэгтийн хураамжаас бага. Мөн эвлэрүүлэн зуучлалыг хаалттай явуулна. Маргааны шийдэл талуудаас хамаарч тэдгээрийн ашиг сонирхолд нийцэж байдаг. Нууцыг хадгална. Талуудын маргааныг зуучлагчаас өөр хүн мэдэх боломжгүй. Энэ бол маш хэрэгтэй, ийм аргаар маргааныг шийдвэрлэх нь илүү үр дүнтэй болохыг олон улс орон хүлээн зөвшөөрч, өөр өөрийн арга барилаар хэрэгжүүлж байгаа.

-Гадаадын улс орнуудад ямар байдаг юм бол?

-Японд эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх маргааны тоо жил бүр өссөөр байдаг, маргалдагч талууд ч эхний ээлжинд эвлэрэх ажиллагаанд оролцоно гэдэг ойлголттой болсон. Энэ аргыг ганц шүүгч бус өмгөөлөгч, эрх зүйч, энгийн иргэд ч дэмждэг. Улам боловсронгуй болсоор байгаа юм байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь хүмүүс нэгэнтэйгээ ярилцаж чаддаг, нээлттэй байж чаддаг, найз нөхөд, түнштэйгээ харилцаагаа хэвээр үлдээх, эв найрамдалтайгаар маргааныг шийдвэрлэдэг, цаг хугацаа, зардал хэмнэдэг олон давуу талтай. Энэ бол шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх арга юм.

-Эрэлт хэрэгцээг дагаад Эвлэрүүлэн зуучлах төвтэй болох шаардлага гарч ирж байгаа гэсэн. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Нэгэнт хууль, эрх зүйн орчин бүрдсэн, энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэн байгаа учраас цаашдаа төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын дэргэд Эвлэрүүлэн зуучлалын төвүүд байгуулагдах чиг хандлага, зарим тохиолдолд зүй ёсны шаардлага урган гарч ирж байна. Эдгээр эвлэрүүлэн зуучлалын төвүүдэд юуны өмнө мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлд бүртгэгдсэн, түүн дотроо өмгөөлөгч нар тэргүүн ээлжинд ажиллах боломжтой юм. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн наймдугаар зүйлд “Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагч” гэсэн заалт бий. Үүнд 8.1.Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажил­луулж болно. 8.2.Энэ хуулийн 8.1-д заасан зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулна гэсэн байдаг. Үүнээс гадна эвлэрүүлэн зуучлагч-өмгөөлөгч нь бүх анхан шатны шүүхүүд дээр орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *