Categories
мэдээ спорт

Өнөөдөр багийн барилдаанууд болно

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдөр буюу өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөнө. Өнөөдөр болох багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцоно. Манай эрэгтэй баг эхний барилдаанаа Кубa, эмэгтэй баг Казахстаны багтай хийхээр оноолт таарчээ.

Өчигдрийн хувьд эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналт VII байрт оров. Тэрээр торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровтой барилдаж, вазари үнэлгээ алдсанаар хожигдлоо.

Н.Түвшинбаяр энэ өдөр өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровыг дийлсэнгүй.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн +78кг-ийн жинд О.Жавзмаа эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт олимпийн аварга, дэлхийн хошой аварга Кубын жүдоч И.Ортизод хожигдсон.

Монголын шүүгч Машбатын Бөхбат энэ өдөр шийдвэрлэх барилдааныг дэнсэллээ. IJF-ийн Шүүгчийн зөвлөлөөс 15 шүүгчийг ДАШТ-д томилсон бөгөөд Ази тивээс дөрвөн шүүгч багтсаны нэг нь тэр юм. М.Бөхбат дэлхийн аваргыг шүүж буй Монголын хоёр дахь шүүгч боллоо. 2007 онд Дамдин багш дэлхийн аваргыг шүүж байжээ.

137 орон чуулснаас 120 орон оролцож буй энэ удаагийн дэлхийн аваргаас 23 орон ямар нэгэн медаль авлаа. Багийн дүнгээр Япон улс 6 алтан медаль, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар илт тэргүүлсэн бол Франц, БНСУ хоёр алт, Казахстан, Словени, БНХАУ, Аргентин улсууд тус бүр нэг алтан медаль авлаа. Манай улс гурван хүрэл медаль, шагналт байранд 5 жүдоч орж, XII байрт жагслаа. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль, эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, олимпийн аварга Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдээс А.Цолмон VII байр эзлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *