Олон улсын хүүхдийн VI наадам ОХУ-ын Буриад улсын Кабаны районы “Энхалук” спортын зуслангийн Биеийн тамир, спортын цогцолборт үргэлжилж байгаа билээ.
Наадмын чөлөөт бөхийн охидын 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх Ш.Шүрэнцэцэг алт, 62 кг-д Б.Сарнай хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний 48 кг-ын жинд барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнаран аваргалсан таатай мэдээ байна. Мөн жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн тамирчин Б.Сэлэнгэ хүрэл медаль хүртжээ.
Охидын 57 кг-ын жинд хүч үзсэн Налайх дүүргийн тамирчин Г.Энхсувд жиндээ аваргалсан аж. Мөн жинд барилдсан Өмнөговь аймгийн тамирчин Н.Энхтуяа хүрэл медалийн эзэн болсон байна. Хөвгүүдийн 46 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Г.Сүхбаатар мөнгөн медаль хүртжээ. 50 кг-ын жинд Дархан-уул аймгийн тамирчин Д.Жамсранжав мөн хүрэл медалийн эзэн болжээ. 58 кг-д А.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол 63 кг-ын жинд н.Оюундалай мөнгө, Орхоны Б.Бат-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ.