УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сонгогдсон тойргийнхоо эмзэг бүлгийн болоод өнчин хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл өглөө. Жуковын хөшөөний өмнөх талбайд болсон энэхүү арга хэмжээнд Баянзүр, Налайх дүүргийн иргэд олноор ирсэн байв. Энэхүү арга хэмжээнд дээрх хоёр дүүргийн хороо бүрийг хамруулсан бөгөөд нийтдээ 150 хүүхдэд цоо шинэ хичээлийн хэрэгсэл гардуулсан юм. Эрхэм гишүүн хүүхэд бүрийн нас болоод ангийнх нь онцлогт тохируулан өөр өөр өнгө загварын цүнх сонгожээ. Энэ нь ч хүүхдүүдэд маш их таалагдаж байв. Мөн иргэд “Эдийн засаг хямарсан энэ үед хичээлийн хэрэгсэл бэлдэж өгсөн Ж.Батзандан гишүүнд талархаж байна” гэлээ. Зарим иргэдийн сэтгэгдлийг сонирхсон юм. БЗД-ийн тавдугаар хорооны иргэн Б.Ариунзаяа “Цалингаа буухыг хүлээгээд хичээлийн хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээгүй байсан. Яг ийм үед хичээлийн хэрэгсэл өгж байгаад баяртай байна. Гадуур хичээлийн хэрэглэл үнэтэй байлээ. Ялангуяа есдүгээр сарын 1-ний өдрийг угтаад хичээлийн хэрэглэл, хувцас зэргийн үнэ нэмэгдчихдэг. Нэг хүүхдэд гэхэд 300 гаруй мянган төгрөг зарцуулахаар тооцоо гарч байсан. Манайд гэр бүлд хоёр хүн ажил хийдэг. Гэтэл таван хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэх нь бидэнд хүндрэлтэй” гэв. БЗД-ийн 21 дүгээр хорооны иргэн Я.Батбаяр “Би сургуульд сурдаг хоёр хүүхэдтэй. Хүмүүсийн ярианаас сонсвол нэг хүүхдийн хичээлдээ орох зүйлсийг нь авахад хамгийн багадаа 400 зуун мянга болж байна гэсэн. Цалингийн доод хэмжээгээр цалинждаг надад хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд хүндрэлтэй. Харин Ж.Батзандан гишүүн нуруун дээрээс минь энэ хүнд ачаа аваад хаячих шиг л боллоо” гэв.
Үзэг, харандаа, бал, шугам, дэвтэр гээд цөм багтсан шинэхэн цүнхээ үүрсэн багачууд маш их аз жаргалтай харагдаж байлаа. “Ийм гоё хичээлийн хэрэгсэлтэй болсон юм чинь би заавал онц сурна аа” гэж энэ жил нэгдүгээр ангид орох хэвлүүлэн хүү хэллээ.
Ж.Батзандан гишүүн сонгогдсоноосоо хойш тойрогтоо олон ажлууд хийжээ. Хэд хэдэн хууль санаачлан батлуулснаас гадна тойрогтоо ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа гэсэн. Тухайлбал, түүний сонгогдсон тойрогт өмнөх жилүүдэд ердөө зургаан тэрбум төгрөг баталдаг байжээ. Харин 2014 оноос хойш 60 тэрбум төгрөг төсвөөс батлуулж байсан гэнэ.
Эрхэм гишүүн хүүхдүүдэд тун их элэгтэй. Тэднийг маш дэмжиж ажилладаг болохыг иргэд хэлж байв. Ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийн нийгмийн амьдралд ихээхэн анхаарлаа хандуулдаг ажээ. Ирэх есдүгээр сард тэрбээр тойрогтоо бүтэн ажиллаж, иргэдтэйгээ уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ.
Г.Даваамаа