Цэрэгт байсан анд маань тааралдаж жаал хууч хөөрөв. Тэрээр
одоогийн залуусыг “хайран залуу нас”-аа үрж байгаад харамсаж байгаагаа ярив. Олон
жил уулзаагүй болохоор түүнийг залуу насаа хэрхэн өнгөрөөснийг сонсоод үнэхээр өнөөгийн
залуус хайран цагаа алдаж буйг ойлгов. Цэрэгт байхдаа анд маань сумны хонгиогоор
элдэв зүйл хийдэг байсан. Түүнийг нь хэн ч анзаарахгүй. Харин манай хүн эхнэр лүүгээ
өгч заруулдаг байсан юм байна. Хоёр хүүхэд, эхнэрээ орхиод цэрэгт татагдсан тэрээр
гурван жилд хөөрхөн хэдэн төгрөг гэр лүүгээ явуулж амжсаныг би мэдээгүй өнгөрч.
Цэргээс халагдаад найз маань Дэнжийн мянгын зах дээр бидний ярьдгаар дэрсэн шүүр
хийж зараад хэдэн төгрөг олсон. Гэтэл арай их мөнгө олох үед нь захын байцаагч авлигаа
нэмсэнгүй гээд цагдаад бариад өгчихөж. Дараа нь самарт явж хэдэн төгрөг хийгээд
бас баригдаж, дамын наймааны давтан хэргээр 14 хоног 111-т хоригдсон аж. Зээлээр
авсан хашааных нь жаахан төлбөр дутуу байсныг далимдуулж эзэн нь өөр хүнд арай илүү
үнээр зарчихаж. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж. Харин 1990 он
гарч МоАХ МАХН-ын Улс төрийн товчоог
огцруулснаар мань эр наймаа хийж байр, машинтай болж хоёр хүүхдээ өөрийн зардлаар
гадаадад сургаж чаджээ. Залуу насандаа хатуу хөтүүг туулсны гороор тэрээр бөөрний
өвчин туссан ч эхнэртэйгээ сэтгэл хангалуун амьдарч байна. Хүүхдүүд нь түүнийг ажил
хийхийг хориглож компаниасаа тэтгэмж олгож байгаа гэнэ.
Х.БАТТӨГС