Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт “Ерөнхий сайд
МАН-ын зургаан сайдыг огцруулах нэрсийг оруулж ирэх үү” гэдэг дээр бүтэн өдрийг
авсан. Ерөнхий сайдын хувьд УИХ-ын даргад зургаан сайдын нэрийг өргөн барихаар
оруулж ирсэн ч хуулийнхнаараа хянуулах шаардлага гарсан тул буцаасан гэх
мэдээлэл байна. Харин баасан гаригийн үдээс хойш Ерөнхий сайд Их хурлын дарга
З.Энхболдын өрөөнд орсон ч зургаан сайдыг огцруулах нэрийг өргөн барилгүйгээр
харин ч эсрэгээрээ шаардлага хүргүүлсэн юм.
Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг УИХ-ын дарга, АН-ын
дарга З.Энхболд та Ерөнхий сайд бол эсвэл би Ерөнхий сайдын хувиар АН-ын даргын
суудлаа авъя гэсэн шаардлага оруулжээ. Үүнийгээ ҮЗХ-ны хурлаар оруулж шийдэх
ёстой гэсэн ч АН-ын ҮЗХ хуралдахгүй бололтой. Учир нь ҮЗХ-ны шийдвэр гаргах эрх
нь Гүйцэтгэх зөвлөлдөө шилжсэн тул заавал хуралдах шаардлагагүй гэж үзэж байгаа
бололтой. Харин Гүйцэтгэх зөвлөл нь зургаан сайдыг явуулах ёстой гэдэг
шийдвэрээ аль эрт гаргаад байгаа билээ. Харин УИХ дахь АН-ын зарим гишүүдтэй
холбогдоход зургаан сайдыг огцруулна гэсэн хариултыг өгч байсан юм.
АН-ын ҮЗХ 228 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн гуравны
нэгийн гарын үсэг зурагдсан нөхцөлд 14 хоногт багтаан ҮЗХ-ны хурлыг
хуралдуулна. Түүнчлэн Ардчилсан намын дарга 30 хоногийн өмнө тушаал гаргаж,
Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол гарснаар мөн ҮЗХ хуралдах бас нэг боломжтой юм
байна. Энэ тухайгаа АН-ын дүрмийн 4.2.2, 4.2.3-т заачихсан байдаг аж.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ҮЗХ-ны 228 гишүүний нэг
тул ганц хүний шаардлагаар хуралдах боломжгүй гэж үзжээ. Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг ҮЗХ-ны хувиар бус Ерөнхий сайдын албан бланк дээр шаардлагаа
хүргүүлсэн тул Гүйцэтгэх зөвлөлөөс нь түүнд хариуцлага тооцож магадгүй болоод
байгааг эх сурвалж хэлсэн юм.
Ямартаа ч өнөөдөр бүлгийн хуралдаанаараа энэ талаар
ярилцаж Ерөнхий сайд кабинетынхаа зургаан сайдыг огцруулах бичгээ өргөн
барихгүй бол АН УИХ дахь гишүүдийнхээ дундаас нэрсийг өргөн бариулах асуудлыг
шийдвэрлэхээр болсон хэмээн яригдаж байна.
Э.БОЛД