Categories
мэдээ нийгэм

“Шидэт зөгий” эмнэлэг, алив өвчнийг амьд зөгийгөөр анагаана

Амьд зөгийн шидээр биеийн өвчин зовиур нь илааршсан олон хүн манай сонинд хандан зөгийн эмчилгээний талаар олон нийтэд сурталчлан таниулж өгөхийг хүссэн билээ. Ингээд уншигчдын хүсэлтээр “Шидэт зөгий” сувиллын газрыг зорилоо. Тэднийх БЗД-ийн II хороо Сансарын Колонкын замын хойно байрладаг аж. Биднийг очиход “Шидэт зөгий” сувиллын эмч су­вилагчид найрсгаар угтан авч зөгийн эмчил­гээнийхээ талаар танилцуулав.

Хүн үүсэхээс өмнө зөгий байсан гэж дэлхийн эрдэмтэд судалгааныхаа үр дүнгээр баталжээ. Өөрөөр хэлбэр зөгий нь богино настай боловч үржих, амьдрах чадвар сайтай амьтан. Сая сая жилийн шалгуурыг давж чадаагүй олон амьтан устаж үгүй болсон ч харин зөгий үүссэн цагаасаа өдийг хүртэл байгалийн шалгуурыг давсаар ирж. Ул­маар хүн энэхүү өвөр­мөц амьтны үүрнээс “амтат бал”-ыг нээж, басхүү санамсаргүй байдлаар хатгуулснаар өвчин нь зүгээр болж байгааг анзаарч эхэлсэн цагаас зөгийг сонирхон судалжээ. XIX зууны гуравдугаар хагасаас эхлэн дэлхий нийтээр зөгийг шинжлэх ухаанчаар судалж эхэлсэн нь өнөөгийн амьд зөгийн эмчилгээ, сувилгаа үүсэх үндэс суурийг нь тавьсан юм байна. Энэ тухай анагаах ухааны докторант Ц.Хулан ярилаа. Тэрээр анх 2008 оноос амьд зөгийн эмчилгээг эх орондоо нэвтрүүлж, өвчтөнүүдийг эмчилж эхэлсэн аж.

Зөгийн хатгуур буюу хор нь эх зөгий болон ажилчин зөгийд байдаг булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд зөгий биеэ хамгаалах зорилгоор ялгаруулдаг юм байна. Тэрхүү бодисын 98 хувь нь өнөөгийн шинжлэх ухаанаар судлагджээ. Судлагдахууны 80 хувь нь уураг буюу хүний биед шаардлагатай амин хүчлүүд гэнэ. Жил ирэх бүр дэлхийн зөгийн судалгаа улам гүнзгийрч шинэ шинэ нээлтүүдийг хийсээр байгаа бөгөөд Хятадад хорт хавдрыг зөгийн хатгуураар эмчилдэг томоохон су­виллын газар бий болсныг тэрээр сонирхууллаа. Харин “Шидэт зөгий”-н хамт олон одоогийн байдлаар 10 гаруй нэр төрлийн өвчнийг зөгийн хатгуураар эмчилж байгаа юм байна. Тодруулбал, Үе мөчний өвчнүүд буюу остеохондроз, радикулит, шохойжих, яс ургах, нурууны суулт зэрэг өвчнийг эмчилж байгаа юм байна. Мөн зөгийн хатгуур нь зүрх судасны өвчний эсрэг гоц гойд нөлөө үзүүлдэг байна. Ялангуяа, даралт ихсэх, буурах, цус хар­валтын дараа нөхөн сэргээх эмчилгээ, гэмтлийн улмаас үүссэн өөрчлөлт, Мэдрэлийн гаралтай өвчлөл, саажилт, арьсны өвчлөл зэргийг гойд эмчилдэг гэнэ.

“Шидэт зөгий” сувилалд одоогийн байдлаар 6000 гурай өвчтөн хэвтэн эмч­лүүлжээ. Өвчтөнүүд ч зө­гийн эмчилгээ сувилгаанд сэтгэл хангалуун байдаг аж. Тухайлбал, Н.Тунгалаг-Эрдэнэ хэмээх бүсгүй хөл дээрээ хөлдүү мах унагаснаас үүдэн хөл нь мэдээгүй болж суга таяганд ороод байхдаа “Шидэт зөгий”-н шидээр эдгэжээ. Хөл дээрээ мах унагах үедээ бүсгүй жирэмсэн байсан бөгөөд хүүхдээ төрүүлэх хүртлээ олон эмнэлгээр явсан ч тусыг эс олж эмчилгээгүй гэсэн хариу сонсч байсан гэнэ. Түүний хөлийн булчин 10-ын бидон шиг болтлоо хавдаж, үхжээд ус шүүрч эхлэх хүртэл нь явсаар 2012 онд “Шидэт зөгий”-н сувилалд 15 хоног хэвтэн эмчлүүлээд хөл дээрээ боссон тухайгаа сэтгэл догдлон хүүрнэлээ. Харин энэ удаа тэрээр нөхрийнхөө зүрх судасны өвчлөлийг эмчлүүлж буй бөгөөд эргэлтээр ирж таарсан юм.

Мөн Төв аймгийн Дэлгэр­хаан сумаас ирж хоёр дахь удаагаа хэвтэн эмчлүүлж буй Д.Уртнасан гуайгаас эмчилгээний талаар асуухад “Шидэт зөгийн эмчилгээ надад маш их мэдрэмж өгч байгаа. Ёстой нэрэндээ таарсан шидтэй газар. Өмнө нь би мөлхөөгөөрөө ирсэн юм. Уг нь би өөрөө бариач хүн. Хүний өвчин зовиурыг өөртөө авчихдаг юм байлгүй, дөрвөн мөч янгинаж өвдөөд хөл дээрээ тогтож чадахаа болиод байсан юм. Харин энэ жил дахин сувилуулж байна. Хүн гэдэг өвчин зовиургүй болоод ирэхээр залуужсан мэт сэтгэгдэл төрдөг юм байна. Улам залуужих гээд ирсэн. Эмч, сувилагчдынх нь харилцаа их сайхан, дандаа хүний сэтгэл санааг өөд нь өргөж, залуужуулж байдаг газар байна даа” гэв.

“Шидэт зөгий” су­виллын захирал, ерөнхий эмч Ц.Хулангаас зөгийн эмчилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Эмчилгээнийхээ зөгийг тусгайлан тэ­жээдэг үү. Зөгий­нөөс сонголт хийдэг үү?

-19 мянган төрлийн зө­гийнөөс сонголт хийж авдаг. Азийн балт зөгийг ихэвчлэн эмчилгээндээ ашигладаг. Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийчдөөс зөгийгөө авдаг.

-Нэг курс эмчилгээ нь хэдий хэр хугацаатай байдаг юм бол?

-Насны зааг, эмчлэх зөгийн балны хэмжээ, өвчтөний биеийн онцлог зэргээс хамаарч эмчлэх хугацаа янз бүр. Энэ эмчилгээнд тогтсон, ягштал баримтлах зүйл гэж байхгүй. Тухайн өвчтөнийг судалж байж тааруулж хийдэг юм. Ерөнхийдөө нэг курс эмчилгээ10-15 хоног. Энэ хугацаанд үр дүн гарна.

-Зөгийг өөр ямар төр­лийн өвчний эмчилгээнд ашиглах боломжтой вэ?

-Үргүйдлийг эмчлэхэд ашигладаг. Манайхаар 20 гаруй хүн эмчлүүлээд жирэмсэлсэн. ОХУ-ын нэг эрдэмтэн дан үргүйдлийг судалдаг. Түүний судалгааг харахад богино хугацаанд буюу 4-7 сарын дараа жирэмслэх боломжтой гэж байсан. Ер нь анагаах ухааны бүх салбарт зөгийн эмчилгээг нэвтрүүлэх боломжтой.

-Энэ эмчилгээг хийх явцад эм, тариа зэргийг хавсарч хэрэглэж болох уу. Мөн гам барьдаг уу. Ямар нэг ардын эмчилгээ хийхэд эм, тариа хэрэглэхгүй гэдэг?

-Эмийг хавсарч хэрэг­лэж болдог. Ингэсэн то­хиолдолд үр дүн сайн гарна. Эмийн эм­чилгээгээ нөхөн сэр­гээхтэйгээ хавсарна гэ­сэн үг. Ингэхдээ нарийн мэргэжлийн эмчийн хяналтын дагуу хэрэглэхийг зөвшөөрдөг. Мэдрэлийн эмч нь энэ эмийг уугаарай гэсэн байхад манайд ирсэн тохиолдолд тухайн эмчийн бичсэн эмийг уулгахгүй гэж хорихгүй. Харин B-гийн төрлийн витаминууд, цус шингэлэх бэлдмэл хэ­рэглэхгүй. Түүнчлэн сүрьеэ, элэгний хатуурал, бөөр нь өвдөөд цусаар шээж байгаа үед энэ эмчилгээг хориглодог. Дэлхийн эр­дэмтдийн анхаарлыг татаж байгаа эмчилгээ бол энэ.

-Эмчилгээний яв­цад сөрөг үр дага­вар ажиглагдаж байсан уу?

-Тухайн хүнд эм­чил­гээ хийхийн тулд эхлээд сорил тавьж энэ эмчилгээ зохих эсэхийг шалгадаг. Тохирохгүй хүнд хийхгүй. Гэхдээ миний эмчилсэн хүмүүст одоогоор тохи­рохгүй гэсэн онош гараагүй. Би харшлыг ч гэсэн эмчилж болдгийг баталж чадсан. Хамгийн гол нь тун юм. Мөн хэдэн хатгалтыг хаана нь хийх вэ гээд эмчилгээний ур чадвар их шаарддаг. Түүнчлэн өвчтөнөө сайн ажиглах хэрэгтэй.

-Амьд зөгийгөөр хат­гуулж байгаа болохоор зөгийндөө яаж нөлөөлдөг вэ?

-Зөгий нэг хатгаад 6-12 цагийн дараа үхдэг. Хатгахдаа 40 гаруй төрлийн байгалийн гаралтай эрдэс бодисыг хүний биед шахаж өгдөг. Өөрөөр хэлбэл, ямар ч бодисоор орлогдохгүй амин хүчил, уураг гэсэн үг. Зөгий өөрөө богино настай, 45 хоног л амьдардаг.

-Шинжлэх ухаанд хү­чин мөхөсдөөд эмчлэх боломжгүй гэх өвчнийг анагаасан тохиодол бий юу?

-Манайд дүлий хүүхэд ирсэн. Хоёр ч газар шин­жилгээгээ явуулаад сонсгол орохгүй гэсэн оноштой байсан. Зөгийн эмчилгээ хийлгээд сонсдог болсон. Одоо сургуульд явж бай­гаа.

“Шидэт зөгий” су­виллын газрын утас: 99993420, 99053420

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *