Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын автобаазыг Алтангадас одонгоор шагналаа

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монгол Улсын Засгийн газрын автобааз УТҮГ байгуулагдсаны 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна.

Засгийн газрын автобааз 80 жилийн өмнөх энэ өдөр найман автомашинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 210 ажилтан, 180 гаруй автомашинтай, 17,4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 75 хувийн парк ашиглалттай орчин цагийн том цогцолбор болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ хамт олны дундаас Монгол Улсын гавъяат тээвэрчин хоёр төрсөн байна.

Засгийн газрын автобаазын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус байгууллагыг Алтангадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан байгууллагын туганд нь зүүн өгч баяр хүргэж үг хэллээ. Тус баазыг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жил, Засгийн газрын автобааз УТҮГ байгуулагдсаны 80 жилийн ойг тус тус тохиолдуулан төр, засгийн үйлчилгээний салбарт мэргэжил, ур чадвараа зориулан хөдөлмөрлөсөн тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж Засгийн газрын автобааз УТҮГ-ыг Алтангадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 90 жил, Засгийн газрын автобааз УТҮГ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнагдсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Энэ төрийн дээд одон бол Засгийн газрын автобаазаар овоглосон, тэнд ажиллаж байсан үе үеийн тээвэрчид, бүх хүмүүс, одоо ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлсэн үнэлгээ, бүх хүнийг Алтангадас одонгоор шагнасантай дүйх шагнал юм. Энэ ялдамд та бүхний ар гэрийнхэн, хамт ажиллаж байсан найз нөхдөд дахин чин сэтгэлийн баяр хүргэе.

Аливаа шагнал, баярт үйл явдал бол өнгөрснөө дүгнэх, ирээдүйгээ төлөвлөх торгон агшин байдаг. Туурга тусгаар улс оронд төр, засаг байдаг. Төр, засаг байгаа газар үйлчилгээний алба, тэр дотор автотээврийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд төр, засагт үйлчлэх хүндтэй, хариуцлагатай ажил үүргээ амжилттай биелүүлж ирсэн та бүхнээр бахархаж байна.

Монгол Улс хөгжиж, олон улсын нэр хүнд нь дээшилж байна. Ирэх 2016 оны долдугаар сард Монгол Улсад АСЕМ-ийн дээд түвшний уулзалт болж, 50 гаруй орны өндөр, дээд хэмжээний төлөөлөгчид цугларна. Гаднаас 800-1000 сэтгүүлч ирнэ. Түүний өмнө 10 гаруй арга хэмжээ болно. Ийм өндөр арга хэмжээний үеэр Монгол Улсын нэр хүнд, хөгжил, дэвшилд та бүхний оруулах үзэгдэх, үл үзэгдэх хувь нэмэр чухал байдаг. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг Монгол Улсад амжилттай хийхэд Засгийн газрын автобаазад ажиллаж байгаа та бүхний үүрэг их юм. Аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм журам сахидаг, хөнгөн шуурхай, соёлч байдлаараа үлгэр жишээ үзүүлцгээе. Монгол Улсын нэр төр, нүүр царай ямар хэмжээнд харагдах вэ гэдэгт та бүхний үүрэг их гэдгийг бодож бэлтгэх хэрэгтэй. Улаанбаатарт жолоо барьж байгаа 200-300 мянган жолооч дунд та бүхэн үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд ажилласнаасаа илүү сайнаар ирэх он жилүүдэд ажиллах хэрэгтэй гэдгийг хэлье.

Та бүхний аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай гэж ерөөе. Эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *