Categories
мэдээ цаг-үе

Хубилайг Чингис хаан бусад ач нараасаа арай өөр гэж үнэлдэг байжээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрхлэгч Ц.Цэрэндоржтой ярилцлаа.

-Эзэнт гүрний их хаан Хубилайн 800 жилийн ой ирэх есдүгээр сард болох юм байна. Зарим түүхч түүнийг хаадын хаан гэх юм билээ?

-Монголын эзэнт гүрэн эзэн Чингис хаанаас авахуулаад маш олон хаадтай байсан. Бүгд тодорхой гавьяа байгуулсан түүхэн хүмүүс байсан. Энэ дотроос Хубилайг онцолж ярих учир шалтгаан бий. Хубилайг бол Монголын эзэнт гүрнийг хөгжлийн оргилд хүргэсэн хүн гэж хэлж болно. Чингис хаан тэргүүтэй түүний өмнөх хаад байлдан дагуулалт маш их хийсэн. Гэтэл Хубилай бол энэ байлдан дагуулалтыг үргэлжлүүлэхийн хамтаар эзэнт гүрнийг харьцангуй тогтвортой байдалд аваачиж, түүний үед Монголын эзэнт гүрэн хүн ам, газар нутгийн хувьд дээд цэгтээ хүрсэн. Хубилай байлдан дагуулалтыг гүйцээгээд, энх амгалан цагийг авчирсныхаа дараа Монголын эзэнт гүрнийг тохинуулах нөр их ажлыг хийсэн. Хубилайн байгуулсан Юань улстай холбоотой түүхийн маргаан байдаг. Юань улсыг Хятадын улс уу, Монголын улс уу гээд дэлхийн түүхчид маргалддаг. Ялангуяа Хятадын түүхчид бол Юань улсыг Хятадын төр улс гэж үзээд, Хубилай тэргүүтэй Юанийн хаад тэр ч байтугай Хубилайн өвөг дээдэс Чингис хааныг хүртэл Хятадын аугаа их хаадын нэг гэж үздэг. Энэ хүнийг олон улс өөрийн болгох гэж булаацалддаг. Зуун жилд нэг тохиолддог тэгш ой тохиож байгаа дээр Хубилай хааныг Монголын их хаан, Чингис хаанаас дутахгүй том эзэн хаан байсан юм аа гэдгийг сурталчлах ажил зайлшгүй хэрэгтэй байгаа. Ойг тохиолдуулаад төр засаг үүнийг анхаараасай гэж бид хүсч байна. Оны эхээр ШУА-аас Хубилай хааны тэгш ойг төр засгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга, уриалга гаргасан. Их ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэж байгаа. Хубилай, Их Юань улс, эзэнт гүрэн судлалын гадаад, дотоодын томчуудыг урьж авчрахаар бэлтгэж байна. Мөн судалгааны бүтээлүүд гаргана.

-Толуйн хөвгүүд хаана ширээнд удаан суусан байх шүү?

-Хубилай бол Чингис хааны ач хүү Толуйн тухай энд бас хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Чингис хаан гуравдугаар хүү Өгэдэйгээр хаан ширээ залгамжлуулахаар тогтсон шүү дээ. Гэхдээ отгон хүү гал голомт сахьдаг монголчуудын уламжлал ёсоор Толуйд маш их хэмжээний хүн, цэрэг, газар нутаг ногдсон байдаг. Чингис хаан их хатнаасаа төрсөн дөрвөн хөвгүүнийхээ том гуравт нь Монгол нутагт хувь эзэмшил газар соёрхсон. Толуй бол Чингис хааны захирч байсан гал голомт Монголын гол хэсгийг өвлөж авах нь ойлгомжтой. Чингис хаан нэр цохож Өгэдэйг хаан ширээ залгамжлуулна гэсэн ч түүнийг өөд болсны дараа хоёр жил Толуй төрийн хэргийг түр хамаарч байсан гэж үздэг. Яагаад Өгэдэй шууд хаан ширээнд суугаагүйн гол шалтгаан Толуйг хаан суулгах уу, Өгэдэйг хаан суулгах уу гэдэг дээр алтан ургийн ноёд санаа бодол нийлэхгүй байсантай холбоотой. Бодит эрх хүч чадлын хувьд Толуй хамаагүй хүчтэй байдаг. Харин Чингис хааны гэрээс захиас ёсоор Өгэдэй хаан ширээнд суух учиртай. Ингэж эргэлзэж байсны улмаас хаан ширээ залгамжлах ажил удааширсан гэж судлаачид үздэг. Өгэдэй хаан ч Толуй өөрт нь маш их найр тавьж, буулт хийснийг ойлгож байсан.

-Мөнх нь хаан суусан байх аа?

-Мөнх хаан суусан. Өгэдэйн удам Монголын их хааны суурийг залгамжлах уу, өөр удам угсаа руу шилжих үү гэсэн асуудал байсан л даа. Өгэдэйн дараа түүний хүү Гүюг хаан суусан. Түүний дараа Толуйн хүү Мөнх хаан сууснаар үүнээс хойш Монголын их хааны ширээ Толуйн удамд бүрэн шилжсэн гэж болно.

-Мөнх хаан урт наслаагүй хэрэг үү?

-Мөнх хаан Толуйн ахмад хүү. Толуйн их хатан Хэрэйд аймгаас гаралтай Сорхугтани бэхи хатнаас төрсөн түүхэнд алдартай дөрвөн хүү бий. Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх нар. Мөнх хаан 1251 онд Монголын их хаан суусан. Харамсалтай нь 1259 онд өмнөд Сүн улсыг байлдан дагуулах замдаа өвчнөөр нас барсан. Дараагийн хаан ширээ залгамжлагчийн асуудал гарч ирсэн. Мөнхийн нэг дүү Хүлэгү их хааны даалгавраар баруун зүгт Иран, Иракт байлдан дагуулалт хийж байсан. Нутагтаа бага дүү Аригбөх гал голомтоо сахиж үлдсэн байв. Хубилай бол Мөнх хааны гурван замаар довтолсон их цэргийн нэг замын цэргийг удирдаж өмнөд Сүн улстай байлдах аян дайнд оролцож байсан. Мөнх хааныг нас барсан мэдээг авангуутаа эзэн хааныг залгамжлах талаар Хубилай, Аригбөх нарын аль аль нь санаатай байсан бололтой байдаг. Хубилай аян дайнаасаа буцаж, өөрийн хувь эзэмшил болгож авсан өнөөгийн Өвөр Монголын нутагт буцан ирж, Монголын эзэнт гүрний их хаан суулаа гэж 1260 оны хавар зарласан. Түүнээс нэг сар гаруйн дараа түүний дүү Аригбөх Хархорум буюу тухайн үеийн Монголын нийслэлд эзэнт гүрний их хаан боллоо гэдгээ зарласан. Монголд нэгэн зэрэг хоёр хаан гарч ирсэн. Их хааны ширээний төлөө энэ хоёрын тэмцэл өрнөсөн юм.

-Аригбөх нь ялсан бол Монголын нийслэл Хархорум илүү хөгжих байсан гэсэн үзэл санаа явдаг?

-Хубилайд нэгэнт төв хэсэгт эзэмшил газар оногдоогүй учраас өөрт ногдсон өнөөгийн Өвөр Монголын нутагт сууж, Умард Хятадын байдлыг сайн мэддэг болсон хүн. Хубилайн бага залуу насны тухай сурвалжийн мэдээ бага. Хубилай Умард Хятадад хувь эзэмшихтэй холбоотойгоор түүхэнд гарч ирсэн. Тэндээ байхдаа хятад хүмүүстэй нүүр тулж байсан. Тухайн үед монголчууд Хятадад байсан Алтан улсыг мөхөөгөөд эзэлж авсан ч тухайн газар нутгийг яаж захирах, ямар маягаар авч явах талаар айхавтар сүрхий бодлого боловсруулж чадаагүй юм шиг байгаа юм. Тэр үед Умард Хятад нэгэнт Монголын эзэмшилд орсон ч орон нутгийн цэргийн эрхтнүүдийн нөлөө маш ихтэй, Монголын төрийн тогтолцоо бүрэн хэрэгжиж чадаагүй байдалтай байлаа. Тэр газарт суухдаа Хятад нутгийг Хятадын уламжлалт хэв маяг, тогтолцооных нь дагуу захирах нь зүйтэй гэдэг бодол Хубилайд төрсөн шиг байгаа юм. Сүүлд социализмын үед Хубилайг суурьшмал иргэдийн талд орсон, Аригбөх бол нүүдэлчдийн соёл иргэншлийг хадгалах гэж үзсэн мэтээр үнэлдэг байсан. Хубилай нийслэлээ Хятад руу шилжүүлснээр Монгол нутаг зах хязгаар орхигдмол газар болж хувирч, Монголын эзэнт гүрний хөгжил саарсан гэж Хубилайг үнэлдэг байсан. Гэтэл тухайн үед өнөөгийн Бээжин гэдэг бол Хятад, Монгол хоёрын зааг газар байсан. Энд өмнө нь Алтан улс гэж монголчуудтай ойролцоо зүрчид хэмээх нүүдэлчин угсаатны байгуулсан улсын нийслэл байсан газар. Цагаан хэрэм дөнгөж даваад шахуу байгаа. Тухайн үед Дай Юань улс хоёр нийслэлтэй байсан. Нэг нийслэл нь өнөөгийн Бээжин хотын суурин дээр байсан Дайду гэж хятадаар хэлдэг, монгол сурвалжуудад Хаан балгас гэж нэрлэдэг хот. Энэ бол үндсэндээ өвлийн нийслэл гэж болно. Зуны цагт буцаад өнөөгийн Өвөр Монголын нутагт байсан Шанду гэдэг газарт халууныг өнгөрөөдөг байжээ. Тиймээс зөвхөн нэг нийслэлээ л өнөөгийн Хятад нутагт шилжүүлсэн гэж үзэж байгаа юм. Тухайн үеийн нөхцөл байдлын үүднээс нийслэлийг урагш шилжүүлэхээс өөр аргагүй байсан. Монголын эзэнт гүрэн өмнө тийш ихэд тэлсэн учраас урьдын адил Монгол нутгаас удирдахад бэрхшээлтэй байсан тал ч бий.

-Сорхугтани бэхи угсаа гарал нь хэний охин бэ?

-Сорхугтани бэхи хатан бол Чингис хааны үеийн Хэрэйд аймгийн Ван хан Тоорилын дүү Жаха Хамбугийн охин. Монголын нэг том аймгийн өндөр сурвалжит язгууртай эмэгтэй шүү дээ. Тухайн цагийн түүхчид энэ эмэгтэйг маш их ухаантай. Хар багадаа өнчирсөн хүүхдүүдээ хүмүүжүүлж, хаан суух арга ухаанд сургасан гэж үнэлдэг.

-Хубилай хувь хүнийхээ хувьд юугаараа онцлогтой хүн байсан бэ. Энэ хааны нэрээр үлдсэн түүхэн ололтууд юу байв?

-Мөнх хааныг эрдэмтэй мэдлэгтэй хүн байсан гэдэг. Мөнх хаан олон гадаад хэл мэддэг, ухаан мэдлэг төгс хүн байсан гэж сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хубилайн тухай гоц гойд гэж тэмдэглэсэн мэдээлэл ховор. Монгол сурвалжид Чингис хаан Хубилайн тухай “Хубилай хүүхний үг ажигтай гарнам бөлгөө” гэж хэлсэн гэдэг. Үг нь хэрсүү сүрхий юм байна гэж хэлсэн гэсэн үг. Зарим судлаачид үүнийг сүүлд зохиосон гэдэг. Ямар ч байсан Чингис хаан бусад ач нараасаа арай өөр гэж үнэлдэг байжээ. Хубилайн үед хэд хэдэн гол зүйлийг хийсэн. Нэгдүгээрт: Монголын хаадын явуулж байсан байлдан дагууллыг туйлд нь хүргэсэн. Энэ үед Хятадын өмнөд хэсэгт байсан Өмнөд Сүн улс, Түвдийг бүрэн эзэлсэн. Солонгосыг өөрийн хараат улс болгосон. Хэдийгээр амжилтгүй төгссөн ч Япон руу хоёр удаа довтолгоон хийсэн. Бирм, Вьетнам гэх мэт зүүн өмнөд Ази, өмнөд Азийн улсуудыг хараат улс болгож, өөрийн захиргаанд оруулсан. Зүүн өмнөд Азийн Ява, Суматра арал өнөөгийнхөөр бол Индонез, Энэтхэг хүртэлх олон далайн жижиг улсуудыг өөртөө алба барьдаг хараат улс болгож чадсан. Хоёрдугаарт: Тухайн үеийн өрнө, дорныг холбосон. Монголчуудыг XIII зуунд мандаж гарч иртэл өрнө, дорнын харилцаа холбоо муутай байсныг илүү чөлөөтэй нээлттэй болгож, нэг эзэнт гүрний захиргаанд орууллаа. Үүнтэй холбоотой мэдлэг ухаан чөлөөтэй бие биедээ дамжих нөхцөл бүрдсэн нь хожим дэлхийн газарзүйн том том нээлт гарах, хожим дэлхий орвонгоороо хувьсч өөрчлөгдөх эх үндсийг тавьсан.

-АСЕМ-ийн үндэс тавигдаж байсан юм биш үү?

-Одоогийнхтой хамаагүй зүйрлэж болохгүй л дээ. Гэхдээ өмнө нь монголчууд Юань улс Монголын эзэнт гүрний нэг хэсэг гэж үздэг байсан. Одоо бол Хубилайн үед тэгж их тасарч салсан юм байгаагүй юм байна. Монголын эзэнт гүрэн сул боловч нэгдэлтэй байжээ. Хубилай тэргүүтэй их хаадын удирдлагад оршсоор байсан гэдгийг илүү их нотолж байна. Ил хаант улс гэж Хубилайн дүү Хүлэгүгийн улс баруун Ази, өнөөгийн Иран, Ирак, Түркийн зүүн хэсэгт байсан. Хойд талд нь өмнөд Орост Алтан ордны улс гээд Зүчи хааны удмынхан байсан. Тэрнээс наашаа Цагаадайн хаант улс Дундад Азид байсан. Энэ гурван улс Хубилайнхаа захиргааг ерөнхийдөө хүлээн зөвшөөрөөд, нэгдсэн байдлаар оршиж байсан юм. Тийм ч учраас их хааны зарлиг тушаалыг хүлээн зөвшөөрдөг. Нийт эзэнт гүрний хэмжээнд Хубилайн бодлого үйлчилж байсан гэж үздэг.

-Монголчууд далайд гарцгүй улс гэдэг. Тухайн үед далайн тээвэртэй байжээ?

-Байлгүй яах вэ. Хубилай хаан хэд хэдэн шинэчлэл хийсэн. Нэгдүгээрт: мөнгөний бодлого, цаасан мөнгө гэдгийг Монголын эзэнт гүрний хэмжээнд нэгдмэл байдлаар хэрэглэх болсон. Хубилай хаан цаасан мөнгө санаачилсан гэж манайхан буруу яриад байдаг. Цаасан мөнгө түүнээс өмнө ч байсан. Цаасан мөнгийг явцуу хүрээнд хэрэглэдэг байсан. Тэр хүрээнээсээ гарахаар хүн итгэдэггүй байсан. Цаас шүү дээ. Ийм байсныг Хубилайн үед төрөөс цаасан мөнгийг нэгдсэн байдлаар хэвлэж гаргаад, цалин цагаан мөнгөний баталгаа олгосон байдаг. Одоо валютын алтан баталгаа банкинд байдаг шиг гэсэн үг шүү дээ. Тиймээс Хубилай орчин үеийн цаасан мөнгөний тогтолцооны эх үүсвэрийг тавьсан гэж болно. Хоёрдугаарт: Далайн тээврийн хувьд Юань улсын үед оргилдоо хүрсэн. Өмнөд Сүн улсыг буулгаж авах үед тэдний флот тэр чигээрээ шахуу монголчуудын мэдэлд орж ирсэн. Хубилай цэргийн хөлөг онгоцыг байлдаанд ашиглаж байсан. Бусад хөлөг онгоцууд ялангуяа Баруун Азийн ислам шашинтнууд хэдийнээ өмнөд Хятадад ирээд далайн худалдаа эрхэлдэг. Тэд баруун тийш Энэтхэг, Иран хүртэл далайгаар аялдаг, худалдаа хийдэг байж. Тэр их уламжлалыг Хубилай өвлөж аваад илүү өргөн хүрээтэй болгосон. Худалдаа хийх эрхийг нь ислам гаралтай худалдаачдад олгосон. Улсаас хөхиүлэн дэмжиж тэдэндээ мөнгө цаас зээлүүлж, санхүүгийн туслаж үзүүлдэг. Хууль эрх зүйн дэмжлэг үзүүлдэг. Нөгөөдүүл нь худалдаа наймааныхаа ашгаас хуваалцдаг. Хэн хэндээ харилцан ашигтай, түншийн хэмжээнд хүрсэн байдаг.

-Хубилай хэдэн жил хаан суусан бэ?

-Хубилай Монголын хаадын дотроос хамгийн өндөр насалсан хүн шүү дээ. 80 насалсан. 1294 онд нас барсан. Анх хаан сууснаас нь хойш тоолбол 34 жил, Аригбөхийн тэмцлийг дараад ганцаараа хаан ширээнд суусанаас тооцвол 30 жил хаан суусан.

-Хубилайг хэн залгамжилсан бэ?

-Хубилай урт насалсан учраас түүнийг амьд байхад олон хөвгүүд нь нас барсан байсан. Тэгээд түүний ач хүү Төмөр гэдэг хүнийг Хубилай дараагийн залгамжлагчаараа нэр цохсон. Төмөр нэртэй хүн олон. Монголын хаад нэрнээс гадна тодотгодог цолтой. Жишээлбэл: Хубилайг Сэцэн хаан, Төмөр хааныг Өлзийт гэдэг байсан. Өлзийт Төмөр хаан 13 жил хаан суусан. Өлзийт Төмөр хааны үед урьд нь хэдэн арван жил Хубилайтай тэмцэлдэж байсан Хайду тэргүүтэй “самуун” намжиж, монголчууд хоорондоо найрамдсан. Ямартай ч Төмөр хаан өвөг эцгийн байгуулсан их гүрнийг тэр хэвээр нь хадгалаад дараагийн хүнд өгсөн. Түүний дараагаас хаан ширээний төлөө тэмцэл ах дүү нарын хооронд өрнөсөн билээ.

Б.Янжмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *