Categories
мэдээ цаг-үе

Үзэсгэлэнт Мон Блан уул хийгээд Женевийн дарсны өрөө, мартах өвчин

Түрүүч нь ¹143(5095) 144(5096), 146(5098), 150(5102) дугаарт

Австри, Словак, Итали, Швейцарь, Лихтенштейн, Герман, Франц улсын нутаг дэвсгэрийг дамнадаг Альпийн нурууны сүрлэг сайхан уулсын дундах Коурмауер хотын буйдхан зочид буудалд шөнө дунд болж байхад ирэв. Харанхуйд эргэн тойрон харагдахгүй ч гэлээ цэвэр тунгалаг агаар үнэртэж байлаа. Хойд Италийн нутаг дэвсгэрт байх энэхүү хот алдарт Мон Бланы бэлд байдаг. Буусан зочид буудлын тохижилт дээхнэ үеийн кинон дээрх амьдралыг санагдуулна. Дэрсэн шүүр, хайрсан бин, хуучны данх гээд л. Ил зууханд түлж буй галын дэргэд олбог дэвсэн газар суугаад шар айраг, улаан дарс шимэн ярилцаж болно. Аяллаар яваа хүмүүс их хотын чимээ шуугианаас залхсан, техник технологийн өндөр дэвшлээс уйдсан байдаг болохоор Коурмауер хотод иймэрхүү зочид буудал элбэг. Өглөө сэрээд харвал сүрлэг өндөр уулсын дунд буужээ. Мөнх цаст уулын дунд хавиас хүчтэй хүрхрээ бууж зүлэг ногоон талд гол болон урсахыг хараад хэд л бол хэдэн цаг суумаар санагдав. Энд аль болох машины дуу чимээ гаргахгүй байхыг чухалчилдаг ажээ. Ойр зуурхан явахдаа алхахыг зөвлөх юм. Моддын сэрчигнэх чимээ, хүрхрээнээс буух усны харгиа, шувуудын жиргээтэй хослож байгаль дэлхий тансаг сайхнаа гайхуулж байлаа. Эндээс арав гаруйхан минут яваад Швейцарийн нутаг дэвсгэрт орж ирнэ. Өндөр уулсын оройгоор байгалийн сайхныг биширч явсаар Мон Блан оргилын бэлд ирэв. Альпийн нурууны ноён оргил, далайн түвшнээс дээш 4808 метрийн өндөрт байх мөнх цаст Мон Бланы хормойгоор ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэгс алаглах ажээ. Оройг нь өөр нэг уултай холбож тэр хооронд дүүжин баннаар явж болно. Дээрээс зураг авч Альпийн нурууг хамгийн өндөр цэгээс нь харах боломжтой энэхүү аяллын үнэ 120 евро гэсэн. Гэхдээ ингэж аялахад цаг агаар тааламжтай байх ёстой. Хавар эрт буюу хоёр, гуравдугаар сард хүчтэй цасан шуургатай байдаг тул Мон Бланы оргил руу гаргадаггүй гэсэн. Хангай дэлхий ийн муухай аашилж байх үедээ сааралтан шуурч бэл байтугай дэргэдэх уулынхаа оройгоос “өөрийгөө” харуулдаггүй юм байна. Зун, намартаа гоё сайхнаа гайхуулах үеэр нь газар газрын жуулчид шавдаг гэнэ. Бас уулчид мөнх цаст хайрхан руу авирахад хамгийн таатай үеийг аравдугаар сар гэдэг. Уулчид төвөггүй авирдаг болов уу гэмээр харагдаж байгаа мөртлөө хамгийн хэцүү 25 уулын нэгд бичигджээ. Харьцангуй налуу мөртлөө хад асга, цас мөс ихтэй болохоор есөн мянга гаруй уулчин Мон Бланд осолдсон түүхтэй. Хамгийн хэцүү нь хадан дээрээс ниссэн уулчдын цогцос барагтай бол олддоггүй гэсэн. Швейцаричууд алдартай уулынхаа нэрээр нэрлэсэн дотоодын олон брэндтэй. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Montblanc” үзэгний брэнд. Мөн эрчүүдэд зориулан тэлээ, цаг, хүрэм зэргийг үйлдвэрлэдэг. Тэдгээрийн үнэ дэлхийн өнцөг буланд зарагдахдаа чамгүй өндөр сонсогдох ч төв дэлгүүр дээрээ боломжийн үнэтэй юм байна лээ.

Мон Блан уулын бэлд хэдэн цаг саатаад Швейцарийн Женев хот руу хөдлөв. Ес, арван давхар байшинтай дүйцэх хэмжээний өндөр багана дээр барьсан гүүрээр дамжиж явсаар зорьсон газраа ирлээ. Женевт ирсэн анхны сэтгэгдэл “Европын хамгийн цэвэрхэн хот” гэдгээр эхлэв. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнд тухлан өдрийн хоолоо идсэн. Эндхийн хүмүүс өдрийн цайны цагаар цэцэрлэгт хүрээлэндээ сууж байгаад гэрээсээ юмуу ресторанаас авчирсан хоолоо иддэг юм байна. Албаны хослол өмссөн залуу, ажил хэрэгч даашинзтай бүсгүйчүүд саглагар модны сүүдэрт суугаад хооллох ажээ. Дараа нь гутлаа тайлж зүлгэн дээгүүр алхаж байв. Хөл нүцгэн ингэж явснаар дархлаа сайжирдаг гэх судалгааг эмнэлгүүд гаргасан тул үдийн цайны завсарлагаар цэцэрлэгт хүрээлэнд ийн алхдаг ажээ. Женев нуурын эрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгийн захад алдарт цэцгэн цаг бий. Энэхүү цагийг 1955 онд хотын төвд байгуулжээ. Зүүнээс бусад нь өнгө өнгийн цэцэг бөгөөд улирал бүр өнгө нь солигддог гэж байв. Дэлхийд гайхагддаг энэхүү цаганд улирал бүр 6500 цэцэг зарцуулдаг гэсэн. Бусад улс орнуудаас цагны болон цэцэгний мэргэжилтнүүд ирж судалж үзээд яг ийм цаг хийх гээд чаддаггүй ажээ. Япон, Сингапур зэрэг улс эндхийн цэцгэн цагтай яг ижлийг эх орондоо хийхээр бүхэл бүтэн 50 жилийн турш бүтэлгүйтэж байгаа гэсэн. Сонирхолтой нь энэхүү мандал дээр цаг тутамд зөвхөн нэг цэцэг дэлгэрдэг гэнэ лээ. Үүрийн гурван цагт эхний цэцэг дэлбээлдэг бол хамгийн сүүлд “Шөнийн дагина” нэртэй кактус дэлгэрнэ. Цэцгэн цагийн бас нэг алдартай зүйл нь энд хамгийн олон хүн зургаа авахуулжээ. Сүүлийн арван жилд 40 сая гаруй жуулчин энд зургаа авахуулсан гэх тооцоо байдаг юм байна. Цагны цаахна талд мөн л хамгийн өндөр гэдгээрээ алдартай 150 метрт оргилох Жет де эу усан оргилуур бий. Нуурын голд байх энэхүү усан оргилуурыг хотын таних тэмдэг гэж хэлдэг юм билээ. 200 км/цагийн хурдаар секундэд 500 литр ус цацах усан оргилуур 2400 вольтоор ажилладаг гэсэн. Усан оргилуурын ёроолд 500 кв-ын хүчин чадалтай хоёр насос ажиллуулдаг байна. Усан оргилуурыг 1886 онд нуурын захад байгуулсан хэдий ч хотын үзэмжинд өнгө нэмэхгүй байна гэж үзээд 1891 оноос одоогийн байгаа газарт шилжүүлжээ.

Женев хотод 800 гаруй монголчууд амьдардаг. Тэдний дийлэнх нь эмэгтэй. Учир нь хүүхнүүдэд ажил олдохдоо хурдан. Дэлхийн баячууд, алдартай одод Женевт амьдардаг болохоор гэрийн үйлчлэгч, цэцэрлэгч, асрагчийн ажил амархан олддог юм байна. Амьдрах орчин, нөхцөл сайтай энэ улсад амьдарч буй монгол хүүхнүүд сард 1000-1500 франкийн цалин авдаг гэсэн. Тэнд амьдардаг монгол хүнтэй уулзан сонин сонсоход “Сүүлийн үеийн том сонин гэвэл эндхийн хамгийн том баячуудын нэгийг манайхны нэг бүсгүй золтой цааш нь харуулчихсангүй” гэв. Яасныг асуувал Монголоос ирээд удаагүй байгаа эмэгтэйг нэгэн найз нь ажилд оруулж өгчээ. Женевийн тэргүүн баячуудын нэгнийд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй жигтэйхэн ажилсаг нэгэн байж. Хэлэхээс нь өмнө санаачилгаараа цэвэрлэгээ хийдэг байсан болохоор гэрийнхэн ч түүнд сайн ханддаг байсан гэнэ. Тэгсэн нэг өдөр битүү тоосонд дарагдсан өрөөг цэвэрлээд зогсож байтал гэрийн эзэн ороод иржээ. Гялалзаж, цэмцийсэн өрөөгөө харсан залуу үг ч дуугарч чадахгүй болж ам нь хий ангалзаж байгаад муужирч унажээ. Юу болсныг ч ойлгож амжаагүй байтал түргэн тусламжийн эмч нар залууг аваад явсан байна. Яав ийв гэтэл хэдэн зуун дамжин өвлөгдөж ирсэн дарсны өрөөг нь цэвэрлэчихсэн байж. Дарсны чанар хадгалсан хугацаандаа байдаг, хэр удаан хадгалж байгааг шилэн дээрх тоос нь илэрхийлдэг учиртай. Үе уламжлагдан ирсэн, хэдэн тэрбумаар тоологдох тэрхүү хөрөнгийг нь Европын соёл, зан заншлыг хараахан мэдэж амжаагүй бүсгүй ганцхан хормын дотор үгүй хийжээ. Гэрийнхэн уламжлал мэдэхгүй монгол бүсгүйд уурлаж гомдсон ч ямар нэгэн хариуцлага тооцолгүй ажлаас нь халсан байна. Энэ тухай сонирхуулж яриад “Хэрэв өөр хүн байсан бол түүнээс хэдэн үеэрээ төлж барамгүй их өр нэхэх байсан байх. Монголчууд маань тухайн амьдарч байгаа улсынхаа талаар тодорхой мэдээлэлтэй байхгүй бол яаж ч хөөдөж мэднэ” гэлээ. Харин Женевт амьдарч байгаа эрчүүд голдуу ахмадын асрах газарт ажиллана. Асрахад амьдарч байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мартах өвчинтэй. Тэтгэвэртээ гарах үед хүүхдүүд нь аав ээжийгээ асрамжийн газар аваачаад өгөх бөгөөд 70 наснаас эхлэн мартах өвчинтэй болдог гэсэн. Ерөнхийдөө өндөр настнуудын 70-80 хувь нь мартах өвчинтэй. Эмч нар юунаас үүдэлтэйг судалж байгаа бөгөөд эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй. Гэхдээ махнаас авч байх ёстой уургаа бүрэн дүүрэн авч чадахгүйгээс болдог гэх таамаг бий. Нэгэнт мартаж эхэлсэн хүмүүсийн ой тогтоолт эргэн сэргэх бараг боломжгүй гэх юм билээ. Зарим тохиолдолд гуч, дөчхөн насандаа ой санамжаа алдан урьдын болсон явдлыг бүү хэл өөрийнхөө нэрийг мартсан хүн байдаг гэсэн. Маш цөөн тохиолдох ийм үед уйгагүй дасгал хийснээр ой санамжаа сэргээдэг юм байна. Харин өндөр настнуудын тархины эд эс цөөрчихдөг болохоор мартах өвчин тэр чигтээ тогтдог ажээ. Иймэрхүү асрамжийн газрынхны гол ажил нь өвөө, эмээ нартай ярилцах. Хамтдаа хооллож, тоглож, ярилцаж байгаад орой нь баяртай гээд явахад халуун дотноор үдэн гаргана. Өглөө нь хүрч ирээд сайн байна уу хэмээн мэндлэхэд “Чи хэн бэ. Би чамайг огт танихгүй юм” гэсээр угтдаг гэсэн. Иймэрхүү ажлыг гадныхан голдуу хийдэг бөгөөд өндөр цалин авдаг ажээ.

Эндхийн монголчууд төдийгүй уугуул иргэд хүнс, бараагаа Женевээс барагтай л бол авдаггүй гэсэн. Тав, зургаан жил амьдарч байгаа мөртлөө хотынхоо хүнсний дэлгүүрээр орж үзээгүй хүмүүс ч байх юм. Яагаад гэвэл Женев өртгөөрөө дэлхийд дээгүүрт бичигдэнэ. Тэр хэрээрээ хүнсний бүтээгдэхүүнээс авахуулаад юм юмны үнэ харьцангуй өндөр. Тиймээс Франц руу давхиж ороод хэрэгтэй зүйлээ авчихдаг гэсэн. Женевтэй хиллэдэг Францын буйдхан хотод юмны үнэ харьцангуй хямд. Машинаар 10 хүрэхгүй минут, алхаад гучхан минутын дотор хүрчихдэг болохоор бүгд л хил гараад дэлгүүр хэсдэг ажээ.

Женев хотод олон улсын байгууллагуудын төв байдаг гэдгээрээ алдартай. НҮБ-ын төв байрны өмнө очиж Монголынхоо алтан соёмбот төрийн далбааг харж хэсэг зогсов. НҮБ-ын төв байрны хамгаалалтад АНУ-ын цагдаагийнхан гардаг юм билээ. Ойролцоо байх Улаан загалмайн нийгэмлэгийн төв, дэлхийн худалдааны төв, дэлхийн цаг уурын төв байгууллага гэхчлэн олон улсын тодотголтой байгууллагуудын төв энд байрлажээ. НҮБ-ын төв байрны өмнөх талбайд нэг хөл нь хугархай сандал байдаг. 12 метрийн өндөртэй энэхүү сандлыг 5.5 тонн мод ашиглах хийжээ. 1997 онд мина буюу тэсрэх бөмбөг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцид эрх бүхий хүмүүс гарын үсэг зурахгүй удсан гэнэ. Тэр үеэр Даниель Берсе, Луи Женев гэх хоёр хүн энэхүү сандлыг бүтээж талбай дээр байрлуулсан түүхтэй. Олон нийт конвенцид гарын үсэг зуртал энэхүү сандлыг талбайгаас холдуулахгүй хэмээн мэдэгдэж байсан ч өнөөг хүртэл байсаар байгаа. Сандалтай холбоотой бас нэгэн яриа байдаг ажээ. Хүний эрх, эрх чөлөө, энх тайвныг хамгаалахаар хуралдаж буй гишүүд сандлаа хугартал ярилцаж, ухаан алдталаа хуралдсан ч бодит байдал дээр энх тайван хугархай хөлтэй сандал шиг дэгэн догон байгаа гэдгийг илэрхийлэх болжээ.

Хотын төвөөр зугаалан алхахад нэг бол бэлтгэлийн хослолтой гүйж байгаа, эсвэл ажил хэрэгч хувцастай хүмүүстэй таарч байв. Энгийн жийнсэн өмдтэй, богино цамц өмссөн хүмүүс хаа нэг таарах бөгөөд зургийн аппарат барьсан, энэ тэрийг сониучирхан харж байгаагаас нь жуулчин байна гэдгийг төвөггүй ойлгож байлаа. Гудмаар “Ferrari”, “Bent­ly”, “Rolls royce” тэргүүтэй дэлхийд хамгийн үнэтэй, тансагт тооцогдох машинууд сүлжилдэнэ. Таксинд л гэхэд сүүлийн үеийн загварын “Mer­cedes benz” явах ажээ. Хоолны газрууд нь голдуу цагаан хоолтой юм шиг санагдсан. Гурван ч ресторанаар ортол цагаан хоолтой болохоор нь гудмаас шарсан зайдас, пицца аваад идчихлээ. Өртөг өндөр, бараг ус ч авч уух хэрэггүй гэж байсан болохоор үнэ ханшийг нь нэлээн асууж байж хооллосон. Нэг зүсэм пицца, шарсан зайдас, хачиртай идэхэд найман евро буюу 16 мянган төгрөг орчим болж байв. Ерөнхийдөө өртөг өндөр гэж байгаа мөртлөө Улаанбаатараас нэг их ялгарахаагүй санагдаж байлаа. Үүнээс үзэхэд бид ямар үнэтэй тансаг хотод амьдарч байна вэ. Гэхдээ Улаанбаатар тийм тансаг билүү. Зүгээр л бие биеэ шулах гэсэн хоосон үнэтэй, тохь тухгүй, уур уцаар, утаа тоостой хотод бид амьдарнам.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Үзэсгэлэнт Мон Блан уул хийгээд Женевийн дарсны өрөө, мартах өвчин хэмээх аян замын тэмдэглэлийг маргаашийн “Өдрийн сонин”-оос хүлээн авна уу

Алдарт Мон Блан уулын хормойд байх хотын буйдхан зочид буудлын тохижилт хуучны киног санагдуулна. Дэрсэн шүүр хайрсан бин, хуучны данх ил зууханд түлж буй галын дэргэд олбог дэвсэн газар суугаад… хэмээн эхэлсэн манай сурвалжлагч С.Алтанцэцэгийн аян замын тэмдэглэлийг маргаашийн дугаараас хүлээн авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *