Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Тавантолгой”-д нийт 142 сая ам.долларын нүүрсний нөөц бий

УИХ-ын гишүүн, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Эрдэнэс Тавантолгой” компани болон орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс таван толгой” компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 15.5 сая тонн нүүрс олборлож, 12.2 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм. Одоогийн байдлаар тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс, олборлоход бэлэн хоёр сая тонн нүүрс байгаа бөгөөд нийт 142 сая ам.долларын өртөгтэй нүүрс байгаа аж. Энэ нь “Чалко”-гийн өрийг дарахад хүрэлцэх боловч “Эрдэнэс таван толгой” компаниас “Чалко”-гийн хүсэлтийн дагуу сард бэлэн мөнгө болон нүүрс өгч байгаа юм байна. Одоогоор “Эрдэнэс таван толгой” компанийн Баруун цанхийн үйл ажиллагаа зогссон бөгөөд Зүүн цанхийн олборлолт хэвийн явагдаж буй. Зүүн цанхи өдөрт 60-80 мянган метр куб буюу 20-40 мянган тонн нүүрс олборлож байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар өдөрт 200-250 машин нүүрс тээвэрлэж байгаа бол цаашид 800 машин болгох зорилготой байгаа аж. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд ирэх оны эхний хагаст “Чалко”-гийн өрийг төлж барагдуулна” хэмээв.

Л.ЭРДЭНЭЧИМЭГ: ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Зүүн Цанхийн ордтой танилцаж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн гэрээ хүмүүсийн анхаарлын төвд байна. “Чалко”-гийн өрийг “Эрдэнэс Тавантолгой” төлөх боломжтой юу?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 2011 оноос хойш одоог хүртэл хэвийн ажиллаж байна. Уурхайн Зүүн Цанхи болон Баруун Цанхийн хоёр хэсэг дээр нэг метр куб нүүрсийг 6800 төгрөгөөр олборлож, уурхайн аман дээр борлуулалтаа хийн “Чалко”-гийн өрийг төлж байна. Олборлосон нүүрснийхээ 50 хувиар борлуулалт хийж, талыг нь өрөндөө өгч байгаа юм. Борлуулалт хийсэн мөн­гөөрөө цаашид үйл ажил­лагаа явуулах зардлаа гаргаж ажилладаг. Дотоодын компаниудын нэгтгэл бол­сон “Монгол Уурхайчин” компанийнхантай уулзахад зарласан тендерийнхээ хэмжээнд олборлолтоо хийж чадахгүй байна. Одоогоор нийт хүчин чадлынхаа 40 хувийг ашиглаж, үлдсэн хэсэгт сул зогсолт хийж байгаа аж. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” гэрээ зөрчиж байна гэсэн үг. Учир нь “Чалко” авах ёстой өрнийхөө хэмжээнд нүүрсээ авахгүй байна. Хэрэв “Чалко” компани нүүрсээ татаад дуусгалаа гэхэд гурван сарын дотор 142 сая ам.долларыг төлөхөд бэлэн байгаа. Гэхдээ “Чалко” компани Хятадад байгаа бусад нүүрс худалдан авагчдад зуучилж нүүрсээ зардаг эцсийн хэрэглэгч биш учраас худалдан авагчаа олсон нөхцөлд тэр хэмжээгээр нүүрс татаж авдаг юм байна.

-Тулгамдаж буй асууд­луудын талаар?

-Автозамын асуудал байна. Шороон замаар тээвэр­лэлт хийх нь байгаль орчинд хор хөнөөлтэй учраас “Энержи Ресурс” компани зам барьсан байдаг. Гэтэл тэр замыг улс буцаагаад авчихсан. Тус зам нь орон нутгийн замаас арай дээр боловч хүнд даацынх биш. Нэг машин 130 хүртэл тонн нүүрс ачаад явах боломжтой байхад уг зам дээр 70 тонноос хэтрүүлэн ачих боломжгүй. Тэгэхээр урьд нь нэг машин ачдаг байсан нүүрсийг хоёр машинд ачуулах шаардлага гарч тээвэрлэлтийн зардлыг өсгөжээ. Нэг машинд 130 тонн нүүрс ачихын тулд шороон замаар явж, буцаж ирэхдээ хоосон машин автозамаа ашигладаг байсныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Шадар сайд У.Хүрэлсүх орон нутгийнхантай уулзаж, малч­дын хувьд хүнд байдалтай байсан учраас “Автозамаа ашигла” гэсэн тушаал гаргажээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд уурхайн ам дээрээс нүүрсээ борлуулчихаж байгаа учраас худалдан авагч талдаа алдагдал хүлээж, худалдан авалтаа багасгаж байна. Би бага хэмжээний хөрөнгө гаргаад автозамын даацыг нь нэмэгдүүлэх боломж бий юу гэсэн асуудлыг тавьсан ч даацыг нэмэгдүүлэх боломж байхгүй байсан. Анхнаасаа суурийг нь тавихдаа хүнд даацынхаар тавих хэрэгтэй. Иймээс худалдан авагч тал өөрсдөө замаа тавиад, эргээд нүүрсээр замынх нь өртгийг барагдуулах боломжтой гэсэн саналыг тавиад байгаа юм байна.

Мөн төмөр замыг хурдан барих ёстой. Учир нь төмөр зам нэг кг нь 3.3 центээр ачигдах учраас нэг тонноос 10 ам.доллар хэмнэх юм билээ. Ингэхээр нүүрсний үнэ 20-30 хувиар хямдарна гэсэн үг. Энэ утгаараа тухайн бүс нутагт хамгийн хямд өртөгтэй нүүрс болж чадна. Тиймээс төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.

-Гэрээ хэзээ батлагдах вэ?

-Гэрээний тухайд олон хууль, тогтоомжийг зөрчсөн байгааг Ажлын хэсэг мэдээл­сэн. Тэгэхээр хууль тогтоомжид нийцүүлж оруулах нь чухал. Энэ асуудал зөвхөн нэг улсын хамааралтай мухар төмөр замтайгаар энэ ордыг ашиглах нь Монголын ирээдүйд ач холбогдол муу. Хөндлөн чиглэлийн 1800 км зам нь ОХУ-аар дамжин гуравдагч зах зээлд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн Сайншандын нүүрсийг бэлэн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээх зам учраас энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нь хамт хийх ёстой. Төмөр замын хөрөнгө оруулалт нь уурхайн хөрөнгө оруулалтаас өндөр учраас төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг шийдсэн нөхцөлд Монголын төмөр зам компани 51 хувийг, Тавантолгойг тухайн хөрөнгө оруулагч талдаа 49 хувийг эзэмших боломжтой. Тиймээс энэ асуудлыг дэмжих хөрөнгө оруулагчийг бид олох ёстой гэдэг үүднээс тогтоолын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих гэж байгаа. Харин Засгийн газраас нэгэнт хууль зөрчсөн гэрээ учир эргүүлэн татах байх. Буцааж УИХ-д өргөн барина. Тогтоолын дагуу эдгээр өөрчлөлтүүдийг оруулаад гэрээг батлах байх.

-Тогтоолын төсөлд тус­гах шаардлагатай асуудал байна уу?

-Тогтоолын төсөлд 1072 хувьцааг оруулна гэдгээ тодорхой хэлчихсэн. Нөхцөл байдалтай танилцлаа. Гэхдээ дүгнэлт хэлэхэд эрт байна. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгааг харлаа. Нэн түрүүнд төмөр замыг нь бариад өгчихвөл Тавантолгойн орд нь өөрөө хөрөнгө босгох боломжтой орд гэж харж бай­на. Төмөр замтай гэдгээрээ энэ ордын үнэ олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ өснө.

-“Эрдэнэс Таван толгой” компани хамтарсан концесст ороод явах нөөц бололцоо байна уу?

-“Эрдэнэс Таван толгой” компани бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн угаах үйлдвэр барих боломжтой болох байх. Эсвэл “Энержи Ресурс”-т бэлэн байгаа үйлдвэрийг ашиглаж нүүрсээ угааж болно. Дээрээс нь хуурай аргаар нүүрс угаах технологийг япончуудтай хамтран судалж байгаа гэсэн. Тэгэхээр угаах үйлдвэрийн зардал их биш. Энэ байдлаар дахин хоёр жил үйл ажилла­гаагаа явуулахад ямар ч алдагдал гарахгүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компа­нид хөрөнгө оруулалт шаардлагагүй. Харин төмөр замдаа хөрөнгө оруулалтаа голчлон тавьж өгөх шаард­лагатай байна.

ОРОН НУТГИЙН ТАВАН ТОЛГОЙ 3.5 ТЭРБЭМ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ

Мөн энэ үеэр ажлын хэс­гийн ахлагч Л.Эрдэнэчимэг Орон нутгийн өмчит “Таван толгой” хувьцаат компаний төв байранд очиж үйл ажил­лагаатай танилцсан юм. Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани хамгийн бага зардлаар олборлолт хийж, уурхайн аман дээрээс үнэтэй зарах бодлого баримт­лаж байгаа учраас өнгөрөгч онд 3.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Мөн энэ оны эхэнд Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани 22 сая тонн нүүрс дангаараа олборлосон байна. Тавантолгойн орд газраас анхны нүүрсний экспортыг эхлүүлж, Гашуунсухайт хилийн боомтоор 256 тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлжээ. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани бусад компаниудаас хамгийн хямд буюу нэг метр куб нүүрсийг 4700 төгрөгөөр олборлодог юм байна.

Тус компани ашигт малт­малын тухай хууль шинээр гарч “Тавантолгой” ХК өөрийн эзэмшилд байсан ордын нийт 11350 га талбайг улсад буцаан өгч, 169 га талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. “Гашуунсухайтын автозам” ХХК, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийн хувь эзэмшигч болж хөрөнгө оруулалтыг хийсэн аж. “Тавантолгой” ХК нь орон нутгийн 51 хувь хувьцаа эзэмшигчдийн өмч 49 хувийн өмчлөлтэй бөгөөд ашиглалтын хугацаанд нийт 31 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Ордын хэмжээнд дотоодын зах зээлд борлуулалт хийдэг ганц компани бөгөөд дотоодын зах зээлд жилдээ 500 тонн кокс үйлдвэрлэн нийлүүлсэн байна. Тус компанийн хувьцааг дэлхийн 23 орны иргэд эзэмшдэг бөгөөд иргэд ч мөн хөрөнгийн бирж дээрээс хувьцааг нь худалдан авах боломжтой юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Улс, орон нутгийн төсөвт татварт 403.48 тэрбум төгрөг орлого төвлөрүүлсэн бөгөөд тус аймгийн төсөвт ногдол ашгаас 110 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсвийнх нь 70-80 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *