Categories
мэдээ цаг-үе

Үүрд гялалзах бадмаараг эрдэнэ ПЛАТОН

Суут Аристотелийн багш, их Сократын шавь бол өрнийн гүн ухааны агуу төлөөлөл болсон Платон билээ. Уг нь түүний жинхэнэ нэр нь Аристокл боловч “Хүний биеийн бүх л хэсгээс цээж болон дух заавал өргөн байвал зохилтой” хэмээн Сократтай маргалдсанаас болж “платус” гэж хочлох болжээ. Гэвч хожмоо энэ хоч нь түүний дэлхий дахинд дуурсах нэр нь болж мөнхөрчээ. “Платус” нь өргөн гэсэн утгыг агуулдаг. Платон нийтийн тооллын өмнөх 428 эсвэл 427 онд Афин хотод сурвалжит гаралтай гэр бүлд мэндэлсэн гэдэг. Хэдий гарал угсаа нь сурвалжит боловч төдийлөн баян тансаг бус дундаж айл байжээ. Эцэг нь Афины сүүлчийн хааны удам, эх нь Солоны удмын хүн байсан тухай түүхийн сурвалжуудад дурдсан нь бий. Тэрээр Грекийн сонгодог үеийн математикч, философич, философийн диалог зохиогч төдийгүй Афинд академи байгуулсан нь өрнө дахины ертөнцөд анхны дээд боловсролын сургууль болсон юм. Өөрийн багш Сократ, шавь Аристотелийн хамт байгалийн гүн ухаан, шинжлэхүй ухаан, өрнийн философийн үндэс суурийг тавьсан аж. Ер нь багш Сократынх нь философийн үзэл түүнд асар гүн гүнзгий суусан нь түүний сэтгэлгээний бүтээлүүдээс харагддаг. Платон бага ахуй насандаа тухайн үед Афины дундаж иргэний авдаг байсан боловсролыг л эзэмшсэн байдаг. Түүнд нь хэлзүй, гимнастик, тэгээд мэдээж математик буюу тоо бодлого багтана.

Түүний боловсрол нь дундаж байсан хэдий ч философийн тухай анхны ухагдахуунуудаа Гераклит, Елигийн Зенон, Пифагорын сургаалиудаас олж авсан хэмээдэг. Платон ид залуухан 21 насандаа Сократтай танилцаж түүнийг насан өөд болтол нь дагалдсан цөөн хэдэн үнэнч шавийнх нь нэг байсан нь түүний их л тууштай зан байдлын илэрхийлэл болдог. Тухайн үеийн Грект түүнийг яруу найрагч гэдгээр нь тун сайн мэддэг байсан ба инээдмийн болон эмгэнэлт хэд хэдэн жүжиг, утга уянгын цөөнгүй шүлэг зохиожээ. Гэвч тэрбээр шүлэг яруу найраг, жүжгийн зохиолоороо цааш яваагүй бөгөөд багш Сократтай танилцсан цагаасаа хойш бичиж туурвисан бүхнээ үгүй хийгээд философийн төлөө эргэлт буцалтгүй зүтгэсэн юм. Ердөө 30 хүрэхгүй богино шүлгүүд л өнөө бидэнд хадгалагдан үлдсэн байдаг.

Платоны бичгийн боловс­рол нь Сократын диалог буюу харилцан ярианд ихээхэн туссан байдаг. Гучин таваас 40 орчим харилцан яриа, арав орчим захиаг бичсэн гэдэг ч заримыг нь жинхэнэ бус гэх нь ч бий. Ямартай ч түүний бүтээлүүд мянга мянган хувь хэвлэгдсээр л ирсэн юм. Мэдээж Платон өөрийн байгуулсан дээд боловсрол олгох академидаа багшилж байсан нь маргаангүй мэт боловч харилцан ярианы сургалтын тухай түүхэнд юу ч тэмдэглэгдэн үлдсэнгүй нь харамсалтай. Ер нь Платон болон түүнээс хойш л харилцан ярианы янз бүрийн сэдвээр хичээл заахад хэрэглэх болжээ. Түүн дотроо гүн ухаан, математик, илтгэх чадвар болон логик зэрэг сэдвээр заахад түлхүү ашиглаж ирсэн юм.

Платон 81 наслахдаа багш Сократынхаа тухай баримтуудыг бичиж үлдээсэн байдаг хэдий ч бусад эх сурвалжуудаас эрс өөр байдаг нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг. Бодит баримтуудыг цэвэр уран зохиолийн маягаар, зарим нь хэт халилтай гэх мэтээр бичсэн байдаг нь ийн томоохон судлагдахуун болдог ажээ. Платон л магтан дуулсан байдаг боловч нэг ч шүлэг зохиол нь хадгалагдан үлдээгүй яруу найраг Сапфо гэгч эмэгтэй Грекийн түүхэнд буй. Түүнийг өнөө хэр агуу гээд байдгийн учир нь мөнөөх Платон л “Сапфо үнэхээр агуу яруу найрагч” гэж бичиж, хэлж үлдээснээс л болсон хэрэг. Платоны дээд боловсролын сургуулиа байгуулсан түүх нь сонин домогтой. Итали, Мицили хавиар хэрэн аялж явах үедээ эзэн хаан Дионис гэгчийн ургийн хүнтэй маргалдан муудалцаж, хүнд шийтгэл авч боол болсон гэнэ. Харин ёстой л тэнгэрийн аврал гэгч болж түүний гүн ухааны талаар мэддэг, ихэд хүндэлдэг нэгэн худалдан авч, боолоос чөлөөлсөн гэдэг. Харин Платоны шавь нар болон найз нөхөд нь мөнгө хөрөнгө цуглуулан мөнөөх хүнд нь буцаан өгөх гэтэл чөлөөлсөн ачтан нь шууд татгалзаж. Ингээд нэгэнт цуглуулсан мөнгөөрөө сургуулиа байгуулжээ. Энэ үйл явдал НТӨ 388 оны хавьцаа л болсон бололтой. Платоны сургууль юмсын мөн чанар хийгээд анхдагч дүр, санааны тухай ойлголтыг философид оруулж өгснөөрөө сэтгэлгээний ертөнцөд асар чухал суурь болж өгсөн юм. Ингэснээр өнөөгийн философийн бүхий л үзэл санаа гагцхүү Платоны туурвил руу эргэж очдог билээ. “Аливаа эд зүйл, хорвоо ертөнцийн бүх л юмс өөрийн санааг агуулдаг. Энэ гол санаа байхгүй байсан бол нэгийг нөгөөгөөс ялгах бололцоогүй юм. Тэгэхээр орчлон өөрөө утга учиргүй, бүдэг харанхуй болж хувирна. Эд юмсын санаа гэдэг нь тэдгээрийн дотоод мөн чанар. Бүтэц зохион байгуулалт, утга учрын хэмжүүр мөн” хэмээн томъёолжээ.

Ерөөсөө Платоныг философийн идеалист чиглэлийг үндэслэгч хэмээн тооцож болно. Бүтээлүүдэд нь ахуй гэгчийг цаг хугацаа болон орон зайнаас эс хамааран хадгалагддаг туйлын мөн чанар гэдгийг илэрхийлэх үг гэсэн ойлголт байдаг. Харин тэрхүү мөн чанар хэмээгч нь санаа буюу “идей” гэсэн үгээр илэрхийлсэн байдаг. Платоны “Тимэй” хэмээх диалогт ахуйн асуудлын гол шийдэл нь танин мэдэхүйн асуудалд яаж хандахаас хамаарна гэж дүгнэсэн нь бий. Бас нэгэн сонирхолтой зүйл нь Платоны бүтээлүүдэд хоёрдмол шинж харагддаг. Гол утга нь бие болоод сэтгэлийг өөр шинжтэй хэмээгээд сөргөлдүүлж тавьсан. Өөрөөр хэлбэл бие задарч алга болно. Харин сүнс буюу сэтгэл ямагт байна гэсэн санаа юм. Түүнийхээр оюун санааны болон юмсын гэсэн хоёр ертөнц байна. Эд юмс зөвхөн оюун санааны тусгал байх бөгөөд түүнд хэзээ ч хүрч эс чадна. Гагцхүү түүн рүү тэмүүлж л болох юм гэжээ. Ер нь философи нь оюун санааг л судлах ба эд юмсыг судлахгүй. Энэ бол нэр төрийн асуудал гэж хүртэл үзэж байсан ажээ. Платоны бас нэг чухал санаа нь хүний МӨН ЧАНАР бол төрөлхийн биед нь байдаг. Нэг ёсондоо үхэшгүй мөнх гэж үзэж байсан юм. Хүний адгуусан амьтнаас ялгарах төрөлх ялгаа нь хоёр хөл дээрээ босоо явахаас гадна аливааг тунгаан бодож мэдлэгийн бүтээдэгт оршдог гэж бичиж үлдээсэн нь бий. Хүн ба амьтныг шууд эсрэгцүүлээгүй боловч хүний бие амьтаны ертөнц рүү, харин сэтгэл оюун нь бурханд татагддаг хоёрдмол чанартай гэж үзэж байв. “Бүхнийг бий болгон төрүүлэгч нь гагцхүү сайн сайхан. Ямар ч санаа оюун тэр сайн сайханд тэмүүлснийхээ үйлээр л оршин байх ахуйтай болно” хэмээсэн нь тун чухал бөгөөд өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй юм.

Их сэтгэгчийн ертөнцийн бүтцийн тухай ойлголт ч тун сонирхолтой. “Бодит сансар орчлон нь орон зайн дотор байх ба түүнийг сансрын чинагш буй туйлын үнэн ахуй бий болгосон. Энэхүү ертөнцийг биеийн нүдээр харж эс болно. Гагцхүү оюун ухаанаар сэтгэн харж болно” гэсэн нь бий. Мөн сэтгэхүйн тухайд нэн сонирхолтой онол дэвшүүлсэн бөгөөд бие амьд байх нь цэвэр сэтгэлгээнд саад учруулдаг. Гэсэн атлаа эд юмсын мөн чанарыг цэвэр сэтгэлгээгээр л таньж болно. Тиймээс үнэнийг танин мэдэхийн тулд биеэсээ ангижрах ёстой. Хүний сэрэл мэдрэмж байнга өөрчлөгдөөд байдгийн учир сэтгэлгээ цэвэр байхдаа үл танигдах бүхнийг төсөөлдөгтэй холбоотой гэсэн байдаг.

Платон хайр сэтгэлийн талаар их л өвөрмөц бодолтой хүн байсан байгаа юм. Түүнийхээр “Хүний бие гэдэг бол их л сул дорой, зиндаа доогуур, эрүүл өвчтэй аль нь байвч нэгэн цагт үхэж үгүйрэн, цагийн эрхээр мартагддаг зүйл. Харин сэтгэл бол илүү найдвартай. Гэвч хүний сэтгэл туйлын тогтворгүй, хэтэрхий их юм хүсдэг. Хаа нэг тийшээ хийсэн оддог. Тэрхүү үл мэдэгдэх зүгээсээ эргэж ирдэг эсэх нь бас эргэлзээтэй. Гэвч эцсийн эцэст хайр дурлалд нэн тохирох зүйлс бол сэтгэл, ухаан хоёр юм. Шинжлэх ухаан болон урлагийн оргил бүтээлүүд өөрийн эрхгүй өөрийг нь хайрлахад хүргэдэг. Харин шинжлэх ухаан гэгч чухамдаа юу билээ. Өнөөдөр байх хэдийч маргааш мартагдаж болно. Тэгвэл урлаг маань бас юусан билээ дээ. Өнөөдөр түүгээр цэнгэх авч маргааш нь хараан зүхэж болно. Тиймийн учир ХАЙРЛАХАД илүү бодьтой, илүү суурьтай зүйл шаардлагатай юм. Хэрэв жолоогүй их тачаалаа тайлан дарж, хайр дурлалын явдалтай зууралдахаас аргагүй байдалд орвол үүрд мөнх хайрлан дурлаж, үнэн голоосоо сэтгэл алдсан хүнтэйгээ л гэрлэвэл сая хайр дурлал гээчийн мөнхийн, тэнгэрлигт хүрнэ” гэж номлосон бичигдэн үлдсэн юм.

Энгийн амьдрал дээрээ Платон тунчиг энгийн, найрсаг, зочломтгой, яриасаг хүн байсан гэдэг. Ямартаа уригдан ирсэн зочид нь “Ээ дээ, чиний зохион энэхүү их найр хуриманд оролцоход сэтгэл юутай хангалуун үлддэг билээ. Хожмоо дурсан ярихад хүртэл туйлын өег байх юм” гэцгээж байхав. Хүн төрөлхтөний өдөр тутмын хэрэглээ болсон сэрүүлэг гэчийг угтаа Платон сэдсэн. Ажиллах зарчим тун энгийн л дээ. Дээр байрлах устай савнаас ус дусална. Тэгээд доор байрлуулсан саван дахь ус тодорхой түвшинд хүрмэгц шахагдсан агаар гуурсаар дамжин хоолойн үзүүрт бэхэлсэн бишгүүрийг үлээн дуу гаргана. Бишгүүрийн дуунаар сургуулийнх нь сонсогчид сэрцгээдэг байж л дээ. Их сэтгэгч насан эцэс болохынхоо өмнө өөрийгөө шувуу болон хувираад ийш тийшээ нисээд их л яршиг төвөг удаж байна хэмээн зүүдэлсэн гэдэг. Харин өнөөх зүүдийг нь нэгэн найз нь “чи хойч үедээ үүрд дурсагдан судлагдаж, номлол бүтээлүүд чинь үеийн үед шагшигдах их өв болон үлдэх юм байна” гэж тайлсан нь өнөө цагт үнэхээр л тэр ёсоор нь болж байна л даа. Платон амьсгал хураахдаа “Жинхэнэ зөвөөр сэтгэгч гүн ухаантнууд төрийн суудалд суугаагүй цагт, эсвэл төрийн эрх баригчид гүн ухаантнууд болоогүй цагт хүн төрөлхтөн хэзээ ч муу муухай юмнаас ангижрахгүй” хэмээн гэрээслэсэн үлдээсэн гэдэг.

Хүн төрөлхтөний өмнөх соёл иргэншлүүдийн тухай домог хаа сайгүй. Тэгвэл асар өндөр иргэншилд хүрсэн Атлантидагийн тухай домгийг Платон л бичиж үлдээсэн юм. Түүний үлдээсэн энэ домогт итгэсэн хүн төрөлхтөн өнөөг хүртэл тэрхүү эх газрыг хайсаар байгаа. Тэрхүү эх газрын тухай тов тодорхой, яг таг заагаагүй. Гэсэн хэдий дүүний нэр хүнд асар их тул өнөөдрийг хүртэл огт үгүйсгээгүй л байгаа билээ. Тэрбээр олимпийн гишүүн байсан төдийгүй одоогийн бокстой төстэй зодоон ба барилдааны холимог төрөлд оролцон хоёр ч удаа аваргалж байжээ.

ПЛАТОНЫ ХЭЛСЭН ЗАРИМ ҮГСЭЭС ДУРДВАЛ

-Амжилттай сайн эхлэл, ажил үйлийн ихэнх талыг бүтээдэг.

-Бусдын жаргалыг бодсоноор өөрийн жаргалыг олно.

-Хүмүүс өөрт тохиолдсон гай зовлонг хувь зохиол, бурхан тэнгэр, юунд ч хамаагүй тохох гэдэг мөртөө өөрийгөө цэвэр үлдээдэг.

-Аз завшаан сохор байдаггүй, харин ч тун холын хараатай шүү.

-Ариун үйлс мунхаг хүний хувьд хамгаас дэмий зүйл байдаг.

-Гэр бүл болохыг хүсэгч бүхэн нэгэн зүйлийг даган мөрдөх хэрэгтэй. Гэр бүл бологчид зөвхөн хувьдаа зохис төдийг харгалзах бус харин улс орондоо ашигтай тустай талыг харгалзах ёстой.

-Уучлахад хялбар, мартахад хэцүү.

-Юу ч мэдэхгүй байна гэдэг айхтар хортой зүйл биш. Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай

-Цорын ганцхан зөв төөрөг бол оюун ухаан. Түүний төлөө юугаа ч өгсөн алдахгүй. Ухаан байгаа нөхцөлд л эр зориг, эрүүл сэтгэлгээ, шударга ёс, нэг үгээр хэлбэл, аливаа сайн сайхан бүхэн жинхэнэ утгаараа сайн сайхан болно.

-Сайн хүнд амьдад нь ч, нас барсан хойно нь ч муу зүйл тохиолдлоггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *