Categories
мэдээ улс-төр

Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.19/ үдээс өмнөх хуралдаанаарҮйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцууллаа.

Төсөл санаачлагч дэлхийн зах зээлд өрсөлдөх Монгол Улсын харьцангуй давуу тал болох хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалд тулгуурлан хуулийн төслийг боловсруулжээ.

Манай улсын эдийн засгийн өсөлт хэлбэлзэлтэй, цөөн тулгууртай, экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймээс цаашид эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн интервенц хийх зэрэг бодит алхмуудыг төлөвлөн цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нарт асуулт асууж тодрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, цэвэр экспортыг дэмжих сан гэж ойлгогдож байна. Хөгжлийн банктай хэр уялдаатай ажиллах юм бэ. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл захиргаадалтын шинжтэй явдаг, үр дүн, зохицуулалт муутай. Дахиад ийм сан гарах бий гэсэн болгоомжлол байна. Төр татварын бодлогоороо дэмждэг, хөгжлийн бодлогоо арилжааны банкууд нь дэмждэг байх нь зөв гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, экспортыг дэмжинэ гэж хорин жил ярьсан ч бүтэлтэй юм байхгүй байна. Жишээ нь Тайванд чацаргана экспортод гаргах асуудлыг бодитой гэж үзэж байна. 3000 тонныг авна гэж байгаа. Бид өнөөдөр таван тонныг ч нийлүүлж чадахгүй байгаа шүү дээ. Бид боломжтой зүйлүүдээ бодож бодлого гаргах хэрэгтэй. Мал аж ахуй дээр мөн бололцоо маш их бий гэв.

Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, энэ хууль өөрөө Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг дагаж гарч байгаа хууль. Олон жил экспортыг дэмжинэ, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ярьсан. Бодит ажил болгоход тодорхой шалгуурууд хэрэгтэй болдог. Энэ шалгууруудыг хуулийн төсөлд тусгаж байгаа. Нөгөө талаасаа жижиг, дунд болон бусад үйлдвэрүүдийн экспортыг дэмжинэ гэж ярьдаг ч түлхэц үзүүлж чадахгүй байгаа. Бид сая ноолуурын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийг нь дэмжиж маш том хэмжээний зээл өгсөн. Өгөхдөө экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг хэр зэрэг нэмж чадах, хэр зэрэг экспортын үйлдвэрлэл явуулж чадах үзүүлэлтийг харгалзан зээл олгож байгаа. Энэ нь үр дүнд хүрч жил болгон ахиц гарч байна. Одоо зөвхөн нэг талаасаа тулгалт өгөх бус нөгөө талаасаа урамшууллыг нь тавьж өгөх хэрэгтэй болж байгаа гэсэн тайлбарыг өгөв. Мөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, Ц.Баярсайхан нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан үг хэллээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 77.5 хувиар дэмжив. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Түүнчлэн Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх шатанд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжсэн байна. Ингэснээр байнгын хорооны саналаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 74,7 хувийн саналаар дэмжив. Анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсныг 84.1 хувийн саналаар дэмжиж чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *