Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Германы Бавари мужид оршдог Эльма харшид болсон дэлхийн Их долоогийн уулзалтын талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Дэлхийн бодлогын салбарын судлаач Ц.Лхамтай ярилцлаа.
-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их долоогийн ээлжит уулзалт ямар асуудлууд дээр төвлөрөв. Судлаач хүний хувьд та үр дүнг нь хэрхэн харж байна вэ?
-Их долоогийн уулзалт болсон Эльма харш нь Бавари мужид уулархаг үзэсгэлэнт байгальтай газарт байрладаг. Очиход тийм амар биш. Тиймээс юун түрүүнд аюулгүй байдлыг хангаж чадсан. Их долоогийн уулзалтын үеэр жил болгон жагсаал цуглаан болдог. Энэ удаад ч зохион байгуулагч оронд болсон жагсаалын үеэр ямар нэгэн асуудал гараагүй, харьцангуй тайван болсноороо онцлог. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Герман бол жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрч, түүнд хүлээцтэй хандаж чаддаг улс болохоо дэлхий нийтэд харуулж чадсандаа бахархаж байна” гэсэн л дээ. Их долоо уулзалтынхаа эхний өдөр эдийн засгийн асуудлыг голлосон. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг дүгнээд, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах тал дээр ярилцсан. Мөн худалдаа, санхүүгийн зах зээл, татварын асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн жил хуралдсан Их долоогийн уулзалтаас хойш дэлхийн эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байна гэж үзсэн. Газрын тос, эрчим хүчний үнэ буурсан нь Их долоогийн ихэнх орнуудын эдийн засагт таатай нөлөө үзүүлж байгаа. Гэвч нөгөөтэйгүүр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч тэрхүү долоон улсын хувьд ажилгүйдэл мөн л өндөр хэвээр байна. Хөрөнгө оруулалтын түвшин бага байна. Улсын болон хувийн секторын өр их байна гэсэн тулгамдсан асуудлаа шийдэх, бүгдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтөд хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт тэд санал нэгдээд байгаа.
-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд юуг голчлов?
-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд “Техник технологио хөгжүүлье, боловсрол инновацийг ахиулъя, оюуны өмчийн эрхийг хамгаалъя. Хөрөнгө оруулалтын орчинг жижиг дунд хөрөнгө оруулагчдад ээлтэй болгоё. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бүтээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэдэгт Их долоо саналаа нэгтгэсэн. Дэлхий нийт урт хугацааны туршид үргэлжлэх эдийн засгийн өсөлтөд хүрэхийн тулд дэлхийн уур амьсгалыг хэвээр нь хадгалан хамгаалах, эрүүл мэндийн салбарыг дэмжих, тухайн нийгэмд гишүүн бүрийнх нь оролцоо тэгш эрхтэй байхад чухалчлан анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хөтөлбөрийнхөө гол цөм болгох үүргийг Их долоо хүлээх аж.
-Улс орнуудын гадаад худалдааны харилцааг зохицуулахын тулд ямар чиг шугам баримтлахаар болсон бэ?
-Худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч болдог. Иймд худалдаа аль болохчөлөөтэй байх ёстой гэсэн чиг шугамыг баримтална. Худалдааны янз бүрийн хязгаарлалтуудыг бууруулах хэрэгтэй гэж үзсэн. Зарим улс дотоод зах зээлээ хамгаалахын тулд өөр орны бүтээгдэхүүнийг зах зээлээс шахдаг явдал бий л дээ. Энэ байдалтай тэмцэх нь зүйтэй гэдэгт Их долоо санал нэгдсэн.
-Ямар арга хэмжээ авах юм бол?
-Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” (Trade Facilitation Agreement)-ийг 2015 онд хүчин төгөлдөр болгохыг чармайж байгаа.Их долоо үүнд анхаарлаа хандуулж, энэ ондоо багтааж, хэлэлцээрийг соёрхон батлах үүрэг хүлээж байна. Мөн бүс нутаг хоорондын болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдлыг дэмжиж байгаа аж. Ялангуяа Европын холбоо АНУ-тай хийж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байна. Мөн Европын холбоо Японтой, Канадтай хийж буй худалдаа, эдийн засгийн хэлэлцээр болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж дуусгана гэдэгт найдаж буйгаа Их долоо нэгэн дуугаар илэрхийлсэн байна лээ. Үүнээс гадна, Европын холбооны орнуудын хоорондын дотоод худалдааг оролцуулан тооцвол дэлхийн худалдааны бараг 50 хувь нь Их долоод хамаарч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээнд ихээхэн анхаарал хандуулах шаардлага Их долоод тулгарч байна.
-Дэлхийн худалдааны 50 хувь нь Их долоод хамаатай гэлээ. Тэгэхээр тэд худалдааны гинжин сүлжээнд ямар байдлаар анхаарал тавих бол?
-2013 онд Бангладешт Рана Плаза оёдлын үйлдвэрийн барилга нурж, олон хүн амиа алдсан. Тэрнээс хойш бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Ази, Африкийн хөгжиж байгаа орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч буйн хувьд Их долоогийн орнууд үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэнд ажлын байрны зохистой нөхцөлийг бий болгохын тулд Их долоогийн орнууд илүү анхаарал тавья. Нөгөөтэйгүүр найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээг бий болгохын тулд Их долоо хамтын хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг ажил хэрэг болгохын тулд сан (Vision-Zero-Fonds) байгуулахаар болж байна. Уг сан нь Дэлхийн Хөдөлмөрийн Байгууллагатай нягт хамтарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны норм стандарыг хангах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх зорилготой ажиллах юм билээ.
-Их долоо Украины асуудлаас үүдэлтэйгээр ОХУ-д тавьсан хоригоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Асуудал цаашид хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд байна?
-Их долоогийн уулзалтаар гадаад бодлогыг өргөн хүрээнд авч хэлэлцсэний дотор Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нэлээд анхаарал татлаа. Энэ удаагийн Их долоогийн уулзалтаар, ОХУ олон улсын эрх зүйг зөрчин Крымыг өөртөө нэгтгэснийг нэгэн дуугаар шүүмжилж байсан. Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа зөрчлийг Минскийн хэлэлцээний дагуу улс төрийн арга замаар шийдвэрлэх ёстой. ОХУ Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүндэтгэж үзэж, улмаар Минскийн хэлэлцээг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Минск хотноо гарын үсэг зурсан багц арга хэмжээний хамтаар бүрэн биелүүлсэн нөхцөлд л Их долоо тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээгээ зогсооно. Эс бөгөөс зогсоохгүй гэж байгаа л даа. Бүр зайлшгүй нөхцөлд хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн байна гэдгээ ч мэдэгдсэн. Тиймээс ОХУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй нөхцөлд Их долоо Украины асуудлаар ОХУ-ын эсрэг хатуу байр сууриа хадгалах шинжтэй байна.
-ОХУ-д тавьсан хоригийг Их долоо ямар байдлаар чангатгах юм бол?
-Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй. Гэхдээ өөрсдөө ийм алхам хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ бас мэдэгдсэн. Цаашид Минскийн хэлэлцээг хэрэгжүүлэхийн төлөө Их долоогийн орнууд ажиллах болно гэсэн байр суурьтай байгаа. Мөн энэ хүнд цаг үед Украинд санхүүгийн болон техникийн тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллага хийгээд бусад түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгээ Их долоо мэдэгдсэн.
-Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл урьдын адил Их долоог Их найм болгох боломж нь нээлттэй байгаа юу?
-Судлаачийн хувьд тэгэх байх гэж таамаглаж байна. Их долоо хоёр дахь удаагаа ОХУ-гүйгээр хуралдлаа. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл Их долоогийн зүгээс хориг арга хэмжээнүүдийг цуцална. Сая Их долоо хуралдахын өмнө Германы дотоодоос томоохон шүүмжлэл гараад л байсан. Зарим улстөрчид “Оросгүйгээр асуудлыг шийднэ гэж юу байхав” гэж байсан ч Их долоо ОХУ-ыг оролцуулахгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч чадсан.
-Манай хөрш ОХУ-д тавьсан энэхүү хориг арга хэмжээ Монголд яаж тусах вэ?
-Украины асуудал Монголд нөлөөлөх байдал нь хоёр талтай. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг удаа дараа ноцтой зөрчөөд, цаашид асуудал даамжирвал хурц байдалд орж болзошгүй. Монгол Европын орнуудтай найрсаг харилцаатай байдаг болохоор ацан шалаанд орж магадгүй. Ер нь энэ байдал хурцадвал Монголд аюултай гэж бодож байна. Нөгөө талаар ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ хэвээр үргэлжилсээр байвал тус улсын бодлого Ази руу чиглэнэ. Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа улам ойртоно.
-Халдварт өвчин, терроризмтой тэмцэх асуудлыг Их долоогийн уулзалтаар чухалчилдаг. Энэ удаад ямар шийдвэр гаргасан бэ?
-Терроризмтэй тэмцэх, ялангуяа терроризмын санхүүжилтийг зогсоох асуудалд Их долоо өндөр ач холбогдол байгаа. Террористуудын хөрөнгийг царцаахын тулд олон улсын зохицуулалтыг үр дүнтэйгээр ашиглах, бүхий л санхүүгийн урсгалыг улам бүр ил тод, тунгалаг болгох арга хэмжээг авах болно гэдгээ Их долоо мэдэгдсэн.
Халдварт өвчинтэй тэмцэх асуудалд Эболагийн дэгдэлт дээр тогтож ярьцгаасан. Эболагийн дэгдэлт нь дэлхийн эрүүл мэндийн салбарт их зүйл хийх ёстойг, мөн өргөн тархацтай халдварт өвчинтэй тэмцэх түргэн шуурхай, үр дүнтэй механизмыг бий болгох шаардлагатай байгааг нотлон харуулсан. Иймд, ирэх 5 жилд Баруун Африкийн зэрэг 60 улс оронтой эрүүл мэндийн тогтолцоог нь сайжруулахад хамтран ажиллах санаачилгыг АНУ-ын зүгээс гаргасныг Их долоогийн бусад улсууд дэмжсэн байна.
-Тэгвэл ядуу буурай орнуудыг хөгжүүлэхэд ямар ажил хийж байна вэ?
-Мянганы хөгжлийн зорилт 2015 онд дуусч байгаа. Тэгэхээр дараагийн зорилтуудаа тодорхойлох хэрэгтэй болж байна. Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хөгжлийн дараагийн зорилтоо ярилцана. Тэр үед 2030 он хүртэл тавих хөгжлийн зорилтууд нарийн тодорхойлогдох бөгөөд Их долоогийн зүгээс 2030 он гэхэд дэлхий дээрх хэт их ядуурлыг арилгая гэдэгт санал нэгдэж байгаа. Энэ тухайд Их долоогийн орнууд 2030 он хүртэл хөгжиж буй орнуудын 500 сая хүнийг хэт өлсгөлөнгөөс аврахын төлөө чармайх болно гэдгээ мэдэгдээд байна.
-Уур амьсгалын өөрчлөлтөд Их долоо нэлээд анхаарал тавьж хүч хаяж байх шиг ээ?
-Энэ оны арванхоёрдугаар сард Парис хотноо Уур амьсгалын дээд хэмжээний уулзалт болно. Их долоогийн уулзалт нь энэ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл хангах, оруулах саналаа нэгтгэхэд чиглэгдсэн. Их долоогийн орнууд энэхүү дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын дэлхий нийтийн хэлэлцээр протокол байгуулах нь зүйтэй гэж байна л даа. Уг хэлэлцээрт заавал биелүүлэх заалт оруулъя, тухайлбал, дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах “Хоёр градус”-ын зорилгыг оруулъя. Үүнийг биелүүлэхийн тулд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд2010 онтой харьцуулахад 40-70 хувиар бууруулах нь зүйтэй гэсэн саналыг Их долоогийн зүгээс гаргаж байна. 2020 оноос эхлээд жил болгон 100 тэрбум ам.долларыг цуглуулаад дэлхийн уур амьсгалыг хамгаалахад сан байгуулах тухайд Их долоо санал нэгдээд байгаа.
Эцэст нь дүгнэн хэлэхэд, энэхүү Их долоогийн уулзалт нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг авч хэлэлцэн, байр сууриа нэгтгэн, зарим тодорхой саналыг дэвшүүлснээрээ багагүй үр дүнтэй боллоо.
М.Мөнхцэцэг