Энэ хавар “Өдрийн сонин”-ы томилолт, мөн хувийн ажлын далимаар Европоор аялах завшаан тохиосон юм. Эртний түүхт буурал Европын хотууд, тэнд амьдрах хүн зон бас монголчуудынхаа тухай цуврал тэмдэглэлээ хүргэж байна.
Будапешт хотын нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан найз маань “Шөнийн Будапештийг л үзэхгүй бол Унгарт ирсний хэрэг байдаггүй юм” гэсээр хотын төв рүү дагуулан явлаа. Гэвч цаг нэлээн орой болсон тул хоттой дараагийн өдөр танилцахаар болж зочид буудалдаа очиж амрав. Хол зам туулж ирсэн болохоор эргэн тойрноо ч анзаарах сэхээгүй толгой тавиад л нам унтжээ. Нэг мэдэхэд үй түмэн шувуутай цэцэрлэгт хүрээлэнд унтаж байна уу гэлтэй олон янзын шувуудын жиргээгээр сэрлээ. “Томоо гээчийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууханд л байрласан юм байна даа” гэж багцаалан бодоод цонхоор хартал нэг ч мод харагдсангүй. Шалнаасаа таазандаа хүрч байгаа болов уу гэмээр өндөр цонхтой цагаан саарал байшингууд тулах ажээ. Тэнгэрт бүртийх ч үүл алга. Нэрийг нь үл мэдэх жижигхэн шувууд цонхны наагуур цаагуур сүлжилдэн жиргэх нь сэтгэлд таатай. Аажуухан хувцаслаад гадаа гарвал хотын хөдөлгөөн аль хэдийнэ эхэлжээ. Ялангуяа сургуулийн насныхан ийш тийш хөлхөх юм. Цагаа харвал 06 цаг өнгөрч байв. Будапешттэй танилцуулах найзыгаа ирж автал орчин тойронтойгоо танилцахаар явлаа. Хоолны газар, дэлгүүр, үзвэр үйлчилгээний төвүүдийн хаяг нь дандаа Унгар буюу мажор хэл дээр юм. Хаа нэгхэн “Japanese restaurant”, “Change” гэх хаяг таарна. Ингэж яваад хүнсний дэлгүүрт орлоо. Манай дэлгүүрүүдэд байдаг Европын ихэнх бараа лангууны ард өрөөстэй харагдана. Чихэр, шоколадны тасагт аль хэдийнэ танил болсон “Merci”,“Raffaelo”,“Kinder” тэргүүтэй амттан өрөөстэй. Үнэ нь харин тийм ч хямдхан байсангүй. Улаанбаатарын дурын дэлгүүрээс “Merci” шоколадыг 8000 төгрөгөөр авч идэх бол эндээс 6000 төгрөгөөр авах ажээ. Гоо сайхан, ахуйн хэрэглээний тасагт ч гэсэн дандаа манайд зардаг бүтээгдэхүүнүүд. Бүр манайд байдаггүй бүтээгдэхүүн юу байна вэ гэж хайж үзмээр санагдаж байв. Харин жимс, ногоо нь харьцангуй хямд. Хачин гоё үнэр, амттай бэлцийсэн том гүзээлзгэнэ нэг кг нь 10 мянган төгрөг орчим болж байв. Бас Оросоос хуучин цагт оруулж ирдэг шиг гоё үнэр, амттай алим нэг кг нь 2000 төгрөг орчим ажээ.
Эндхийн байшин барилга бүрийн орой дээр уран баримал сийлсэн нь нүд булааж байв. Хотод хөшөө, уран барималтай хаа сайгүй таарна. Эхэндээ таарсан хөшөө болгоны нэрийг бичиж аваад, уран баримал бүрийнх нь дэргэд зургаа авахуулж байсан бол сүүлдээ залхаж гүйцэв. Хот тэр чигтээ л уран баримал, хөшөөгөөр дүүрчээ. Байшингийн ханан дээр эртний түүхийг харуулсан сийлбэрүүд ярайж байв. Барилгуудын өндөр, өндөр цонхнуудыг анзаарахгүй өнгөрөөж боломгүй. Шалнаасаа таазаа шүргэв үү гэлтэй өндөр цонхоо элдэв хээ хуар багатай бараан өнгийн хөшгөөр халхалжээ. Ер нь эндээс хөшөөгүй, сийлбэргүй барилга олж харна гэдэг байж боломгүй зүйл мэт санагдах ажээ. Сүүлд баригдсан орчин үеийн загвартай ганц нэг зочид буудлын барилгууд хүртэл үүд хавьдаа заавал нэг хөшөө байрлуулсан байдаг юм байна.
Будапешт хоттой танилцах аяллаа тэндхийн залуусын очих дуртай “Гангачуулын гудамж”-аас эхэллээ. Хотын төвд байрлах энэхүү гудамжинд дэлхийн олон брэндийн дэлгүүр бий. Бас олон үндэстний хоолны газар ихтэй. Ерөнхийдөө жуулчдад зориулсан гудамж болохоор хотын бусад хэсгийг бодвол харьцангуй үнэтэй гэсэн. Гэхдээ л Европын бусад хоттой харьцуулахад тун боломжийн үнэтэй болохоор сонирхож байгаа зүйлээ авахыг зөвлөж байлаа. Замд таарсан ганц, нэг дэлгүүрээр орвол Унгарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байхад гадны брэндүүдээс сонголт хийж болмоор санагдав. Унгар бүтээгдэхүүн гэснээс эднийх ноосон цамцаараа алдартай юм байна. Хориод жилийн өмнө Унгар ноосон цамц өмссөн европ хүүхэн тэр үеийнхээ л хамгийн ганганд тооцогддог байж.Тэр яриа одоо хүртэл хэвээрээ гэсэн. Юугаараа алдартай вэ гэхээр хэдэн ч удаа яаж ч угаасан сунадаггүй, агшдаггүй гэнэ. Ерөнхийдөө оёдлын үйлдвэр ихтэй болохоор ноосон эдлэлийн нэхээс, сүлжээсэнд мэргэшсэн байдаг ажээ. Гудмаар яваа залуус биед аль болох эвтэйхэн байдлаар хувцасласан байв. Эрчүүд нь голдуу өвдөгний дээгүүр татсан урттай богино өмд, даавуун цамц өмсчээ. Бүсгүйчүүд харин урт хормойтой даашинз, эсхүл жинсэн шоортон дээр дал мөрөө гаргасан сул майк өмссөн харагдана. Залуусын гол гангараа нь янз бүрийн бугуйвч, хүзүүний зүүлт, ээмэг, бугуйвч, алчуур, малгай шиг анзаарагдав. Хувцаслалт нь энгийн хэрнээ маш гоё зохицсон гоёл чимэглэлийн зүйлс их хэрэглэдэг юм байна. Энгийн нэг малгайн дээр өд хатгаад л дэгжин харагдах жишээтэй. Хүүхнүүд нь даашинзныхаа өнгө дагуу хэд хэдэн зүүлт давхарлан зүүжээ. Ер нь чамин тансаг гэхээсээ илүүтэй энгийн, гар аргаар хийсэн зүйлс сонирхдог нь анзаарагдаж байлаа. Мөн энэ гудмын төгсгөл хэсэгт хоолны газрууд бий. Шарсан махны үнэр хэдэн метрийн зайнаас үнэртэж цатгалан хэдий ч идэх хүсэл төрүүлэх ажээ. Тогооч нар нь мухлагийнхаа үүдэнд гараад ирчихсэн хоолоо танилцуулна. Голдуу янз бүрээр амталж шарсан мах амсаж үзэхийг санал болгох ажээ. Хамт яваа найз маань “Унгарчууд манайханд их элэгтэй” гэж хэлээд шорлог хийж буй тогоочид хэдэн зүйл хэлэв. Тэгсэн өнөөх нь мухлагийнхаа цаанаас гарч ирж тэврээд сүйд болоод явчихлаа. Яасан гэтэл “Бид монголчууд. Найз маань Улаанбаатараас ирсэн” гэж хэлжээ. Унгарчууд манайхантай гарал угсаа нэгтэй, ахан дүүсээ гэдэг юм байна. Тиймээс монгол хүнд элэгтэй хандаж, дайлах дуртай байдаг ажээ. Ингээд өнөөх маань Монголоос ирсэн дүү минь гэсээр хонины махтай шорлогоор дайлав. Бас тусгай аргаар дардаг, хүндтэй зочдоо дайлдаг ногоо гаргаж ирээд махтайгаа идэхийг хүслээ. Цагаан лууван, улаан чинжүү тэргүүтэй ногоонуудыг бага зэргийн халуун чанартайгаар даршилжээ. Анх удаа идэж байгаа надад амт нь гойд сайхан санагдсангүй. Гэсэн хэдий ч талархсан сэтгэлээ илэрхийлээд босов.
“Гангачуулын гудамж”-нд хол газраас аялж яваа жуулчид их цуглах юм. Үүргэвч цүнхээ газар тавиад орчныг ажиглангаа шар айраг шимэн суух ажээ. Тэдний ингэж суудаг хэсэгт өөрсдийгөө олонд таниулах хүсэлтэй шинэ залуу хамтлаг, дуучид тоглолтоо хийж байв. Зарим жуулчид тэднийг дуулах үеэр ширээнийхээ хажууд зогсож бүжиглэсэн шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Тэднийг дуурайж хоол эргүүлж, гудманд зарж буй бэлэг дурсгалын зүйлийг сонирхсоны дараа Дунай мөрнөөр усан онгоцоор аялахаар болов. Усан онгоцонд суухын тулд метрогоор явсан. Эндхийн метро дэлхийд хоёрдугаарт ордог эртний метротой. Хамгийн эртний метро Англи улсад ашиглалтад орж байсан бол хоёр дахийг нь унгарчууд барьж байжээ. Метро нь газар доороо нэлээн гүн гэсэн. Уртаа гээчийн цахилгаан шатаар доош буух бөгөөд шат нь хурдан гэж жигтэйхэн. Эхэндээ цахилгаан шатны эхний гишгүүр дээр зогсоод арагшаа савангаа алдаж байна лээ. Метрогоор явсаар хот дундуур урсдаг Дуна мөрөн дээр ирэв. Мөрний баруун хэсгийг Буда, зүүн талыг Пешт гэж нэрлэдэг юм байна. 1873 онд Буда, Пешт, Обуда гэх газруудыг нэгтгэн нийслэл Будапешт үүссэн түүхтэй. Өдгөө Дуна мөрнөөр аялахад хотын ерөнхий төлөв харагдах ажээ. Усан онгоц нь 3000 форинт гэнэ. Нэг форинт долоон төгрөгтэй тэнцэж байв. Аялж явахад Парламентын ордон, Буда цайз, Хааны ордны дэргэдүүр өнгөрч байлаа. Бас Европт алдартай гинжин гүүрэн доогуур өнгөрсөн. Энэхүү гүүрний хоёр талд томоо гээчийн хоёр арслангийн баримал бий. Энэхүү арслангийн баримлыг хийсэн уран бүтээлч бүтээлээ дөнгөж дуусгаад байхдаа амиа хорложээ. Учир нь гүүрний хоёр талд бүтээсэн дөрвөн арслангийн хэлийг хийхээ мартсанаа хүлээлгэж өгөх үеэрээ анзаарсан байна. Ингээд хотын захиргааны дарга нараас айхдаа тэр оройдоо амиа хорлосон тухай түүхийг усан онгоцоор аялуулж буй хөтөч ярьж өгөв. Усан онгоцны аялал хагас цаг хэртэй хугацаанд үргэлжлээд Хааны ордны гадаа буулгалаа. Хааны ордныг унгарчууд өөрсдөө Буда цайз гэж нэрлэх юм. Хааны ордон орчмыг шөнөөр харвал үзэсгэлэнтэй гэж зөвлөсөн учраас нар жаргахыг хүлээнгээ “Арена” гэх худалдааны төвөөр орлоо. Энд бүхий л брэндийн дэлгүүрүүд бий. Гэхдээ байнгын 30-70 хувийн хямдралтай байдаг болохоор сайн хэсвэл хүссэн бараагаа боломжийн үнээр авч чадахаар ажээ. Хоёр давхар тус дэлгүүрийн үүдний хэсгээр л яваад хөл цуцчихлаа. Цаад зах нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор гурван цаг хэсээд гарав. Ингээд бүрэнхий болсон учраас хааны ордон руу явсан юм.
ЮНЕСКО-гийн дэлхийн өвд 1987 онд бүртгэгдсэн хааны ордныг 1243 онд барьж эхэлжээ. Ордон барих явцад маш олон удаагийн халдлага дайралт гарч барилгын явцыг удаашруулж байсан гэнэ. Улмаар 1410-1430 онд тухайн үеийн эзэн хаан ордны барилгыг түргэвчлэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч барилгын ажил мөн л дорвитой урагшлахгүй байсаар 1700 онд бүрэн зогсчээ. Түүнээс хойш ордонд хэн ч гар хүрэхгүй байсаар 1867 онд Австрийн хаан Франц Иосеф Унгар улсыг захирах болоход эзэн хаандаа зориулан ордны ажлыг бүрэн дуусгаж тохижуулсан түүхийг хөтөч маань сонирхуулав. Гэвч Европтоо хамгийн эртнийхэд тооцогдох уг ордонд эзэн хаан хэзээ ч амьдарч байгаагүй ажээ. Франц Иосеф Унгарын хаан болсноосоо хойш анх удаа ордонд ирж ёслолын дараа хонох гэж байхад нь Австриас яаралтай захиа ирэн нутаг буцаж байжээ. Түүнээс хойш ордонд нэг ч эзэн хаан ирээгүй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеэр асар их хохирол амсаж сүйдэж байсан байна. Улмаар 1946 оноос дахин сэргээж 1960 оноос хойш өнөөгийн дүр төрхөө хадгалж байгаа гэсэн.
Хааны ордон Дуна мөрний баруун эрэг дээр байрлах ажээ. Уулын энгэрт байрлах ордон олон давхар хэсгээс бүтсэн байв. Шөнө болж ордны гэрэлтүүлэг асахад ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Бас гинжин гүүр, Парламентын ордон зэрэг түүхэн дурсгалт газрууд гэрэлтүүлгээ асаасан байхыг хараад яагаад заавал шөнийн Будапештыг үзээрэй гэснийг ойлгов. Учир нь байшин барилгуудаас цацарсан үй түмэн гэрэл шөнийн харанхуйтай хоршиж Будапешт хотыг чимжээ. “Европоор аялж байгаа хүмүүст заавал үзэх ёстой хоёр хот байдаг. Нэг нь Парис, нөгөөх нь Будапешт” гэж хамт яваа хүн маань хэлэв. Ингээд ордны гол хэсэгт гарахаар чулуун шатаар дээш өгслөө. Булан тохой бүрт эртний баатрууд, гоо бүсгүйчүүдийг дүрсэлсэн уран баримал байх юм. Бас давхар бүрт сүрлэг сайхан усан оргилуур өнгө өнгийн гэрэл дор оргилох ажээ. Хааны ордон баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн жигүүртэй бөгөөд хойд жигүүрийг ордны гол хэсэг гэж үздэг юм байна. Тэнд шүтээний байр, ёслолын, их сэнтийн, цайны, хааны унтлагын, зочдын, бичгийн, тамхины, хоолны зэрэг өрөөнөөс гадна урлагийн музей, хааны үнэт эдлэлийн сан байдаг гэсэн. Ордны зарим өрөөгөөр ажлын цагаар орж үзэж болдог ажээ. Цагаан гантиган ханатай, улаан гантиган шаттай Дундад зууны модернист загварын ордны төв хэсэг дөрвөн давхар өндөр. Дээд давхарт гарч ирэхэд жуулчид дүүрэн байв. Энд тэнд зогсож зургаа авахуулахын зэрэгцээ залуу хосууд Дуна мөрөн рүү харсан хашлага налан үнсэлцэн зогсоно. Дуна мөрний зүгээс ирэх зөөлөн салхинд нүүрээ илбүүлэн Будапешт хотын сайхныг бахдан зогсоод доош буулаа. Дараагийн очих газар хотын урд байх Баатруудын талбай. Энд Ялалтын бурхныг дүрсэлсэн “Зууны хөшөө” нэртэй баримал бий. Түүнийг нь тойроод Унгарын хаан ширээнд сууж байсан 14 хааны хөшөө байв. Энд бас л жуулчид олноор цуглачихаж. Тэд нутаг нутгийнхаа дууг чангаар дуулаад шар айраг шимэн суух ажээ.
ВЕНА ДАХЬ ХАТАН ХААН СИСИГИЙН ОРДОН
Унгарын нийслэл Будапешт хотоос машинтай гарч хоёр цаг гучинминут давхиад Австрийн Венад ирэв. Хоёр улсынхилээр нэвтрэх нь манай 22-ын товчоогоор гарч байгаатай л төстэй юм. Машинтай явж байгаа хүмүүсийг шалгаж байгаа ч юм алга. Гэхдээ юмыг яаж мэдэхэв гэдэг бололтой буу барьсан хоёр цагдаа орчны амгалан тайван байдалд хяналт тавьж байлаа. Венийн төвд орж ирээд хамгийн түрүүнд хатан хаан Сисигийн Шёнбрун ордонтой танилцахыг бодов. Хатан хааны ордон руу ороход дөрвөн төрлийн тасалбараас сонгож авдаг юм байна. Ордны эргэн тойронтой танилцах, хатан хааны ордон руу орох, хувцас хэрэглэлийн өрөөгөөр аялах, ордон болон амьтны хүрээлэнгээр зугаалах гэсэн сонголттой. Тасалбар нь юу үзэхээс хамаарч 10-50 еврогийн үнэтэй байв. Хатан хааны ордноор аялах 25 еврогийн тасалбар аваад дотогш орлоо. Орох хэсэгт англи, япон, хятад, орос, герман, франц хэлний сонголтоор тайлбар сонсох жижигхэн хөгжим шиг зүйл өгөв. Түүн дээр байгаа тоонууд дээр дарахад тухайн дугаартай үзмэрийг тайлбарлах учиртай юм байна. Өнөөхөөс нэгийг аваад дотогш ортол өөрийн эрхгүй дуу алдав. Шалнаас тааз хүртэлх зай нь дор хаяж дөрвөн метр хэмжээтэй. Өндөрт байх таазан дээр алтан шаргал өнгөөр эртний бурхдыг зуржээ. Цонхнууд нь улаан хүрэн өнгийн зузаан хөшигтэй. Хана дагуулан тавилгууд өрөөтэй байв. Тавилга сэлтэд гар хүрч болохгүй учраас наагуур нь хамба хилэн уяагаар хязгаарлажээ.
Үүдний хавьд үйлчлэгч, асрагч эх, даамлуудын өрөө байв. Тэдний өрөө гял цал бус мөртлөө булан тохойдоо уран барималтай юм. Бас тухайн үеийн ордны ажилтнуудын өмсөж байсан хувцас хэрэглэлийг дэлгэн үзүүлжээ. Зарц, асрагч нар газар шүргэсэн урт хормойтой цайвар өнгийн даашинзан дээр цагаан хормогч зүүдэг байсныг харав. Хиа, даамлууд өндөр хар малгай өмсөн улаан өнгийн ёслолын хувцастай алба хаадаг байжээ. Өрөөний эд хогшлыг үзмэр шиг биш хүн амьдарч байгаа мэт байрлуулсан нь ордонд зочин болоод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Амьдарч байсан хүмүүсийг ч гэсэн яг л хажууд ажлаа хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр үйл хөдлөлтэй байрлуулжээ. Хүүхдийн орны дэргэд хувцас эвхэн зогсож байгаа асрагч, хааны зарлигаар бусад улс орон руу захиа илгээж байгаа бичээч гээд тухайн үед хэн, яаж ажиллаж байсныг харсаар хааны ажлын өрөөнд ирлээ. 1854 оноос Австри улсын эзэн хаанд өргөмжлөгдсөн Франц Иосефийн өрөөний хойморт ажлын ширээ байх ажээ. Цэвэр модоор хийсэн болов уу гэмээр ширээн дээр бэхэнд дүрж бичдэг өд, зузаан ном, Австрийн төрийн далбаа, газрын зураг зэрэг байв. Эзэн хааныг ширээнийхаа ард суугаад Сиси хатандаа захиа бичиж байгаа мэтээр төсөөллөө. Өрөөний эсрэг талд буйдан, хагас хэвтээ байдлаар суух урт сандал, цайны ширээ зэргийг байрлуулжээ. Цайны гүцэн дээрх чимэглэл аяганы амсрын алтан шармалтай тун сайхан зохицож байв. Ажлын өрөөг улаан хүрэн, бор өнгийн тавилгаар тохижуулжээ. Цаашлаад хаан, хатан хоёрын унтлагын өрөө, уулзалтын өрөөнүүд үргэлжилж байна. Хаан хатан хоёрын унтдаг байсан ор лав л гурван метрийн өргөнтэй байх аа. Орны дөрвөн талаар цагаан өнгөтэй нимгэн хөшиг унжуулжээ. Энэхүү өрөө хаан, хатан хоёрын албан ёсны унтлагын өрөө бөгөөд түүнээс гадна тэдний мэдлийн зургаан өрөө бий гэсэн. Харин өрөө бүрт ваар хэлбэрийн ханын зуух байлаа. Уг зуухаар өрөөг бүхэлд нь халаадаг байжээ.
Хааны хувцасны өрөөнд ороход ёслолын, энгийн, ангийн, уулзалтын хувцаснуудыг маниканд өмсүүлсэн байсан. Хувцаснаас багцаалбал Франц Иосеф хаан 180 см орчим өндөртэй байсан бололтой. Өрөө бүрийн ханан дээр хатан хаан Сисигийн болон бусад гүнж нарын зургийг жаазлан өлгөсөн байв. Шёнбрун ордон 1441 өрөөтэй болохоор бүгдийг нь байтугай талыг нь ч үзэж амжихааргүй юм. Архитектурын түүх, соёлын дурсгалт гол гол өрөө, танхимыг нь сонирхоод цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. Ордонг 1569 онд барьж, 1642 оноос Шёнбрун гэж нэрлэх болжээ. Ордонд хамгийн сүүлд амьдарч байсан Франц Иосеф хаан 86 насандаа буюу 1916 онд нас барахад Шёнбруныг улсын өмчид бүртгэн авсан гэдэг. Улмаар 1955 оноос музей болгон олон улсын аялал жуулчлалын чухал үзмэрүүдийн нэг болгожээ.
Ордны ар талд таван га цэцэрлэгт хүрээлэн үргэлжлэх юм. Нов ногоон зүлгэн дээр өнгө өнгийн цэцгээр элдэв хээ оруулан чимжээ. Мод ургамлаа хүүхэлдэйн баатар, амьтны дүрсээр хэлбэржүүлэн тайрсан байв. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах өргөн гудамжны хоёр талаар ургасан модыг шугам барьж байгаад хяргаа юу гэлтэй нэгэн жигд тайрчээ. Төв ордноос 300 метр орчим зайд нуур байсан. Тэнд усны шувууд цуглаад гангар, гунгар дуугарах ажээ. Хүнтэй ижилдэн дассан бололтой ойртоод очиход үргэхээ ч мэдэхгүй юм. Нуурын цаахна аварга том гантиг чулуун саравч байлаа. Тэндээс ордны ерөнхий төлөв байдлыг харж хэсэг суув. Австричууд Шёнбрун ордныхоо цэцэрлэгт хүрээлэнд хүссэн үедээ зугаалдаг ажээ. Хаа сайгүй л бэлтгэлийн хувцастай гүйж байгаа хүмүүсийг хараад ажлын өдөр ингээд гүйж явдаг яасан сайхан завтай нөхөд вэ гэх бодол төрж байв.
Задгай саравчнаас Шёнбрун ордныг толидонгоо хатан хаан Сисигийн тухай яриа өрнүүлэв. Хөтөч маань “Сиси хатан чиний бодож байгаа шиг ариухан амьтан байгаагүй юм” гэсэн нь сонирхол татлаа. Гоо үзэсгэлэн төгс, шулуун шударга, ялдамхан бүсгүйн төсөөллийг “Хатан хаан Сиси” киноноос авчихжээ. Тэгсэн хөтөч маань шал өөр зүйл ярьж байна шүү. Франц Иосеф хаантай суугаад удаагүй байхдаа Унгар болон Италийн гүнтэй нууцаар амрагладаг байсан. Түүнийг нь хаан мэдээд гэр бүлээ цуцлуулсан хэдий ч гурван жилийн дараа эргээд нийлсэн гэхчлэн ярилаа. Тухайн үед европ эрчүүдийг хөөрхөн царай, 50-хан см-ийн тойрогтой нарийн бэлхүүсээрээ байлдан дагуулж байсан түүнд бусад улсын хаан, хунтайж, гүнгүүд унан тусан дурладаг байжээ. Италийн өндөр язгуур угсаатай гүнтэнг Венад ирэх үеэр танилцан улмаар сэтгэл алдарч эр нөхрөө хүртэл мэхэлсэн түүх байдаг гэнэ. Дурласан гүнтэнг санахын эрхэнд ордноосоо нууцаар гарч уулзалдаж байгаад эзэн хаандаа баригдсанаар харилцаагаа дуусгавар болгожээ. Гэсэн ч хашралгүй Унгарын язгууртантай амрагласнаар Шёнбрун ордноо орхиж байсан юм байна. Франц Иосеф Сисигээс салсныхаа дараа улс орноо удирдахад хатных нь үнэтэй зөвлөгөө дутагдаж байснаар авааль гэргийгээ уучлан буцааж авчирсан түүхтэй. Мөн Сиси хатан Унгар улсад элэгтэй байдгийг түүний дурлалт хархүү Андраши гүнтэнтэй холбон ярьдаг гэсэн. Гэхдээ Франц Иосеф улс төрийн хэрэгт анхаарлаа бүрэн хандуулдаг, эр нөхрийн хувьд гэргийгээ хайр, халамжаар үргэлж дутаадаг байсан гэдэг. Ордон дотор явж байхад ханан дээр өлгөсөн зурган дээр нээрээ л хөөрхөн хүүхэн байсан даа. Өвдөг шүргэсэн буржгар урт үстэй, өтгөн хар хөмсөгтэй өө сэвгүй сайхан бүсгүй байж, Сиси. Түүний гоо сайхан царайнаас гадна улс орныг зөв бодлогоор чиглүүлж явсан үйл хэрэг алдар нэрийг нь улам бүр цуурайтуулж байжээ. Тэрээр эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр аливаад ханддаг байсан гэнэ. Сэтгэл хөдлөл багатай, хатуу ширүүн гэмээр хааны гаргаж буй шийдвэрүүдийг Сиси зөөллөдөг, улс төрийн чухал шийдвэрүүд дээр алсыг харсан холч ухаанаар зөвлөгөө өгдөг байсан байна. Тэрээр бодит амьдрал дээр эзэн хаантайгаа тийм ч дотно харьцаагүй байсан бөгөөд Франц Иосеф хатнаа нас барсных нь дараа “Сисид би ямар их хайртайгаа ойлгуулж чадсангүй” хэмээн харамсан уйлж байсан гэдэг. 1937 оны арванхоёрдугаар сарын 24-нд Германы Мюьнхен хотод Баварийн гүн Максимлан Жозефийн гэрт төрсөн Элизабет Амалия Евгений буюу Сиси хатан Австри болон Унгар улсын хатан хаан байсан юм. Түүнийг 1898 онд Швейцарийн Женев хотод зугаалж явахад нь Италийн анархист үзэлтэн Луйчи Лучиени гэгч зүрхэн тушаа нь хутгалан амь насыг нь хороожээ.Хожим түүний тухай “Хатан хаан Сиси” кино бүтээснээр дэлхий даяар танигдсан гэдэг. Өдгөө хатан хаан Сисигийн амьдарч байсан ордныг үзэхээр жилд дөрвөн сая жуулчин Вена хотод зочилдог ажээ.
Ордноос тун холгүй алдарт Венийн дуурийн
театр байдаг юм байна. Дотор болж буй тоглолтоо гадаах дэлгэцээрээ шууд
дамжуулдаг болохоор жар гаруй сандал эгнүүлээд өрчихдөг ажээ. Тэнд хэн дуртай
нь суугаад дуурь сонсож болох юм. Олон хүний дэргэд очоод хэсэг суув. Ихэнх нь
дэлгэцээр гарч буй хүний дуунд уярчээ. Нэг харахаар нүдээ аньчихсан суудал
дээрээ ганхана. Дахиад нэг анзаарвал ямар нэг зүйлд санаа зовж байгаа аятай хөмсгөө
зангидчихсан суух ажээ. Надад харин дуурийн театрын барилга сонин санагдав.
Гурван давхар барилгын хана тэр чигтээ уран сийлбэрээр дүүрчээ. Сахиусан тэнгэр,
эртний Грекийн дайны бурхадыг ханан дээр уран тансагаар сийлсэн нь гайхалтай.
Дуурийн театртай зэрэгцээд “Штефан” сүм байв. Сүм рүү хүссэн хүн бүр орж болох
ч гэлээ биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан хувцастай бол оруулдаггүй юм
байна. Сүм, дуурийн театр бүхий төв гудмаар явж байгаад казино руу орлоо.
Багахан еврогоор азаа үзэх хүсэл байсан ч эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд нь
ёслолын хувцастай орох ёстой гээд халгаасангүй. Харин үүдэнд нь байх 777
тоглоомоор тоглож болно гэнэ. Буцаж гараад төв гудамжаар алхахад шарсан зайдас,
пицца тэргүүтэй түргэн хоолны газрууд олон таарч байв. Пиццаг ганцаараа явж
байгаа хүн идэхэд тохиромжтой болгон зүсмээр зардаг ажээ. Гурил нь мэдэгдэхгүй
шахам олон хачиртай зүсэм пицца таван еврогийн үнэтэй. Хоолны газруудад нэг
таваг хоол ойролцоогоор 15 еврогийн үнэтэй байна лээ. Гудмаар явж буй залуус
жинсэн өмд, даавуун цамц өмссөн харагдана. Энэ хавиар жуулчид ирдэг нь илт.
Зургийн аппарат тэврэн үүргэвч үүрсэн хүмүүс гудмаар холхихтой зэрэгцэж алхаад
“Волксгартен” метроны буудал дээр ирлээ. Уг буудлын нэг буланд хааш, хаашаа
хоёр метр хэмжээтэй шилэн хана байв. Тэнд хоёрдугаар дайны үед еврейчүүдийг
амьдаар нь булсан гэсэн. Дотроо чулуун хана, төмөр сараалжаас өөр зүйл
харагдахгүй мөртлөө огиудас хүрэм эвгүй үнэртэй байлаа. “Яагаад ийм үнэр
гардгийг мэдэхгүй. Уг нь цогцос аль хэдийнэ газар шороондоо шингэсэн баймаар
юм” хэмээн хөтөч маань тайлбарлав. Нас барсан хүний үнэр л ийм байдаг байх даа
гэмээр эвгүй үнэр үнэртээд, амьд хүмүүсийг булсан шүү гэж бодохоор тэр хавь нэг
л зэврүүн санагдах ажээ. Яагаад ийм газрыг энэ хэвээр нь байлгадгийг мэдэхгүй ч
шилэнд тулж очсоноос хойш нэг хэсэгтээ л дотор муухайрч байлаа. Харин шилэн
хананаас метр гаруй зайнд зогсоход өнөөх үнэр алга болж байв.
Метронд суугаад явж байтал гудамжны хулигаан маягтай залуу
бидний хажууд ирлээ. Халтайсан нүүр, тааруухан хувцсыг нь хараад айдас төрлөө.
Эх хэлээрээ ярих биднийг ширтээд зогсоод байхаар нь хөтөч “Чамд ямар нэг зүйл
хэрэгтэй” юу гэтэл “Энэ эмэгтэй миний тухай яриад байна уу” гэдэг байгаа. “Үгүй
дээ, бид Вена хотын тухай ярилцаж байна. Монголоос ирсэн хүмүүс” гэтэл нүүрэнд
нь мишээл тодрон “Чингэс хаан, Чингэс хаан” гэчихээд яваад өглөө. Австри уг нь
тайван амгалан хот хэдий ч Украйны дайнаас хойш бага зэрэг үймээнтэй байгаа
гэнэ. Дайнаас дүрвэж орж ирсэн хүмүүс Австрид ирээд хийх ажилгүйн улмаас
хулгай, дээрэм хийх болжээ. Ялангуяа метронд бусдыг дээрэмдэх тохиолдол их гарч
байгаа юм байна.
С.АЛТАНЦЭЦЭГ