УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэх асуудал, Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төслийн талаар Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд бүлэгтээ мэдээлэл хийсэн байна.
Товч мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараахь хариултыг өглөө.
-Гацууртын ордод төр 34 хүртэл хувь эзэмшихээр оруулж ирснийг бүлэг дэмжиж байгаа гэсэн үг үү?
–Энэ асуудлаар бүлэг ярилцаад зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан байдаг. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэг шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан. Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйхүйц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил хийх ёстой. Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэт ажил хийх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ашигт малтмалын тусгай төлбөр авъя гэсэн шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл юм.
-Ашигт малтмалын тусгай төлбөрийг авснаараа ямар ач холбогдолтой вэ?
-Голлох татвар нь 265,6 сая ам.доллар байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139,4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутган татвар 16,2 сая ам.доллар байна гэсэн төсөл өргөн барих нь ашигтай гэж Засгийн газар оруулж ирсэн.
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцсэн үү?
-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хоёр хууль УИХ-д өргөн баригдсан. Одоогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээд явж байна. Эрүүгийн багц хуулиуд бүрэн гарсны дараагаар Эдийн засгийн өршөөлийн хууль яригдана.