Categories
мэдээ нийгэм

“Хөөрхөн жолооч” аян өрнүүлж байна


Замын хөдөлгөөний түгжрэл их байдгаас жолооч нар гүйцэж түрүүлэх, эсвэл
эгнээ байр руу дайрч орох, урсгал сөрөх тохиолдол их. Үүнээс үүдэн зам
тээврийн осол буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Зам
тээврийн ослын шалтгааны 84, замын түгжрэлийн 70 хувь жолоочийн
буруугаас бий болдог гэсэн судалгааны дүн гарчээ.

Иймд жолооч бүрт найрсаг харилцааг бий болгох, бие биенээ хүндэтгэх
үзлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол, Японы аз жаргал нийгэмлэг төрийн
бус байгууллагаас санаачлан 21 хоногийн хугацаатай “Хөөрхөн жолооч” аян
эхлүүлсэн байна.

Аяны дүрэм маш энгийн аж. Хэрэв танд өөр нэг жолооч зам тавьж өгсөн бол
талархлаа дохионы хэлээр илэрхийлнэ. Тодруулбал, баярласнаа илэрхийлэх
бол ослын зогсолтын дохиогоо гурав анивчуулах бол уучлал илэрхийлэхдээ
ослын зогсолтын дохиогоо хоёр анивчуулах юм байна.

Мөн аяны хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран жолооч нарын дунд
сургалт зохион байгуулж, ёс зүйн хичээлийг жолооны дамжаа, Авто замын
удирдлагын төвөөр дамжуулан хийхээр болжээ. Аян зургадугаар сарын 24-н
хүртэл үргэлжлэх аж.

Энэ хугацаанд олон нийтийн санаа бодлыг “www.facebook.com/HuurhunJolooch” цахим хаягаар хүлээн авах юм байна.

Дашрамд, зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд 150 гаруй иргэн амиа
алдаж, 5281 иргэн гэмтэл бэртэл авчээ. Амь насаа алдсан иргэдийн тоог
өмнөх 2013 онтой харьцуулахад 9.9 хувиар өссөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *