Categories
мэдээ цаг-үе

Миний анхны хулигаан

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин” ном саяхан шинэчлэгдэн гарлаа. Нүүдлийн ахуйгаас иргэншин суурьшиж буй монголчуудын түүхийг наргиан хөгжөөнтэйгээр дүрсэлсэн эл бүтээлд хэд хэдэн шинэ бүлэг нэмэгдсэн байна. Бид түүний зарим хэсгээс нийтэлж байна.

…Намайг хот явахын өмнө төрөл төрөгсдийн маань захисан гол зүйлийн нэг нь хулигаанаас болгоомжлох асуудал байв. Малын дайсан чоно байдаг бол хүний дайсан нь хулигаан ажгуу. Ингээд би “тэр ч хулигаан боловуу, энэ ч хулигаан байх даа” хэмээн тааралдсан болгоноос цэрвэж, “хаанаас хутга гял хийж, насны тоогүй цэх бол” хэмээн зүрхшээсээр өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байлаа.

Элссэн сургууль дээрээ ирээд хулигаангүй газраас гаралтайг бодолцон хөдөөний хүүхдүүдтэй эхлээд нөхөрлөлөө. Аз эзийн алин болохыг мэдэхгүй, ямар байсан хулигаан тааралдаж өгөхгүй л байлаа. Цөөн хэдэн төгрөгөө яалт ч үгүй өвөртлөөд гарах удаа хэд хэд гарна. Оройдоо үрснээс бусад мөнгө маань тоо ёсоороо надтай хамт харьж ирээд байгаа нь гайхал төрүүлнэ. Уг нь хаа нэгтээгээс гарч ирээд “миний мөнгийг өгнө үү дээ” гээд өврийг ухах учиртай. Гэвч тэрээр намайг аль хэдийнэ нүдэлчихээд ахиухан мөнгө төгрөг авч гарах мөчийг анаж байгаа ч юм билүү.

Гэвч тэр удаан хүлээлгэсэнгүй. Миний анхны хулигаан оюутны намрын дайчилгаанд явж, төмс хураахаар хөдлөх гэж байхад хүрээд ирсэн юм. Пүүгээн дээрээс уучихсан унаа хүлээжий байтал хэн нэгэн мөрөн дээр нөхөрсгөөр гараа хүргэж “Гал байна уу, хө” гэлээ. За өнөөх чинь, өөр хэн байх билээ. Би ацан шалаанд оров. Би мөрөөдөл болсон гоё жожгоолкоо хэдхэн өдрийн өмнө бэлгэнд авсан байсан нь хармайнд буй. Тэрийгээ гаргаад ирэхээр шууд л аваад далд хийх нь гарцаагүй.

Гэтэл нөхөр хулигааны нэхсэн галыг нь өгөхгүй бол намайг энд ньганцхан дүрж зүйл дуусгаад дараагийн хүнээс гал асуух нь дамжиггүй. Ингээд пүүгээн дотроо хийсэн чүдэнзээ ухаж гаргаж өгөхөөс өөр замгүй. Гай шиг ганц гайгүй ноосон цамц авснаа пүүгээнийхээ аман дээр хийдэг нь юу билээ, нэгэнт харснаас хойш авна л гэх биз.

Огт танихгүй тэр хөвүүн миний чүдэнзээр тамхиа асааснаа өөрийнхөө янжуураар намайг дайлж байна. Сайндаа ч биш, кино номон дээр хүнийг цаазлахынхаа өмнө тамхи татуулжхарагддаг. Би ноосон цамцаа эргүүлээд хийтэл мөнөөх хулигаан юм хэлсэнгүй. За, хаашдаа намайг алчихаар ноосон цамц байтугай пүүгээ тэр чигээрээ л тэрнийх болно ш дээ.

Анхны маань хулигаан намайг яагаад ч юм бэ, алсангүй үлдээгээд “За баярлалаа хө, сайхан танилцана аа. Ногоо бригад дээр очоод уулзана” гээд явлаа. Хонь малыг таргалуулж байгаад алж иддэг шиг манийгаа дараагийн ээлжинд бодийг нь хөтлөхөөр нөөцөлж байгаа байх нь.

Үнэхээр “эрлэгийн элч” маань ногоо бригад дээр ирсэн хойноо намайг эргүүлдэнэ. Заримдаа тамхиараа дайлна. Миний тамхинаас ч татна. Тэрээр сонсогч буюу тэтгэлэг авдаггүй оюутан юм байна. Заримдаа би сонор сэрэмж алдан хулигаандаа итгэх шахаж байгаагаа мэдрээд бушуухан жолоогоо татна.

Миний анхны хулигаан бужгардуу шаргал үстэй,хоёр жавжиндаа ялимгүй инээмсэглэл нуусан шарангуй царайтай хүү байлаа. Хүүхэд байхдаа хайр татам, өхөөрдөм төрхтэй байсны нь ул мөр орь насанд нь ч тодорхой. Тэр гэнэн, цайлган царай нь намайг алаад өмдний арын хармааны дотор талд оёсон хэдэн төгрөгийг минь авах үедээ яаж хувирахыг бурхан мэдэх биз ээ? Эсвэл царай нь ер хувирахгүй жоготой инээвхийлсээр гарынхаа цусыг миний пэнжээкний хормойд шударчихаад явчих ч юм билүү?

Миний мөнгө рүү нэг л өдөр орно гэдэг нь тодорхой байсан ч тэрэндээ хүрэлгүй их удлаа. Энэ өдөр хичээл сургууль жигдэрсэн тийм өдөр тохиолоо. Нэгэн үеэ бодвол хулигааны синдром намжаад, хотын гудамжаар хүний ёсоор үе үе алхчихдаг болсон цаг. Оюутны тэтгэлгээ дөнгөж аваад сургуулийн харанхуйвтар хонгилоор явж байтал мөрөн дээр гар хүрлээ. Дотор палхийгээд эргэн хартал “миний анхны хулигаан” инээвхийлэн зогсож байлаа.

-Найзаа, Автобусны мөнгөгүй болчихлоо хө. Гурван төгрөг зээлүүлээч. Аав ээж юм “хайрлах”-аар эргүүлээд өгнө гэж байна.

Хармайнд маань бүтэн сарын тэтгэлэг байгааг би ч мэдэж байсан, тэр ч мэдэж байсан боловч

-Ёстой юу ч алга гээд гэрэлтэй газар луу гүйлээ. Тэгээд жижүүрийн ширээний дэргэд ирж зогсоод орилж хашгирахаас эхлээд сүр жавхлантай үхэж болох бүхий л хөтөлбөрт бэлдэн хүлээлээ. Тэр миний хойноос ирсэнгүй, тэр дороо ч, маргааш нь ч, ерөөсөө хэзээ ч… Хааяа бие биеинхээ барааг харвал хэн хэн нь дөлнө.

Эхэндээ хулигаанаас дайжиж чадсандаа сэтгэл амарч, дотор цэлмэх шиг байлаа. Харин хоног хоногоор миний сэтгэлд нэгэн том зай эзгүйрсээр. Магадгүй насан туршийн маань хамгийн сайн найз нарын нэгийг эргэж ирэхгүйгээр хөөгөөд явуулчихсан мэт гуниг төрнө…

Он жилүүд улиран оджээ. Миний үеийнхны сэтгэл зүрхэнд шар айдсын сүүдрээ унагаасан тэрхүү “хулигаан” гэж юусан билээ. Миний анхны хулигаан нарт хорвоогийнхаа нэгэнтээд хөгжилтэй багынхаа араншингаар инээд цацруулан аж төрж яваа болов уу, бөөн хардлага, муу санаандаа хүлэгдсэн миний биеийг аль хэдийнэ мартсан байж ч мэднэ.

Нүүдэлчин сайн эрээс хотын хулигаан, хоньчноосоо барилгачин болон төлөвшиж буй ХХ зууны монголчууд иргэншлийнхээ өнгө төрхийг таньж ядан төөрөлдөж, бие биеэсээ төдийгүй өөртөө гарч буй өөрчлөлтөөсөө ч өөрөө хүртэл гэрэвшин хөгжиж ирсэн юм. Гэвч энэ бол аугаа үсрэлт байлаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *