Нийслэл хотыг зорин ирж буй жуулчдад соёлтой, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай А/469 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар 8-аас дээш хүний суудалтай, жуулчин тээвэрлэх зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр тогтлоо.
Мөн жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэгт, Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээ, тохижилт хийнэ.
Жуулчдад чиглэсэн энэхүү зохицуулалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт заасны дагуу хийж байгаа юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.