Categories
мэдээ нийгэм

Нийгмийн хамгааллын доод хэмжээний тухай 102 дугаар Конвенцид Монгол Улс нэгдэн орох боломжтой гэж үзлээ

Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн үндэстний байгууллагатай хамтран үндэснийхээ түвшинд хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын суурь түвшнийг тодорхойлж, нийт хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилт тавиад байгаа билээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102 дугаар Конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “ОУХБ-ын Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 1952 оны 102 дугаар Конвенцид нэгдэн орох боломж” сэдэвт үндэсний семинарыг ОУХБ-ын Женев дэх Товчоо, Бээжин дэх Товчоо, нийгмийн бусад түншүүд өнөөдөр зохион байгууллаа.
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсын хууль тогтоомжийг энэхүү конвенцийн заалтуудтай харьцуулсан судалгааны урьдчилсан дүнг танилцуулав. Ерөнхийдөө Монгол Улсын хувьд уг Конвенцийн үндсэн шаардлагуудыг хангаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
Конвенцийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, өндөр насны тэтгэвэр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, жирэмсний болон амаржсаны амралт, тэтгэмж, гэр бүлийн тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэрэг нийгмийн хамгааллын 9 салбарыг хамарсан доод хэмжээг тодорхойлсон бөгөөд ОУХБ нь эдгээр доод хэм хэмжээг хангасан байхыг гишүүн орнууддаа үүрэг болгосон байна.
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай ОУХБ-ын 102-р Конвенцид нэгдэн орох асуудлаар нийгмийн түншүүд хэлэлцэж, зөвшилцөлд хүрэхээр санал нэгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *