“Увертура” хамтлагийн ахлагч, дуучин Гочоогийн Пүрэвдагватай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ.
–Танай хамтлагийнхан сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?
-Манай хамтлаг он гарсаар хэд хэдэн дуугаа бичүүллээ. “Морин хуур” наадмын шилдэг арван дуугаар төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Насанбатын аялгуу “Манан” дуу маань шалгарсанд баяртай байна. Саяхан “Анир” студийн маань продюссер, соёлын тэргүүний ажилтан Алтанхуяг ахын хөгжим, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын шүлэг “Хөх тэнгэрийн Монгол” дуун дээр ажиллаж байгаа. Ноднин жил Алунгоо эхийн сургаалийн баяр болох үед гаргасан дуугаа, “Хөх тэнгэрийн Монгол” дуутайгаа дүрсжүүлэхээр ажиллаж байна даа. Ирэх намраас Алтанхуяг ахын хөгжмийг нь бичсэн нэг мюзиклээ үзэгчдэдээ толилуулна.
–Анхны “Удиртгал”-аасаа хойш цомог гаргасан билүү?
-Хамтлаг үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Удиртгал” цомгоосоо хойш цомгоо гаргаагүй. 2013 онд Улсын драмын эрдмийн театрт хоёр удаа, үзэгчдийн хүсэлтээр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тоглосон “Төгсгөлгүй эхлэл” тоглолтынхоо DVD-ийг гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.
-“Төгсгөлгүй эхлэл” тоглолт чинь үнэхээр сайхан болсон шүү. Үзэгчид бүгд босоод арав гаруй минут алга ташин та бүхэнд хүндэтгэл үзүүлж байсан даа?
-Анх хамтлаг байгуулахдаа олон зорилт тавьж байсны хамгийн том нь монгол поп опера урсгалыг хөгжүүлэх гэсэн чин хүсэл байсан. Монгол поп опера зуун хувь оркестртой, зуун хувь амьдаар дуулаад, тайзны шийдэл нь шал өөрөөр шийдэж, драмчилсан маягаар тоглогдсон. Тоглолт маань маш сайхан амжилттай болсон. Үзэгчид арван минут тасралтгүй алга ташихад “баярлалаа” гэхээс өөр хэлэх ч үг олдоогүй. “Улаанбаатар палас”-ын концертын их танхим гэхэд бараг ерэн хувийн дүүргэлттэй байсан.
–Төрийн шагналт Д.Сосорбарам танай хамтлагийг их дэмждэг санагддаг?
-“Анир” студийн дэргэд 2009 онд “Увертура” хамтлаг байгуулагдаж байх үед Д.Сосорбарам ах “Үлэмжийн чанар” цомгоо гаргаж байсан юм. Тэр үед Со ахтайгаа бид танилцаад, Хонгор нутгийн хүний хувьд өнөөг хүртэл дэмжиж, сэтгэлийн сайхан гэрлээ хуваалцаж, уран бүтээлийн маань зам харгуйг засалцаж яваад туйлын баяртай байдаг. Гавьяат жүжигчин “том” Жаргалсайхан ахын аялгуу, Со ахын урын санд байдаг “Жамаас” дууг бид дуулж, хүмүүст нэлээд хүрлээ. Төрийн шагналт Б.Шарав гуайн “Илүү сартай зун” уран сайхны кинонд хийсэн аялгуунд Со ах үг зохиож “Цагийн аяс” гэж сайхан дуу бүтээснийг манай хамтлаг бас дуулсан.
-“Увертура” хамтлагийн дуулсан “Өнө мөнх эх орон”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Дөрвөн цагийн тал”, “Монгол минь тэнд бий” гээд бүх дуунууд хит болоод байдгийн нууц юунд байна?
-Биднийг гарч ирэх үед поп опера урсгалаар дуулдаг “Ньюанс” хамтлаг уран бүтээлээ туурвиж байсан. “Классик жем” хамтлаг байлаа. Бид дөрвийн хувьд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Тиймээс мэргэжлийнхээ дагуу үндэснийхээ дуунуудыг поп опера чиглэлээр дуулж эхэлсэн. “Мандах нар” ардын дуу, Б.Шаравын “Өнө мөнх эх орон”, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын аялгуу, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг дууллаа. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгэнд аялгуу зохиолгож үзлээ. Төрөл бүрийн янз бүрийн туршилтуудыг хийж байна. Энэ бүхэнд цаг хугацаа, судалгаа маш их шаарддаг юм байна. Хамтлаг маань байгуулагдаад зургаан жил болох хугацаанд монгол поп опера чиглэлийг л бий болгох гэж хичээж, уран бүтээлээ туурвиж явна даа.
-“Увертура” хамтлаг “Анир” студийн дэргэдэх гэсэн хаягтай явдаг. Танай хамтлагийн продюссор Б.Алтанхуяг гэж ямар хүн байна?
-Польшид хөгжмийн зохиолч, найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн. Орчин үеийн нийтийн дууны бараг наяад хувийн хөгжмийн найруулгыг хийсэн, сүүлийн үед олон дуу зохиосон, бүжиг, жүжиг, киноны хөгжим дээр ажилласан уран бүтээлийн туршлагатай хүн байгаа.
–Хамтлагийнхан чинь нэг ангийнхан юм байна. Харин уг гарал хаанахын хүмүүс билээ?
-Л.Ренчинням маань Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, хөдөөнөөс манай ангид ирж байсан. Атардээжийн Шинэбаяр маань Төв аймгийн Угтаалцайдам сумын гаралтай, хотод төрсөн хүн. Ж.Ганбаатар Өмнөговь угшилтай. Би аавынхаа нутгаар Баянхонгор аймгийн Заг сумынх гэж явдаг. Бид гурав хотын унаган хүүхдүүд л дээ. Бид дөрвүүлээ гэр бүлтэй. Шинэбаяр маань саяхан хүүтэй болсон. Ганбаатар удахгүй үрийн зулай үнэрлэнэ.
–Аавынхаа төрсөн нутаг Загийн голд очиж байв уу?
-Бүүр жаахан хүүхэд байхдаа очиж байсан. Загийн голд аавтайгаа хамт сэлж байснаа сайн санадаг юм. Дурсгалтай сайхан үе байж. Аав маань одоо бурхны оронд одож дээ. Сүүлд Сономын Лувсанвандан гуайн ойгоор Баянхонгорын Хөгжимт жүжгийн театрт очиж тоглолт хийж байсан. Аавынхаа нутгаар тав тухтай очно гэж бодож явдаг даа.
-“Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо гадаад улс оронд толилуулахгүй юм уу?
-Тоглолтоос хойш олон хүн санал тавьж байсан л даа. Мэргэжлийн өндөр түвшинд симфони оркестртой тоглох бодолтой байгаа. Тэрнээс нэг жижиг шөнийн цэнгээний газар ч юм уу, тоглоно гэхэд тиймхэн байна л даа. Япон, Солонгосын үзэгчдэд монгол поп опера чиглэлийн тоглолтоо бүрэн хэмжээгээр толилуулах талаар арга сүвэгчилж л байна.
–Уран бүтээл хийхэд эдийн засгийн хөшүүрэггүйгээр урагшаа явахад мэдээж хэцүү байж таарна?
-Хамтлаг байгуулагдахдаа “Анир” студиэ түшиглэсэн. Би энэ студидээ дууны инженер-найруулагч хийдэг. Уран бүтээл маань оргилж байдаг газар маань энэ студи. Энд бид хөгжмийн зохиолч, яруу найрагчидтайгаа уулзаж бүтээлээ амилуулдаг. Манай хамтлаг 2013-2014 онд “Төрийн банк”-ны элч хамтлаг гэсэн хамтарсан гэрээ байгуулж ажиллаж байгаа болохоор уран бүтээлээ толгой өвдөхгүй хийж байна.
–Удаахь тоглолтыг чинь үзэгчид их хүсэн хүлээж байгаа даа?
-Хоёр дахь бие даасан тоглолтоо энэ жилийн арваннэгдүгээр сард үзэгчдэдээ толилуулахаар уран бүтээлийн ажилдаа ороод явж байна.
Анхны DVD, хоёрдахь цомгоо гаргахад бэлэн болчихсон, мюзиклээ бэлдээд явж байгаа гээд буцалж бужигнасан үйл хэрэг өмнө минь байж байна даа.
Л.Батцэнгэл