Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэх

Эцэг эх болсон хүн бүр үр хүүхдээ эрүүл хийгээд аюулгүй байх болтугай,эрдэм номтой хүн болтугай, амьдрал ахуйгаа аваад явчих ажилсаг хүн болтугай хэмээх нь хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл. Тэрхүү нийтлэг хүслээ ажил хэрэг болгохын тулд улс орон бүрхүүхдийг бага наснаас нь тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгээр эрдэм номтой хүн болгон сурган хүмүүжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байдаг билээ. Уг ажлыг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бага насны хүүхэд бүрийгалбан ёсоор сургуулийн өмнөх боловсролд хамруулах ба албан бусаар гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хоёр арга замыг оновчтой хослуулан үйл хэрэг болгохоос эхэлж байна. Манай орны хувьд өнөөдөр эдийн засгийн боломж, нүүдэлчин амьдралын хэв маяг зэргийн улмаас бага насны бүх хүүх­­дийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулж хараахан чадахгүй байна. Гэхдээ өнө эртний нүүдэлч өвөг дээдсийнхээ хүүхдийг нялх балчираас нь гэр бүлийн орчинд сурган хүмүүжүүлж ирсэн уламж­лалт соёлынхоо дагуу бага насны хүүхдээ эцэг эхчүүд өөр өөрийнхөөрөө сургуульд бэлтгэн оруулж байна. Эл асуудлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд юуны өмнө эцэг эхчүүд айлаас эрэлгүй авдраа уудлан уламжлалт соёлоосоо суралцмаар байна. Эцэг эх болсон хүн бүрийн энэхүү суралцах үйлстбага ч атугай тус болохын үүднээста бүхэнд доорх хэдэн санааг толилуулж байна. Тухайлбал:

Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй: Хүүхэд бүр далай мэт ном эрдмийн савыгилүү дутуугүй тэгш сацуу авч төрдөг тул хүмүүн төрөлхтөн бидний нийтлэг нэгэн хүсэл биелэх бүрэн боломж байдаг. Гэвчхүүхэд бүрийн ном эрдмийн савын өөрөө болсон ёс хийгээд түүний өөрөө болсон ёсныхоо дагуу өөрөө боловсрохуй нь ижилгүйн улмаас тэд харилцан адилгүй хүн болж төлөвшдөг. Ном бол хамаг бүхний өөрөө болсон ёс. Эрдэм бол хамаг бүхний өөрөө болсон ёсыг журамлан дагахуй. Хамаг бүхний өөрөө болсон ёсыг журамлахуй бол сурахуй. Харин тэрхүү журамласнаа дагахуй бол хүмүүншихүй. Сурахуй бол хүн бүрийн, хүүхэд бүрийн эрх. Хүмүүнших бол хүн бүрийн, хүүхэд бүрийн үүрэг. Эрдмийн дээд бол эв, эрхмийн дээд бол эх. Ийм учир эрдмийн дээд бол хүн болохуй.

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа: Хүүхэд бүр төрсөн цагаасаа л эхлэн өөр өөрийнхөө орчин ахуйтайгаа харьцан, өөр өөрийнхөөрөө сурч хүмүүншиж хүн болдог. Хүүхдийн бага насанд нь л түүний хүн хийц бүрэлдэн тогтдог. Тэрхүү хүн хийц нь бага насны хүүхэд өөрийн тө­рөн өсч буй эрүүл хийгээд аюулгүй орчин ахуйгаасаа сурч хүмүүншихүйн үр дүнд бий болно. Энэ орчин ахуйн бага насны хүүхдэд хамгийн ойр төдийгүй анхдагч хэсэг бол түүний гэр бүл. Гэр бүлийн гишүүд, тухайлбал, эцэг эх, ах, эгч, эмээ, өвөө болон эд зүйлс бүр бүгд л бага насны хүүхдийн багш. Тэр багш нар өөр өөрийнхөөрөө л бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлнэ. Тэдний бага насны хүүхдийн дэргэд буюу гэр орондоо хийж буй хөдөлгөөн хийгээд үйл, хэлж буй үг бүр нь бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлж буй зүйлс. Иймд эцэг эх болон гэр бүлийн гишүүд бие, хэл, сэтгэлийн үйлээ хичээж байх аваас бага насны хүүхэд хамаг сайн явдлыг хичээн цуглуулж, эрдмийг эзэмших болно. Энэ бол гэрийн сургууль. Гэрийн сургуулийн захирал бол эцэг. Менежер бол эх. Тэдний менеж­ментээс л бага насны хүүхдийн төлөвшил хөгжил шууд хамаарна. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Эх нь булингартай бол адаг нь булингартай байдаг шүү дээ.

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас: Өөрөө суралцаж хүмүүншээгүй хүн бусдыг сурган хүмүүжүүлж чад­даггүй. Тэгэхээр эцэг эх бүр суралцаж хүмүүншсэн байдал­даа байнга өөрсдөө шинжилгээ, үнэлгээ хийж, дутуу дулимаг зүйл байвал бусдаас дэмжлэг туслалцаа авч өөрсдийгөө үр­гэл­­жид хөгжүүлж байвал зохил­той. Энэ бол эцэг эх та бүхний биеэ засалт. Энэ чиглэ­лээр та бүхэнд туслахыг хүсч байгаа, мөн тусалж байгаа бай­гууллага, бас хүмүүс их олон байна. Тэдний нэгбол Монгол улс дахь Хүүхдийг Ивээх Сан, түүний бусадтай хамт­ран хэрэгжүүлж байгаа “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр”. Тэд таван настай хүүхдийг гэрийн нөхцөлд эцэг эхийн тусламжтайгаар сур­гуульд бэлтгэх багц хөтөлбөр, эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш”, хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлагыг нэмэлт цахим хэрэглэгдэхүүн болон эцэг эхийн сонсдог хичээлийн хамт боловсруулан туршиж, 1600 хүүхдэд үр шимийг нь хүртээсэн байна. Хэрвээ хүсвэл та ч гэсэн тэдэнтэй холбогдож дэмжлэг туслалцаа авч болох байна.

Хүүхдээ бага насанд нь сурган хүмүүжүүлэхийн тулд эцэг эх бүр биеэ засаад бас гэрээ засах хэрэгтэй. Гэрээ засахуй бол эцэг эх та бүхний бага насны хүүхэд чинь өөрөө сурч хүмүүнших эрүүл хийгээд аюулгүй, архи тамхигүй, хэрүүл маргаангүй, хүчирхийлэлгүй, зөв үлгэр дуурайлалтай, бур­маар бус урмаар тэжээдэггэр бүлийн таатай орчин бүрдүүлэ­хүй. Энэ бол эцэг та бүхний гэрээ засалт.

Хүндийг хөнгөнөөс нь эх­лэх нь зөв, хүлгийг уна­га­­наас нь сургах нь зөв, хүүхдийг нялхаас нь хүмүү­жүүлэх нь зөв: Бага насны хүүхдийг сургуульд бэлтгэхийн уг үндэс нь түүнийг хүмүүжүүлэхүй. Хүмүүжүүлэхүй бол хүүхдийг хүний хэрэг явдалд төв дунд­чаар ханддаг, түмэн бодис­той тэдгээрийн чанарыг даган харилцдаг болгохуй. Үүний тулд, эцэг эх бүр нялх балчираас нь л хүүхдийнхээ гаж буруу үйлийг хориглон засч, зөв зүйтэй үйлийг нь сайшаан дэмжиж байвал зохино. Мөн нялхаас нь хүүхдэд бусдын өмнө хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлдэг, бусдад тусалдаг, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөг, буруутай зүйл хийвэл ичдэг, гэмшдэг, сайн явдлыг сайшаадаг, муу явдлыг цээрэлдэг зан төлөвшүүлэхийг хичээх нь эцэг эхийн эрхэм үүрэг билээ.

Хашийг эс засвал сав бо­лох­­­гүй, хүнийг эс засвал юм сурахгүй: Энэ бол монгол­чуудын хүмүүнээр хүн хийж ирсэн уламжлалт стратеги. Хүүхдэд эхлээд биеийн тэнхээ суулгана. Тэгээд сэтгэлийн тэнхээтэй болгоно. Эцэст нь ном эрдмийн савыг нь шинжин байж, түүнд тохирсон оюуны тэнхээ суулгана. Энэ болбид­ний уламжлалт стратеги. Уг уламжлалт стратеги нь Өрнө­дийн хүүхдэд эхлээд биеийн тэнхээ, дараа нь оюуны тэн­хээ, тэгээд сэтгэлийн тэнхээ суул­гадаг стратегиэс эрс тэс өөр. Уламжлалт стратегийн үүднээс бол бага насны хүүх­дийг сургуульд бэлтгэхийн үндэс нь үсэг, тоо заахаас илүү эрүүл чийрэг бие бялдартай, хүмүүжил сай­тай болгох явдал. Иймд эцэг эхчүүд гэр бүлийн орчинд хүүх­дийг сургуульд бэлтгэхдээ түүнийг эрүүл чийрэг хийгээдзөв төлөвшилтэй болгох тал дээр л илүү анхаарч байх хэрэг­тэй.

Биеэ мэдвэл хүн, бэл­чээрээ мэдвэл мал: Бага насны хүүхэд хүн болж буйн шинжээр бол биеэ мэдэхүй. Өөрөө ганцаараа бус заавал бусадтай харьцаж, хамтарч, тэднийг хайрлаж хүндэтгэж, тэдэнд дэм тус өгч байж, бусдад хайрлуулж, хүндлүүлж, бусдаас дэм тус авч амьдарна, суралцана, ажиллана гэдгээ мэдрэхүй. Үүнийг зааж бус үлгэрлэн сургах нь илүү үр дүнтэй байдаг. Биеэ мэдсэний шалгуур нь зөв үйл, зөв үг яриа, зөв үзэл,ахас ихсийг хүндэлж буй байдал, бусдад тус дэм болж байгаа байдал зэрэг болно.

Багадаа ном сурахгүй бол баахандаа юм сурахгүй: Хүүх­дийнтөрсөн цагаас нь л эхэлсэнойр орчмынхоо юмс үзэгдлийг ажиглах, гартаа тааралдсан эд зүйлийг барьж атгах, базалж шидэх, авч амандаа хийх хөлдөө таарсан бүхэнд тээглэх,өшиглөх, бусдад эрхлэх, бусдадмуухай ааш гаргах, бусдаас алив зүйлийн учир шалтгааныг сониучлан асуух, шалгаах, ганцаараа болон бусадтай хамтран тоглох, өөрийн хүсэл сонирхлоо болон бодол санаагаа илэрхийлэх зэрэг үйл нь бага насны хүүхдийн номд сурах арга барил эзэмшихүйн үндэс. Эдгээр үйлийг хийснээр бага насны хүүхэд өөртэйгээ хамт байгаа, өөрийнхөө хажууд байгаа орчин ахуйгаасаа сурч хүмүүншихаргад, өөрөө боловс­рох үйлд сурдаг, бас хөгждөг, бас сургуульд бэлтгэгд­дэг. Энэ үед харинэцэг эх, асран хамгаалагчид, эмээ өвөө нар хүүхдийнхээ хэлж ярьж байгаа зүйл, тоглож байгаа тоглоом, асууж байгаа асуултыг анхааралтай сонсож, хөгжилд гарч буй ахиц амжилтыг сайшаан дэмжиж, буруу гажуу зүйлсийг ньзасч залруулж өгч байх нь чухал. Ялангуяа эцэг эх бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэхдээ ухаанд бус аргад, тодруулбал, суралцаж хүмүүнших хийгээд үйлийн явцдаа суралцаж хүмүүнших аргад сурахад илүү анхаарал хандуулбал зохино.

Эрхийг сурахаар бэрхийг сур: Эцэг эхчүүд гэр бүлийн орчинд хүүхдийг сургуульд бэлтгэхдээ ямагт зөөлөн хандаж, хэт эрхлүүлэх, эсвэл ямагтхатуу чанга хандаж, хэт үглэх хоёроос аль болох зайлсхийх шаардлагатай байдаг. Харин хэт эрхлүүлэн, болох болохгүй эд зүйлсээр наадуулахаас сэрэмжлэн,нас болон биеийн хөгжилд нь тохируулан аль болох ажил сургахад анхаарвал зохино. Бага насны хүүхдийг зааж бус үлгэрлэнжолоодожажилд сургах нь эцэг эхийн үндсэн үүрэг. Гар нь хөдөлдөг болбол, хөлд орвол, хэлд орвол тус тус ямар, ямар ажилд үлгэрлэн жолоодож сургадаг байсан бидний уламжлалт соёл өнөө хүртэл ихээхэн ач тустай байгаа тул түүнээс суралцахыг эцэг эх болсон хүн чармайх хэрэгтэй.

Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог: Бага насны хүүхдийн сурч хүмүүншихүйн арга технологи бол ажил. Мөн ажил бол бага насны хүүхэд хүн болсны шинжүүр. Эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүд бага насны хүүхдийг ажилд биечлэн хийж үзүүлж, дагуулан сургахуй бол гэр бүлийн орчинд түүнийг сурч хүмүүнших аргад сургах үндсэн арга зам. Уг арга зам нь бага насны хүүхдийг сургалтын зохиомол орчныг бий болгож, зориудын дасгал, даалгавар гүйцэтгүүлэх замаар сурган хүмүүжүүлж байгаагаас хавьгүй илүү үр өгөөжтэй байдаг тул өнөөдөр дэлхий нийт бага насны хүүхдийг амьдралынх нь явцадтөлөвшүүлэн хөгжүүлэх талд илүү их анхаарч эхэлж байна. Өнөөгийн бидний олонхийн алдаа бол Монголынхоо гэрийн сургуулийн уламжлалт соёлыг умартан, хүүхдээ гэрийн орчинд яаж сайн хүн болгох вэ гэж санаа сэтгэл тавихаасаа илүү сургууль, цэцэрлэгт даатган орхидог хандлагатай болж буй явдал.

Эцэст нь гэр бүлийн ор­чинд сургуульд бэлтгэх нь бага насны хүүхэд бүр өөр өөрийн­­хөөрөө байж, өөрийнхөө хү­сэл сонирхлынхоо дагуу эрүүл хийгээд аюулгүй орших, бусад­тай хамтран нийгэмшин амьдрах, мэдэх, бүтээх хэрэг­­цээгээ хангах боломж харьцан­гуй илүү байдгийг тэмдэглэн энэхүү бичвэрийг өндөрлөж байна.

Академич Б.ЖАДАМБАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *