Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван эмчтэй зохиолчийнх

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн болоод Д.Нацагдоржийн шаг­налт зохиолч Дамдины Жамъянгийнд өнжлөө. Эрхэм зохиолчийнх XIII хороололд байдаг юм билээ. Тэрбээр “Манайх энэ байранд 25 жил амьдарч байна. Энэбиш гуай хотын дарга байхдаа надад энэ сайхан байшинг өгч байсан юм. Ямар сайндаа миний найз найруулагч Нямгаваа Америкаас захиа бичиж байна аа. Тэр захиандаа “Миний найз хуучин байрандаа, хуучин машинтайгаа, хуучин эхнэртэйгээ сайн сууж байгаа биз дээ” гэж байсан гээч” хэмээгээд инээв. Тэднийх дөрвөн өрөөтэй ажээ. Үүднээсээ авахуулаад л бага насны хүүхдүүдийн гутал хувцас, цүнх, тоглоом энд тэндгүй өрөөстэй байв. “Манайх гэдэг айл хоёр ач, нэг зээтэй. Тэд маань хааяа ирнэ. Хүүхдүүд шуугилдахаар сайхан байдаг юм” гэж Д.Жамъян гуай өгүүллээ.

Биднийг очиход гэрийн эзэгтэй н.Лхагва эгч байсангүй. Тэрбээр “Их зайсан уул” хувийн эмнэлгийн захирал аж. Тиймээс ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг бололтой юм. Д.Жамъян зохиолч “Манай хүн өнөөдөр бүтэн өдөржин эмч нарын сургалтад сууна, тэндээсээ шууд эмнэлэг рүү очиж ажилчдынхаа цалинг тавих их ажилтай байгаа. Та нарыг ирэхээр хэлээрэй эртхэн ажлаа зохицуулаад ирнэ гэсэн” гээд хөгшин рүүгээ залгав. Тэгснээ “За хурдлаарай хөгшин минь, “Өдрийн сонин”-ыхон маань ирчихсэн байна шүү” гэж эхнэрээ шавдууллаа. Гэрийн эзэн гал тогоо сайн барьдаг бололтой. Өөрөө ч энэ тухай ярихдаа “Би арван настай байхаасаа л хоол хийдэг байсан. Голдуу би л хоол хийдэг юм” гээд биднийг гарынхаа хоол, цайгаар дайлав.

Гэрийн эзэгтэйг иртэл нь бид зохиолчийнхоо амьдрал, уран бүтээлийн талаар хөөрөлдсөн юм.

БҮТЭН 55 ЖИЛ АМЬДАРСАН ЗҮҮД

Д.Жамъян зохиолч Говь-Алтай аймгийн Булган сумын уугуул. Тэртээх 1954 оны зуны тэргүүн сард түүний аав Дамдин гуайнх Өндрийн булаг хэмээх газарт нутаглаж байжээ. Гадаа цас, бороо холилдож, ингэн туйлаадас орж байжээ. Тухайн үед Дамдин гуайн хөгшин Цэвэл юу юугүй төрөх дөхсөн байв. Тэнгэр хангай муудаж, тулгар биетэй Цэвэл өвдөж эхэлжээ.Ганц гэрээрээ зусландаа буучихсан байсан болохоор Дамдин гуай дэмий л сандарч байтал гадаа дөрөө хангинах чимээ сонстжээ. Нутаг усандаа хүндлэгдсэн мундаг эрдэмтэй Эрдэнэсүрэн гуай ороод ирж гэнэ. Түүнийг нутгийнхан нь бүтэн нэрээр нь барагтаа бол дуудахгүй, Жүмбэ гэж авгайлдаг байжээ. Тэрбээр гэрийн эзэгтэйг төрөх дөхсөн байна гээд гараа угааж, хүүхдийг эх барьж авчээ. Ингээд шинээр мэндэлсэн хүүг хөдсөнд ороож, хөгнөөтэй ишгэн дунд тавьчихжээ. Түүнийг Жамъян гэж нэрлэсэн байна. Өндрийн булгийн хажууд хоёр шовх уул байдаг бөгөөд Их, Бага Жамъян гэдэг ажээ. Энэ хоёр уулын дунд нь Жамъян зохиолч төрсөн болохоор эх барьсан Жүмбэ гуай ийн нэр хайрласан бололтой юм. Өнөөдөр Жамъян гуай энэ тухай хуучлахдаа “Тэр хүний эрдэм надад нөлөөлсөн бололтой юм. Би таван настайгаасаа нэг сүм зүүдэлдэг байсан. Нуурын хөвөөнд байдаг тэр сүм рүү ороод явж байна гэж 60 нас хүртлээ зүүдэллээ. Улсууд их гайхдаг юм. Тэр хүн Бугатад ганцхан намайг л эх барьж авсан. МСнЭ-ийн тэргүүн Б.Галааридын нагац ах нь байгаа юм. Өөрийнхөө ураг төрлөөс нэг ч хүн эх барьж аваагүй нь сонин шүү. Миний үеийн нэг өвгөн “Тэр хүн миний ээжийн ах шүү дээ. Намайг эх барьж авахгүй мөртлөө очиж, очиж, хамаатан нь ч биш, чамайг яагаад эх барьж авдаг билээ” гээд тоглоом хийдэг байлаа” гэв. Д.Жамъян гавьяат эхээс тавуулаа. Айлын таван хүүгийн хоёр дахь нь. Том ах нь зоо техникч хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Одоо Булганы Уньтын даваанд мал маллаж байгаа аж. Д.Жамъян гуайн хоёр ч дүү нь эмч. Харин отгон дүүнь Эрдэнэт үйлдвэрт билазны жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Тэдний аав Дамдин жолоочийг нутаг усныхан нь андахгүй. Мөн байгалиас заяасан анчин хүн байжээ. “Миний аав чоно, ирвэс, шилүүс гээд Алтайн хишгээс хүртээгүй амьтан гэж байхгүй, маш мэргэн бууддаг. 1945 оны чөлөөлөх дайнд явсан, 1955 онд Алтан гадас одон авч байлаа” гэж Д.Жамъян гуай дурсав. Харин түүний ижий Цэвэл 80 наслахдаа хүүхдүүддээ нэг ч удаа уурлаж байгаа харагдаагүй гэдэг. “Ээж маань хорвоогийн хамгийн амгалан хүн байсан даа” гэж тэрбээр ярьсан юм.

АРМИАС АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН ЗОХИОЛЧИЙН УРАН БҮТЭЭЛ

Тэдний зочны өрөөний хоймор дахь Д.Жамъян гуай болон түүний эхнэрийн цэргийн хувцастай зураг нүдэнд тусав. Түүнээс энэ тухай лавлахад “Би цэргийн албанд байхдаа зохиол бичдэг л байлаа. “Улаан-Од” сонинд ороод “Шинээлтэй хүмүүс” гэж цэргийн хэлмэгдүүлэлтийн талаар дөрвөн боть роман бичиж байлаа. Ер нь энэ сонин намайг маш их хөгжүүлсэн дээ. “Улаан-Од” сонинЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж, Унгарт суугаа Элчин сайд Т.Ганди, Генерал Пүрэвдорж гээд олон зохиолч, генерал төрүүлсэн газар даа” гэв.

Түүний бичсэн өгүүллэг, туужийг тоочоод байвал барахгүй. Өнөөдөр Монголд Д.Жамъян гуай шиг их хаадыг судалж, бичсэн зохиолч үгүй. Тэрбээр “Чингэс хаан”, “Хубилай сэцэн хаан”, “Галдан бошигт хаан”, “Амбагай хаан”, “Өгөөдэй хаан” гэсэн таван роман туурвисан юм. Мөн “Хулан хатан” байна. Тэрбээр түүхийн тухай ном бичиж эхлэхээс өмнө Хотын Намын хорооны төв хэвлэл “Улаанбаатар” сонинг үүсгэн байгуулалцсан гэдгээр нь хэвлэлийн салбарынхан андахгүй. Тухайн үед МСнЭ-ийн тэргүүн Б.Галаарид, Яруу найрагч Ү.Хүрэлбаатар, “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням нарын хамт “Улаанбаатар” сонинг амжилттай эрхлэн гаргаж байсан талаар Д.Жамъян гуай дурсаж байлаа. Монгол орон ардчилсан нийгэмд шилжээд хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй болонгуут тэрбээр “Чоно” хэмээх сонин эрхлэн гаргаж байв. Хаалттай байсан нийгэмд аливаа нууцлаг хайр дурлалын романс бүхий сонин нийгэмд гарангуутаа борлуулалтаараа тэргүүлдэг хэвлэлүүдийн нэг байжээ. “Миний тэр сонин бол сэтгэл зүйн эротик бичлэгтэй байсан. Ингээд Ц.Нямдорж Хууль зүйн сайд болоод тухайн үед сонинг маань хаачихсан. Би өөр өнцгөөс нь хараад бичээд байхад, Хууль зүйн яамныхан өөр өнцгөөс нь хараад байж л дээ. Ингээд 2000 оноос би их хаадын түүх рүү орсон юм. Үүнээсээ өмнө ариун библи, коран судар, буддын гүн ухааны сургаал уншиж судалсан. Эдгээр шашнуудын сургаалын 50 хувь нь зохиол, хүний далд ухамсар байна гэж харсан эндээс уран зохиолд хэрэгтэй зүйлийг дээжилж авсан нь зөн билэг. Зөн билэг гэдэг бол хүний ухамсрын чанадад байгаа нарийн нандин зүйл. Түүний их хаадын зохиолууд нь түүх биш. Тэрүүгээрээ бусад түүхийн номуудаас ялгаатай” гэж зохиолч маань өгүүлэв. Тэрбээр хаадын түүхийг уншиж байхдаа амьдрал нь уран зохиол байна гэдгийг олж харжээ. Түүхийг түүх чигээр нь хуулчихвал түүх болно. Тиймээс түүхийг зөн билгийн аргаар зохиол болгодог юм гэж Д.Жамъян гуай нэмж тайлбарлав. Дээрээс нь гавьяат маань хоёр ч түүхэн кинонд ажилласан аж. Япончуудтай хамтарч “Бөртэ чоно”, Орос, Америкчуудтай “Чингэс хааны нууц” хэмээх кино бүтээсэн нь дэлгэцэнд гарсан. “Монголын энэ баялаг түүхийг дэлхий ертөнцөд гаргах хамгийн дөт зам бол кино урлаг” гэж бодсоны үндсэн дээр киноныхонтой хамтарсан нь энэ ажээ.

Д.Жамъян гуай нутгийн­хаа зохиолчдыг тэр дундаа Урианхайн гаралтай хүмүүсийг ихэд онцолж, тэднээрээ бахархаж байсан шүү. Тухайлбал,зохиолчдоос “Зулай цагаан Алтай”-г бичсэн эмч Л.Гүнсэн, түүний төрсөн дүү МУИС-ийн багш Л.Норовсүрэн, Төрийн шагналт Т.Норов, Зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Жамъян гуайн дүү Д.Пүрэв нарыг дурдаж байлаа. Тэрбээр зохиолчоос гадна зурхайч бөгөөд өнөө жил арав дахь романаа бичүүлж байгаа ажээ. Мөн МСнЭ-ий тэргүүн Б.Галаарид, доод үеийнхэн болох өвөрмөц шүлгүүдтэй Нямхишиг, Баясгалан нарын зохиолчдыг дурдав.

Д.Жамъян гуайн ажлын өрөөг сонирхлоо. Нэг хана нь тэр чигтээ номын сан ажээ. Нөгөө хананд нь төгөлдөр хуур, ширээ хашиж тавьсан байв. Ганц хүн л алхах чөлөөтэй. Энэ өрөөндөө зохиолч маань уран бүтээлээ туурвисаар иржээ. Хойморьтоо Галдан бошигтын хөргийг байрлуулсан харагдав. Мөн хүүхдүүдийнхээ гэрэл зургуудыг, танилууд, найз нөхдийнх нь бэлэглэсэн дурсгалын зүйлсийг ханандаа өлгөж, заримыг нь тавиур дээр байрлуулжээ. Тэдгээрээс номын багшийнхаа хөргийг өндөрт байрлуулжээ. Гурван жил мянбад суусан Заваадамдин Ренбүчи багш түүний бурханы шашны багш нь юм байна. Д.Жамъян гавьяат багшийнхаа тухай ярихдаа царайнд нь баяр баясал тодорч, “Манай багш дотроосоо гэрэлтддэг. Швейцарийн буддын гүн ухааны сургууль төгссөн. Англи, франц хэлнээс орчуулдаг. Дорно дахинд төвд, хятад, манж хэлнээс орчуулга хийдэг.Нэвтэрхий эзэмшсэн, төгс боловсорсон хүн. Одоо ШУА-ийн академичид байнга л очдог” гэлээ.

Зохиолч Д.Жамъян сонгодог уран зохиол, философи, түүх судалдаг болох нь энэ өрөөнөөс шууд мэдрэгдэв. Одоо Япон, Хятад, Энэтхэгийн сонгодог зохиолуудыг уншиж байгаа аж. Ширээн дээрээ тэвхийтэл нь өржээ. “Орчин цагт уран зохиол оюун санааны уран зохиол руу шилжсэн. Хүний дотоод мөн чанар руу шилжсэн гэлээ. Одоо дэлхий дээр нэн шинэ цагийн уран зохиол бий болж байгаа” гэж тэрбээр яриандаа онцолж байлаа.

Өнөө жил Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг дэлхий дахинд сүр дуулиантай тэмдэглэхээр бэлтгэж байгаа мэдээлэл бий. Харин манай улс нам гүм байна. Энэ тал дээр Д.Жамъян гуайн бодлыг хуваалцахад Хубилай хааны түүхэнд гүйцэтгэсэн гайхамшигт үйлсийг нэлээд ярив. Ингэхдээ “Би бол яагаад ч зүгээр байдаггүй хүн шүү дээ, тэрийгээ ч өөрөө ойлгодоггүй юм” гээд гялгар уутнаас тамга гаргаж ирэв. “Хубилай хаан 800 жил үндэсний хороо” ТББ байгуулсан тамгаа үзүүллээ. Тэрбээр “Солонгосуудманай хаант улсыг үндэслэж байгуулсан гэж үзэж байна, оросууд Бат хааны дараа түүний байгуулсан Алтан ордон улсыг Хубилай бэхжүүлсэн гэж үзэж байна, Хятад бол энэ агуу их гүрнийг үүсгэн байгуулсан гэж үзэж байна. Цаашлаад Америк, Италид тэмдэглэж байна, Марка Поло баруунд цацсан. Монгол ийм том агуу хаантай байж нам жим байж болохгүй” гэж Д.Жамъян гуай толгой сэгсэрч байлаа.

Бүхий л зохиолоо туурвисан түүний хүрэн бор ширээн дээр нэгэн шинэ зохиол мэндэлж байлаа. Тэр бол 2009 оноос хойш бичиж байгаа нэн шинэ цагийн “Сарны шувуу” роман. Бичгийн цаасан дээр цэнхэр бэхээр жирийлгэжээ. Бичгийн хэв нь тун гаргацтай, эмх цэгцтэй гээч. Тэрбээр гараараа бичсэн зохиолынхоо эхийг нэг ч засдаггүй байна. Гурван удаа гараараа бичиж байж санаа нь амардаг ажээ.

Д.Жамъян гуай үеийнх­нийхээ дэргэд бас л цоглог стильтэй хүн шүү. Урт үстэй, этгээд чөлөөт хувцаслана. Залуудаа тун ч дэгжин эр байсан гэлцэх юм билээ. Энэ нь ч түүний ярианаас анзаарагдав. Мань эр “Уран бүтээлч хүн өөрөө ариун байвал тунгалаг бүтээл туурвина. Би нэг хувцсыг долоо хоногт нэг л өмсдөг. Би хувцсаа өдөр өдрөөр нь өмсвөл сар гаруй өмсчихнө” гэв. Тэрбээр “Dior”-ийн сүрчиг түрхдэг тухайгаа ч нуугаагүй юм. Харин гэзэгний тухайд ярихдаа “Би аль эртнээс үсээ ургуулж эхэлсэн. Ширүүн үстэй болохоор ингээд ургуулаад боочихоор амар юм. Миний ээж 80 хүрэхдээ борвио хүрсэн гэзэгтэй байж билээ. Би ч бас тэгэх байх” гээд инээлээ. Түүний шавийн талаар сонирхоход “Дэлхийн сонгодгийн хэмжээнд бичиж байгаа Б.Ойдов байна, орчуулагч Ж.Нэргүй байна. Харин зохиолчдоос Аюурзанын номыг их уншдаг, нэг л өөр өгүүлэмж, дүрслэлтэй” гэж байв. Ийн бид ярилцаж суутал түүний гар утас дуугарав. Гэрийн эзэгтэй залгаж байгаа бололтой. “За, за. Тэгье хөгшөөн” гээд ярьж дуусангуутаа “Манай хүн эмнэлэг дээрээ ажилчдынхаа цалинг тавих гээд цаганд шахагдаад сууж байна гэнэ. Нэлээд оройтож ирэх бололтой. Хэдүүлээ манай эмнэлэг рүү явъя” гэв. Тэдний хувийн эмнэлэг Цэргийн госпиталийн яг дэргэд нь байрладаг юм билээ.

ГЭР БҮЛЭЭРЭЭ ШҮДНИЙ ЭМЧТЭЙ ЗОХИОЛЧ

Эмнэлэг рүү ортол Н.Лхагва эгч урдаа тооны машин тавьчихсан тоо бодоод сууж байв. Хамаг хөлс нь цутгачихсан, “Өнөөдрийн ажил барагддаггүй. Цалингаа хугацаандаа тавихгүй бол болохгүй. Тэгээд семинарт сууж байгаад шууд ажил дээрээ ирчихлээ” гэв. Тэрбээр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат ажээ. Тиймээс нутгийнхаа шүтээн болсон хайрхан, “Их зайсан уул” гэж эмнэлгээ нэрлэжээ. Түүний ширээн дээр нуруулдаж үдсэн “Өдрийн сонин” нүдэнд туслаа. “Манайх ганцхан “Өдрийн сонинг захиалдаг юм. Өвчтөнүүд болон ажилчдадаа шинэ соргог мэдээ, мэдээллээр дүүрэн энэ сонинг уншуулдаг юм. Нэг гэм нь хүмүүс авчих гээд байдаг болохоор ингээд үдчихдэг юм” гэх нь тэр.н.Лхагва гуай шүдний эмч мэргэжилтэй. Цэргийн госпитальд хамаг залуу халуун насаа зориулж хөдөлмөрлөснийхөө үр шимийг одоо хүртэж байгаа буянтан. Тэрбээр хөдөлмөрч, дайчин нэгэн болох нь өнөөдөр хувийн эмнэлэг байгуулж, өдий зэрэгт нь хүргэснээс тод харагдана. Эдний эмнэлэг өнөөдөр 37 ажилтантай бөгөөд, хоёр ч удаа магадлан итгэмжлэгджээ. Мөн тэрбээр Монголынхоо шүдний өвчлөлд санаа зовниж, Японоос орчин үеийн техник, технологиудыг анх удаагаа оруулж ирэхээр зэхэж байгаа гэсэн. “Хэдийгээр хувийн эмнэлэг ч гэсэн юм бүхнийг зоосны нүхээр харахыг хүсдэггүй” гэж хэлсэн нь н.Лхагва гуайн философи. Ер нь эдний эмнэлэг амьд­ралын боломж тааруу хүмүү­сийг үнэ төлбөргүй эмчилдэг байна. Мөн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө шинэ технологийг Монголдоо нутаг­шуулахаар зорьж ажиллаж байгаа гэсэн шүү.

Д.Жамъян, н.Лхагва гуайн хүү, охин хоёр мөн л шүдний эмч гэсэн. Хүргэн, бэрүүд нь ч ялгаагүй шүдний эмч гэсэн. Зүгээр ч үгүй бүгд гадаадад мэргэжил эзэмшжээ. Ингээд энэ гэр бүлийн зургаан том хүний тав нь эмч, нэг нь зохиолч болохоор гэр бүлээрээ уулзахаар олонхийн мэргэжил давамгайлдаг байна. Эрхэм зохиолч аль болох тэдний яриаг түүх рүү чиглүүлэхийг хичээдэг аж. Дээрээс нь Д.Жамъян гуайн дүү нар болон Н.Лхагва гуайн хамаатнууд дунд эмч нар олон бий. Ямар сайндаа тэд нутагтаа гэр бүлээрээ очиж л дээ. Тэгсэн нутаг усаар нь нэг Дамдин жолоочийн таван хүү ирээд явжээ. Нэг онцлог нь долоон эмч байна гэсэн яриа гарсан байжээ.

Сонирхуулахад, Д.Жамъян зохиолч гэргийнхээ хамт 1986 онд Германд очоод нэг зочид буудалд буухдаа их зохиолч Д.Нацагдорж 1929 онд байрлаж байсан өрөөнд гурав хонож байжээ. Тэр өрөөнд их зохиолч маань буудаллаж байсныг хоёр хоногийн дараа орчуулагчаасаа мэдэж байсан гэнэ. Тэдний өрөөнд нэгэн пайз хадчихсан байсан дээр энэ тухай бичсэн байжээ. “Би Д.Нацагдоржийн нэрэмжитшагнал аваад зогсч байхдаа тэр өрөөнд хоносных гэж бэлгэшээдэг байлаа” гэж Д.Жамъян зохиолч өгүүлж байлаа. Түүний том ач охин зохиол бичдэг авьяасыг нь өвлөх тун их магадлалтай харагдаад байгаа аж. Д.Жамъян гуай найман настайгаасаа шүлэг бичиж байжээ. Тэрбээр анх “Түмэн олны хөгжил Түүдэг галаас түргэн, Төрүүлж өсгөсөн Чойбалсан” гэж бичиж байсан гэнэ.Төрийн шагалт, Т.Норов гуайн хамт хадан дээр суугаад иймэрхүү шүлэг, зохиол их бичдэг байжээ. Харин, түүний ач охин эссэ бичлэгийн уралдаанд сургуульдаа түрүүлж, шүлэг зохиодог авьяаслаг болохыг өвөө, эмээ хоёр нь бахархан ярив.

ТӨӨРӨЛДСӨН ХУВЬ ТАВИЛАНГААР УЧИРСАН ЗАЯАНЫ ХАНЬ

Д.Жамъян, н.Лхагва нарын анх учирсан түүхийг сонсоход ёстой л хувь тавилангаар учирсан хосууд гэмээр. Тэдний сонирхолтой түүхийг өгүүлье. н.Лхагва гуай эцэг эхээс зургуулаа. Аав нь насаараа жолооч хийж байсан хүн. Цэцэг сумын анхны багийг үүсгэн байгуулж байсан мундаг, дайчин хүн байжээ. н.Лхагва гуай аавынхаа энэ чанарыг дуурайсан бололтой. Тэрбээр ханьтайгаа анх есдүгээр ангид байхдаа учирчээ. Тэр үед Д.Жамъян гуай Цэцэг суманд цэргийн алба хааж байсан гэнэ. н.Лхагва гуайн том эгч Говь-Алтай аймагт Анагаахын дундад сурч байж л дээ. Тэгэхдээ Д.Жамъян гуайн хамаатны өнөөх Т.Норовтой хамт нэг ангид сурч байсан гэнэ. Ингээд тэд Баян-Өлгий аймаг руу дадлагаар явах замд эгч нь Ховдын Цэцэг суман дахь гэрээрээ дайрчээ. Тэгэхэд цэрэгт байсан Д.Жамъян байдаг Т.Норовтойгоо уулзахаар чөлөө өвөртлөн иржээ. Энэ үед тэрбээр анх н.Лхагваагаа олж харжээ. Тэд нууцаар ихэд захиа бичилцэж, учир ургуулсан байна. Д.Жамъян гуайн зурсан зураг, захиа зэрэг одоо ч тэдэнд хадгалаастай байна лээ. Тэдний хамгийн хөгтэй явдал нь конкурсны шалгалт дээр паакталж, бүдэрсэн явдал. н.Лхагва охин аравдугаар ангиа алтан медальтай төгсөөд Орос руу явж сурах эрхтэй болжээ. Гэтэл ээж, аав хоёр нь “Эгчийн чинь бие муу байхад гадаад яваад хэрэггүй” гэж хорьжээ. Ингээд Багшийн дээд сургуулийн Түүх, газар зүйн ангид суралцахаар болсон байна. Тухайн үед алтан медальтай төгссөн болохоор зөвхөн зохион бичлэг бичих даалгавар өгчээ. Ингээд сэдвүүдээ авьяаслаг цэрэг залуу болох Д.Жамъяндаа өгч бичүүлжээ. Мань эр ч ганцхан шөнийн дотор 30 гаруй сэдвийг бүгдийг нь бичсэн байна. Харин гэнэн н.Лхагва охин шалгалтад орохдоо хайртынхаа бичиж өгсөн сэдвүүдээс нэгийг нь сугалж аваад өгчихөж л дээ. Тэгтэл юун сургаал авах манатай, хөөгдөөд гарчээ. За тэгээд тэдний зарга дуусаагүй, Д.Жамъянг дотоод хяналтын хороо дуудаж, байцааж гэнэ. Шалгалтын комисс л мэддэг нууц материалыг задруулсан гээд л баахан шалгаахад нь мань эр юу ч дуугараагүй байна. Ингээд сургуульгүй хоцорсон охиноо аав нь дагуулаад Улаанбаатарт иржээ. Ардын Их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готов гэж хүн дээр дагуулаад орж, охиндоо тохиолдсон бүх явдлаа нэг нэгдгүй ярьжээ. Баяртай мэдээ сонсох нь тэр. “Дуртай дээд сургуулиа ав” гэж Их хурлын нарийн бичгийн дарга хэлжээ. Тэр хооронд Д.Жамъян нь офицерын курст ирчихсэн байжээ. Ингээд найз бүсгүйнх нь ээж, аав хоёр түүнийг үзэхгүй байгаа гэж жигтэйхэн. Охиных нь амьдралыг балласан гээд холдуулжээ. Харин н.Лхагва эгч гурван жилийн дараа түүнийг хайсаар байгаад Зүүнбаян дахь цэргийн ангид байхад нь олж очжээ. За тэгээд, тэд хүүхэдтэй болжээ. н.Лагва том хүүгээ төрүүлчихээд эмнэлгээс гарахад нь эцэг нь хэн болохыг гэрийнхнээсээ тас нуучихсан байжээ. Аав, ээж нь шалаад байхаар нь арга ядаад хэлэхээс өөр аргагүй болж “Өнөөх домогт Жамъян” гэж хэлж байжээ.

Тэд үнэхээр хувь тавилан­гаар учирсан заяаны хосууд. Хүний амьдрал, жаргал зовлон ээлжилдэг болохоор том хүүгээ харамсалтайгаар хүний нутагт алдаж, маш их шаналалд автсан ч хөл дээрээ эргэн зогсч чаджээ. Ийм тэнхээ эр хүнээс биш, гэргийгээс нь гарч байсныг Д.Жамъян гуай өгүүлж байв. Тэрбээр хүүгээ Оросын мафиудын гарт алдчихаад цөхөртлөө явсан боловч төр засаг огт анхаараагүйд одоо хэр нь гомдож явдаг юм билээ. Арга ядаад гадаадад цагаачлахаар шийдсэн байхад нь Нямгаваа найруулагч ухааруулж, эх орон руу нь урвуулж чаджээ. Хамгийн гол нь сэтгэлийн хат, амьдралын ухаантай гэргийнхээ хатуужлаар хөл дээрээ зогсч чаджээ. Мөн түүнд бурханы сургаал маш их хүч хайрлаж, сэтгэл зүйн эмч болж чадсан байна. Одоо энэ хоёр хөгшин хүү, охин хоёртой, гурван ач, зээтэй өнөр бүл болсон. Тэднийхээ төлөө хийж, бүтээх үйлс арвин байгаа гэсэн. Уйгагүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж, эрүүл энхийг эрхэмлэгч сэхээтэн гэр бүлд өнжсөн тэмдэглэлийг ийн хүргэлээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *