Categories
мэдээ цаг-үе

Монголыг дэлхийд алдаршуулж яваа Б.Сэр-Од

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Монголын тамирчдаас олимпийн эрхээ саяхан авсан. Тэрээр Германы Гамбург хотноо зохион байгуулагдсан 30 дахь удаагийн марафон гүйлтэд оролцож 40 километр замыг хоёр цаг, 10 минут, 15 секундэд туулан 20.000 оролцогчоос зургадугаар байрт шалгарсан юм. Энэхүү амжилтаараа 2016 оны Риогийн зуны олимпийн их наадамд оролцох болзлоо хангасан билээ. Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од ийнхүү хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн хамтаар Монголын тамирчдаас одоогоор олимпийн эрхээ аваад байна.

Б.Сэр-Од гавьяатын хувьд 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлж оролцохдоо медальт байрт шалгараагүй ч “Чингэсийн Монгол” хэмээн дэлхий дахинд шуугиулсныг бид мэднэ. Улсынхаа рекордыг арав гаруй удаа шинэчлэн тогтоогоод байгаа. Одоогоор үзүүлсэн түүний хамгийн дээд амжилт 42 километр замыг хоёр цаг 11 минут, 05 секундэд туулсан нь бичигдээд байна. Японы Оитад болсон тэмцээний үеэр гавьяат маань уг амжилтыг үзүүлсэн юм. Ийнхүү 42 километр замыг 2 цаг, 11 минут, 05 секунд туулж буй Сэр-Од дэлхийд гайхагдаж байна. Азидаа хамгийн нэртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж, Япон тэргүүтэй олон орон түүнийг өөрийн харьяалалдаа авах гэж, иргэнээ болгох гэж зүтгэцгээж байдаг юм.

Мөн тэрээр өнгөрөгч жил Инчёны Азийн наадмын марафон гүйлтийн төрөлд дөрөвдүгээр байрын шагнал хүртэж Ази тивийн олимп болох уг наадмын марафон гүйлтийн 40 километр замд ганцаараа тэргүүлж, үндсэндээ 40 километр замын турш Монголынхоо нэрийг олон улсад дуудуулж байсан. Тэгэхэд манай сонин түүний “Сумынхаа нэрийг дуудуулсан бөхчүүдийг байр машинаар буллаа, Монголоо дэлхийд цуурайтуулсан Сэр-Одод юу өгсөн бэ” гэх нийтлэл бичиж байв.

Сэр-Од бол үнэхээр Монголоо дэлхийд сурталчилж яваа тамирчин юм. Тэр дахиад л хүн төрөлхтөнд эх орныхоо нэрийг мандуулахаар олимпийн их наадмын эрхээ авлаа.

Чамархайныхаа судсыг гүрийтэл монгол хүний зориг тэвчээрийг үзүүлж, эх орныхоо нэрийг мандуулж яваа Сэр-Од Хонгконгт болсон Азийн 14 дэх удаагийн марафон гүйлтэд 42 километр замыг хоёр цаг 17 минут, 47 секундэд туулж аварга болж байсан түүхтэй. Монголын хөнгөн атлетикийн спортын түүхэнд анх удаа Ази тивийн аварга болсон тамирчин нь Сэр-Од л доо. Мөн тэрээр хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон анхны тамирчин гэдгээрээ түүхэн амжилтын эзэн.

Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа манай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр би өөрийн гэсэн гэр оронгүй л явж байна. Гадаадад тэмцээн уралдаанаар явах, бэлтгэл хийхэд мөнгө төгрөг их хэрэгтэй болдог. Би одоогоор хадам ээжийнхээ хажуу өрөөнд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа шүү дээ. Уул нь Говь-Алтай хүн л дээ. Гэвч нутаг нугынхнаас намайг дэмждэг хүн байхгүй” гэж хэлсэн байдаг. Энэ бол гарцаагүй үнэн юм. Түүнд бид үнэхээр дэмжлэг үзүүлээгүй. Тэр өөрөө л чардайж зүтгэсээр ирсэн.

Ямар сайндаа дасгалжуулагчдаа өгөх мөнгөгүй учир эхнэрээ хөнгөн атлетикийн дасгалжуулагч болгосон байдаг. Гадагшаа тэмцээн уралдаанд ганцаараа явна. Зардал мөнгө нь тэгж таардаг байсан биз. Ийм л зовлон бэрхшээлийг тэр туулж ирсэн. Аргагүйн эрхэнд Японы NTN компанид ажилд орж, тус компанийн нэрийн өмнөөс уралдах болсноо Японд болсон олон улсын марафон гүйлтийн үеэр хэвлэлийнхэнд мэдэгдсэн байдаг. Олон улсын наадамд түүнийг оролцоход “Японд амьдарч бэлтгэлээ хийж байгаа Монголын тамирчин” гэж албан ёсоор зарлах болсон байна лээ.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *